Алтан-Овооны Их тахилга болно

Twitter Print
2018 оны 07-р сар 06-нд 15:14 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тахилгат Алтан-Овооны их тахилга энэ оны 7 дугаар сарын 27-29-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болно.

Алтан-Овоог 4 жилд нэг удаа тахьдаг байсан бөгөөд 2012 онд  Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлиг гарч 5 жилд нэг удаа тахих болсон юм. Энэ удаагийн тахилга YIII Богд гэгээн Живзундамба хутагтын зарлигаар Алтан-Овоог анх тахисны 105 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Одоогийн байдлаар Сүхбаатар аймаг, Дарьганга сумын ИТХ-аас томилсон ажлын хэсэг тахилгын ёслолын бэлтгэл ажлыг хангаж байна.

Алтан Овоо нь Дарьганга сумын төвийн дэргэд оршдог, 1354 м өндөр, унтарсан галт уул юм. Дарь-Овоо, Алтан Дарь Овоо гэж бас нэрлэдэг овооны амсар нь баруун хойшоо сэтэрч урссан бөгөөд хүрмэн чулуу ихтэй. Дарьганга сум нь тал хээрийн бүст орших тул Алтан овоо нь аль ч талаасаа 60 км зайд бараа нь дүнхийн харагддаг. Энэхүү хайрхан нь Сүхбаатар аймгийн төдийгүй Монголчуудын шүтээн билээ. XYII зууны үеэс нутгийн зон олон тахиж ирсэн түүхтэй. 1913 оноос төрийн их тахилгатай болгосон байдаг. Социализмын үед овоог тахих зан үйл тасалдаж байгаад 1990-ээд оноос дахин сэргээсэн байна. 

2004 оноос эхлэн төрийн тахилгат уул болгосон бөгөөд оройд нь байх Алтан ганжирыг бүрэн алтаджээ. Алтан-Овоонд зөвхөн эрчүүд гарч сүслэн мөргөж, идээний дээжээ өргөн, арц хүжээр аравнайлдаг. Тахилгат ууланд эмэгтэй хүн гардаггүй бөгөөд харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээрээс сүү цайныхаа дээжийг сүслэн өргөдөг уламжлалтай.

Алтан-Овооны сорогшин модыг Отгонтэнгэр уулнаас залсан бөгөөд гол мод буюу амь модыг сорогшин хэмээдэг аж. Энэ модыг авахдаа газар дэлхийн лус савдагт тахил балин идээ цайныхаа дээжийг өргөж сан тавьдаг.

Сорогшин хэмээх мод нь мөнхийн ногоон, үр жимстэй байх бөгөөд тэрхүү сорогшинг газар хүргэлгүй залж аваачсан тэр өдрөөс хойш 300 жил өнгөрчээ.

Холбоотой мэдээлэл:

Монгол улсын төрийн тахилгат 10 хайрхан - http://mongolcom.mn/read/35325 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.