Явганаар аялахад юуг анхаарах вэ

Twitter Print
2018 оны 05-р сар 29-нд 14:38 цагт
Мэдээний зураг,

Явган аялал нь заавал мэргэжлийн аялагч юмуу эсвэл тамирчин гэхгүй байгальд хайртай, байгалийн сайханд чөлөөтэй хөдөлж, явган аялах дуртай хэн болгонд зориулагдсан аялалын нэг төрөл билээ.

Явган аялалаар аялж буй аялагч нь нэг дор үзэж, сонсч, харж, мэдэрч, үнэрлэж чаддагаараа бусад аялалын төрлүүдээс хамгийн идэвхитэй аялалд тооцогддог. Байгалийн сайханд явганаар аялах нь биеийн тамир хийгээд зогсохгүй бясалгал болдог гэж үздэг.

Аялагч аялж явах байх үедээ өөрийн алхаа гишгээг сайтар ажиглан харж, өөрийнхөө анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлж чаддаг. Тиймээс өдөр тутмын ажлын стресс, хотын дуу чимээ, олон цагаар компьютерийн ард суухаас түр ч болов холдож явган аялах нь хамгийн сайхан амралт болно.

Үүргэвчинд байвал зохих зүйлүүд /аль болох хөнгөн үүргэвч сонгох /

• Уух шингэн зүйлс /багадаа 1.5 литр/
• Өдрийн хоол, хөнгөн зууш
• Эмийн сан
• Хувийн хэрэглээний нар, салхины тос
• Солих цамц, футволка, оймс
• Дулаан, хөнгөн куртка
• Зургийн аппарат, камер

• Явган явж эхлэхдээ удаан, яаралгүй эхлэх хэрэгтэй. Эхний 15-25 мин удаан явж, цусны эргэлтийг аажмаар дасгах нь цаашид нэгэн хэмд явах эхлэл болно.

• Явж байхдаа зураг авч болохгүй. Хүн авч буй зургандаа анхаарал төвлөрүүлсэн байдаг болохоор ямар нэгэн зүйлд тээглэн унах магадлал өндөр. Унасан тохиолдолд өөрийгөө биш зургийн аппарат, камераа эвдрэхээс хамгаалж унадаг. Иймд зогсч байгаад зургаа аван, цааш явах хэрэгтэй.

• Хэрэв явж байхдаа гулган унах тохиолдолд өвдгөн дээрээ өвдөглөх, тохойгоороо тулж унах нь чухал. Энэ нь биеийн хүндийг саармагжуулж, тэнцвэр алдагдахаас сэргийлнэ.

• Уулын өөд явж байхдаа өвдгөө гүйцэд тэнийлгэж болохгүй. Байнга хагас хөнгөн нугалсан хэлбэрээр том, хол алхахгүй явах хэрэгтэй. Аль болох гуяны бүдүүн булчинд ачаалал бага өгөх буюу шилбэний булчин болон гуяны арын булчинд ачаалал өгөх маягтай алхана. Гуяны булчин нь хүчтэй боловч амархан цуцдаг бас амархан бүдүүрч хөгждөг юм. Тиймээс аль болох зөв алхаж сурах хэрэгтэй.

• Тулгуур таягийг хэрэглэснээр өвдөгөнд төвлөрөх жинг багасгадаг ба биеийн жингийн 30%-ийг өөр дээрээ авдаг. Гэхдээ 1 биш 2 таяг хэрэглэнэ.

• Шингэн зүйл уух. Аялалын ачаалал, хугацаа, цаг агаараас хамаарч биеийн шингэн алдагддаг тул ус хангалттай авч явах хэрэгтэй. Цангахыг хүлээлгүй тогтмол бага багаар шингэн ууж явах хэрэгтэй.

• Явган аялалын үед согтууруулах ундаа огт хэрэглэж болохгүй.

• Нарнаас хамгаалж байнга малгай өмсөх, алчуур, баф зүүх шаардлагатай. Аялалын үед нарших тохиолдол байдаг тул үүнээс болж бие тавгүйтэх, дотор муухай оргих, бөөлжих зэрэг шинж илэрдэг тул урьдчилан хамгаалах нь чухал.

• Шагайгаар татсан хагас түрийтэй гутал, нам өсгийтэй, уужуу гутал сонговол хөл холгохгүй. Өмсөж байсан хуучин гутал өмсөх хөлд илүү амар тохиромжтой байдаг. Гол нь гутал арзгар ултай, хөнгөн байх ч ёстой. Харин өмсөөд удаагүй, эсвэл шинэ гутал байгаа бол хөлдөө дасгаж байж өмсөх хэрэгтэй. Болж өгвөл зориулалтын Hiking, trekking гутал сонговол илүү тохиромжтой байх болно.

• Уулын орой дээр салхитай сэрүүн байдаг бөгөөд аялагч хөлөрч, норох тохиолдол байдаг тул солих цамц, футволка авч яваарай. Мөн дулаан, хөнгөн куртик авч явах шаардлагатай. Богино өмд буюу шорт өмсөхгүй, биед чөлөөтэй өмд өмсөнө.

• Аялалын жижиг аптектэй байх шаардлагатай. Үүнд: хурууны лент, толгой, гэдэсний болон өвчин намдаах эм, бусад шаардлагатай эм г.м зүйлс байна.

• Бүсгүйчүүдэд өөрийн биеийн онцлогоос шалтгаалж нар, салхины тос зэрэг зүйлс авч явахыг зөвлөе.

• Явган алхалт нь хэдий аялал, амралтын хэв шинжтэй ч алхагч нарыг нарийн дэг журамтай байхыг шаарддаг. Иймд аливаа алхалт, аялалын турш гишүүд, дэмжигчид, шинээр алхагч нар удирдагчийн заавар, шаардлагыг дагаж, сахих естой. Явган аялалын үед тарж бутран явахгүй, зөвхөн тэмдэглээгээ бүхий жимээр цуваагаар явна. Энэ нь олон салаа зам гаргахгүй, байгалиа хайрлах, хамгаалах мөн төөрч салахгүй байх зорилготой.

• Хавар намрын хуурайшилт ихтэй улиралд аялалын явцад ил гал гаргах, тамхи татахыг хатуу хориглох бөгөөд зайлшгүй тохиолдолд гал гаргасан бол сайтар унтрааж шалгаж нягтлана.

• Аялагч нар аливаа хол болон ойрын, энгийн зэрэг алхалтанд өөрсдийн идэх хоол, хөнгөн зууш, уух зүйлсийг бэлтгэж явна..

• Уулан дээр үдлэх болон аялалын явцад хог тарихгүй байх ёстой. Хогоо гялгар уутанд хийж цүнхлээд бууж ирсэн хойноо зориулалтын хогийн саванд хийх ёстой.

• Тухайн аялал, алхалтын өдрийн дулаан-хүйтэний хэм, бороо-цастай эсэх, нартай-үүлэрхэг байх, салхитай зэрэг цаг агаарын урьдчилсан мэдээг харж, тухайн өдрийн цаг агаарт тохируулж хувцсаа өмсөөрэй.

Аялалын явцад санамсар болгоомжгүй байдлаас унаж бэртэх тохиолдол байдаг энэ нь хувь хүний өөрийх нь хариуцлага байдаг тул анхаарал болгоомжтой явах хэрэгтэй.

Эх сурвалж: Resort World Terelj Hotel

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.