Сонгодог бүжгийн олон улсын уралдаанд 7 орны 80 гаруй бүжигчин ур чадвараа сорино

Twitter Print
2018 оны 05-р сар 30-нд 16:08 цагт
Мэдээний зураг,

БСШУСЯ-ны ивээл дор “Монголын балетын хөгжил сан” санаачлан УДБЭТ-тай хамтран Нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгээр Монгол Улсад анх удаа сонгодог бүжгийн олон улсын тэмцээнийг зохион байгуулж байна.

Энэхүү тэмцээн нь балетын урлагаар хичээллэж буй хүүхэд багачууд, мэргэжлийн бүжигчид өөрийн ур чадварыг дүгнэх, харьцуулах, багш, дасгалжуулагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, эрүүл өрсөлдөөн бий болох зэрэг хувь хүн, мэргэжилтэнд чиглэсэн давуу талтай. Тэмцээний нэр хүнд, чанар, оролцогчдын тоо нэмэгдэхийн хэрээр аялал жуулчлалд тодорхой хугацааны дараа нөлөөлөх боломжтой хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

“Монголын Балетын хөгжил сан”-гийн тэргүүн, Соёлын элч,  МУГЖ Д.Алтанхуяг хэлэхдээ, “Балетын уралдаан гэдэг цогц сургалт, өсөлт дэвшил байдаг билээ. Дэлхийн 7 орны шилдэг бүжигчид, авьяаслаг хүүхдүүд Улаанбаатар хотноо мэргэжлийн ур чадвараа сорьж байгаа нь манай улсын бүжигчид болон сонгодог бүжгээр хичээллэгчид туршлага солилцох бүрэн боломжтой юм. Мөн эцэг эхчүүд болон оролцогчдын хувьд дэлхийн томоохон балетын компанид ур чадвараа таниулах, цаашид хамтран ажиллах эрхийг авах зэрэг ач холбогдолтой” гэдгийг тодотгов.

Тус тэмцээнд нийт 7 улсын 10 хотын 80 гаруй хүүхэд, залуус насны гурван ангилал, модерн, сонгодог төрөлд ур чадвараа сорино. Тэмцээнийг олон улсад нэр хүндтэй Хятад, ОХУ, Япон, Солонгос, Казахстан, Сингапур, Герман улсын шүүгчид шүүх бөгөөд ерөнхий шүүгчээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Б.Жамъяндагва ажиллана.

ХБНГУ-ын “Steats Ballett Berlin” компанийн гоцлол бүжигчин, шүүгч Надя Саидакова хэлэхдээ, “Анх удаа Монголд ирж “Монголын Үндэсний балет” II уралдааны шүүгчээр ажиллаж байна.

Дэлхийн олон улс оронд шүүгчээр уригдан ажиллаж байлаа. Монголын хүүхдүүд маш олноороо сонгодог бүжгээр хичээллэж байгааг хараад бахархах сэтгэл төрлөө. Тэмцээн уралдаанаас гадна хүүхдэд насны онцлогт нь таарсан хэмнэл, хөгжим гэж юу вэ гэдгийг таниулах, тэдэнд мэргэжилтнүүдийн нарийн техникийг эзэмшүүлэх мэргэшсэн сургалт шаардлагатай гэж харлаа. Хэрвээ ингэж нарийвчилсан сургалт явуулбал хүүхдүүдийн ур чадвар илүү сайжирна” хэмээв.

Олон улсын тэмцээнийг цаашид Монгол Улсад хоёр жил тутамд зохион байгуулах юм. Энэ жилийн анхдугаар тэмцээний Гранпри шагналын эзэн 4250 ам.доллар, алтан медалийн эзэн, удаах байр нь  1500 ам.доллар, мөнгөн медаль, гутгаар байр нь 1000 ам.доллар, хүрэл медаль, шагналт байр 800 ам.долларын шагналыг тус тус хүртэнэ. Мөн шилдгээр тодорсон бүжигчид ирэх сарын сүүлээр БНСУ-д,

Наймдугаар дугаар сард БНХАУ-ын Шанхай хотод болох  сонгодог бүжгийн олон улсын тэмцээнд оролцох боломжтой. Тус тэмцээний шагнал гардуулах Гала тоглолт ирэх сарын 01-нд УДБЭТ-ын тайзнаа болно.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Эх сурвалж: Монцамэ агентлаг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.