Хахууль авсан Автотээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаярыг 6.5 сая төгрөгөөр, хахууль өгсөн хуулийн этгээдийг 120 сая төгрөгөөр торгожээ

Twitter Print
2018 оны 05-р сар 25-нд 15:41 цагт
Мэдээний зураг,

Авлигатай тэмцэх газрын сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр болов. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар оролцож, 2018 оны 5 дугаар сард хийсэн үйл ажиллагааны талаар мэдээллээ.

358 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав

АТГ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх зүйлийн 2 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу харъяаллын гэмт хэргүүдийг шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэд, байгууллагаас авлигын холбогдолтой гомдол, мэдээллийг хүлээн авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж ажиллалаа.

2018 оны 5 дугаар сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 85 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 27 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 7 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгасан.

Энэ сард Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас шалгуулахаар харъяалал тогтоосон нийт 358 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 26 хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Одоо 318 эрүүгийн хэрэг мөрдөн шалгаж байна.

Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • Төрийн өмчийн хороо нь “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах тухай тогтоолыг гаргахдаа ямар ч үнийн судалгаа хийлгүйгээр төрийн өмчит компанийг хэт хямд үнээр зарсан байж болзошгүй үйлдэлд,

  • Авто тээврийн үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж МБА-наас шилжилт хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон байхад тээврийг хууль бусаар шилжүүлж улсын дугаар олгосон үйлдэлд,

  • Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын эрх бүхий албан тушаалтан нь сүүлийн 1-2 жилийн өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр ажилласан мэтээр цалин бодсон, түүнчлэн ажиллаагүй алба хаагчдыг ажилласан мэтээр цалин нэмэгдэл бодож хувьдаа завшиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан байж болох үйлдэлд,

  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны захирагчийн ажлын албаны эрх бүхий албан тушаалтнууд нь 2016 онд Дундбаяны голын 10 тонн даацтай гүүрийн засварын ажлын тендер сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд,

  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эрх бүхий албан тушаалтнууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдлыг бий болгосон гэх үйлдэлд,

  • Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сэврэй сумын нутагт газрын хэвлийг хууль бусаар ухаж алт олборлосон талаарх мэдээлэл өгсөн иргэнд олгосон урамшууллын мөнгөнөөс 6.4 сая төгрөгийг бусдаар дамжуулан авч өөртөө давуу байдал бий болгосон, мөн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хууль бусаар хийж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй зэрэг гэмт хэргийн шинжтэй мэдээллийг иргэн, байгууллагаас хүлээн авч илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байна. 

Шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • ДЦС-4 ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтнууд нь тээрмэрийн салхилуурын сэлбэг нийлүүлэх тендерт өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийг шалгаруулсан, түүнчлэн тендерт шалгарсан хуулийн этгээдийн төлөөллөөс 100 сая төгрөгийн хахууль авсан, мөн өөрийн хамаарал бүхий компанид давуу эрх олгож тендер сонгон шалгаруулалтад нөлөөлж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн.

  • БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д нь А-аас бусдаар зуучлуулан 150 сая төгрөгийг хээл хахуульд авч самрын яс экспортлох зөвшөөрлийг олгосон үйлдлийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.

  • Багануур ХК-ийн охин компани болох "Багануур илч" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Батболд нь компанийн хөрөнгийг хувьдаа завшиж, тус компанийг санхүүгийн хүнд байдалд оруулсан асуудлыг шалгуулахаар Прокурорын байгууллагад санал хүргүүллээ.

  • Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э нь өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр "River garden" цогцолбор хотхоноос 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авсан боловч энэ тухайгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 7 дахь удаагаа шилжүүлээд байна.

  • Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Б нь 2016 онд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэв.

Шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргийн мэдээлэл:

  • Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохын тулд аж нэгж, хуулийн этгээдээс 57.5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хахууль авсан Д.Батбаярт 6.5 сая төгрөгөөр торгуулийн ял оногдуулсан. Хахууль өгсөн хуулийн этгээдийг 120 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна.

  • Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицероор ажиллаж байсан С.Гансүх нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож явсан иргэн С-ээс бусдаар зуучлуулан 200 мянган төгрөгийн хахууль авсан хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх хэлэлцэж 1,6 жилийн хорих ял оногдуулж, тэнсэж шийдвэрлэгдсэн.

  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь 90.7 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт тус газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Д.Батмагнайд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 9.5  сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.

  • Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь албан тушаалын байдлаа ашиглаж 13.4 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Шүүхээс Н.Нарангэрэлийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж, хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэрч Ч.Тавансахъяад Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулсан байна.

​Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуусан асуултад хэрхэн хариулсныг хүргэе. 

Ерөнхий сайд асан С.Баяр хоригдоод 40 гаруй хоног өнгөрч буй. Түүний бие эрс муудаж, хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн тухай бид мэдээлсэн. Мөн өчигдөр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийж, АТГ-ын дага Х.Энхжаргал С.Баярыг дарамталсан, хор өгсөн юм биз гэхчлэнгээр ярьсан нь олны анхаарлыг татаад буй. Энэ бүхэнд АТГ-аас өнөөдөр албан ёсны тайлбар хийж, тус газрын  Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог хариулт өглөө.

-АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баярыг хорих ангиас авчирч, ажиллагаа явуулсан гэх асуудалд тайлбар өгөөч. Ямар асуудал болсон юм бол?

-Яллагдагчийг прокурорын зөвшөөрлөөр тодорхой хугацаанд түр бичгээр аваад ажиллагаа хийгээд, буцааж хүлээлгэж өгдөг. Энэ ажиллагаа нэр бүхий хүмүүс дээр 1-2 удаа явагдсан. Тавдугаар сарын 3-ны өдөр Ерөнхий сайд асан С.Баярыг 461 дүгээр ангиас түр бичгээр авчирч, өмгөөлөгчийг оролцуулан байцаалт авч, тодорхой ажиллагаанууд хийсэн.  

-Х.Энхжаргал дарга дуудаж уулзсан уу?

-АТГ-ын даргын тухайд авлигын эсрэг тухай хуулийн 23.1.7-д заасны дагуу тухайн газарт шалгагдаж байгаа хэрэгтэй танилцах эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд тус газарт шалгагдаж байгаа хэрэгтэй танилцах, үүрэг чиглэл өгөх, биелэлтэй эргэн танилцдаг. Энэ эрхийнхээ хүрээнд тухайн яллагдагч өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд хүлээж авч уулзах нь ямар нэг хууль зөрчсөн үйлдэл болохгүй.

Олон нийтийн зөвлөлөөс мэдээлсэн шиг хор өгсөн, айлган сүрдүүлж, дарамтлан биеийг нь муудуулсан гэх асуудал болоогүй.

-АТГ-аас хэдэн удаа байцаалт авсан вэ?

-Хэргийн цар хүрээнээс харахад нэлээд цаг хугацаа шаардлагатай. Энэ утгаараа мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Ажлын хэсэг прокурорын хяналтан дор өдөржин шөнөжин цаг сунган ажиллаж байгаа. Цагдан хоригдож байгаа яллагдагч нар прокурорын байгууллагаас мэдээлэл авч байгаа. Хэнээс хэдэн удаа байцаалт авсныг хэлэх боломжгүй. Удаан хугацаагаар залхаан цээрлүүлсэн асуудал байхгүй.

​Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (66.181.181.20) 2018-06-01 10:49
      • 0
      • 0

      ene xulgaich nart ugsun yaliig xaraach manai shuuxiin bj bgaa tsarai

      Хариулах