Дотор муухайртал "Баяр хүргье!", "Мэнд хүргье!" гэж бичих юм...

Twitter Print
2018 оны 08-р сар 23-нд 09:08 цагт
Мэдээний зураг,

Дотор муухайртал "Баяр хүргье!", "Мэнд хүргье!", "Бүгдээрэй, гэр бүлээрэй салхинд гарлаа.", "Би гэртэй ирсэн байна." гэх мэтээр бичих юм аа. Өчнөөн л олон хэллээ. Эгшигт 7 гийгүүлэгч - м,н,г,л,б,в,р гэдгийг бага ангид мэддэг болсон баймаар.... "Г" нь эгшигт 7 гийгүүлэгчийн нэг тул "хүргье" гэж бичих нь буруу, "хүргэе" гэж бичнэ ээ...

"Дорж гуайнх том 5 ханатай гэртэй, дөрвөн жилийн өмнө жижиг 4 ханатай гэртэй байсан" гэх мэтээр бичвэл "гэртэй" гэж бичнэ шүү дээ. Харин "Дорж гуай өнөөдөр гэртээ амарч байгаа" гэвэл "гэртээ" гэж бичнэ шүү дээ...

"Бүгдээрээ", "гэр бүлээрээ" дээр алдаад "бүгдээрэй", "гэр бүлээрэй" гэж андуураад байдгийг ёстой ойлгохгүй юм байна. Ямар чөтгөр нь дотроос нь хатгаад ингэж болхи алдаа гаргаж бичээд байдаг юм бэ, бүү мэд... 

За "сурч", "хүрч", "нисч" гэх мэт үгсийг "сурж", "нисэж" гэж алдаатай бичих бол тоо томшгүй...

Аа тийм, нээрээ бас "хуваарь", "хувиар" дээр алдана аа. "Хичээлийн хуваарь", "Цагийн хуваарь", "Хагас жилийн төлөвлөгөөг далан хувиар давуулан биелүүлэв.", "Халаасны хулгай өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 3,2 хувиар буурав" гээд уг нь ялгаатай...

* * *
Ер нь, их дээд сургуульд элсч, ажилд шинээр орж буй хүмүүсээс зөв бичих дүрмийн болон найруулгын шалгалт авч байвал яасан юм бэ?! 

Монгол хэл шинжлэлийнхэн минь ээ, дэлхийн олон улс оронд яг байгаагаараа хэрэглэгддэг олон улсынх болчихсон үгсийг монголчлох гэж мунгинаж, муйхарлаж байхаар энэ зөв бичих дүрмийн алдаатай тэмц л дээ!

Зарим роман, славян, герман гаралтай үгсийг монголчлох гээд тухайн нэр томъёо нь эх хэлэнд байхгүй болохоор хачин хачин үг зохиогоод, эсвэл монгол хэлэнд сүүлийн 100 жилийн дотор хятад хэлнээс орж ирсэн үгсийг монгол гэж ойлгож, тэдгээрээр орлуулж бичээд, монголчилчихлоо гэж ойлгоод... 

Үнэхээр монгол хэлний үгсийн сан дотор оновчтой үг олдохгүй бол хятад үгээр орлуулах, болхи үг зохиох биш ядахдаа Алтайн бүлгийн түрэг, түнгүс хэлний үгсийн сан дотроос эрэл хайгуул хийвэл зүгээр санагдана. Зарим нэр томъёог бараг тэр чигээр нь хэрэглэсэн нь ч дээр байж магад...

Ганц жишээ татахад, "кофе" гэдэг үг миний хагас дутуу гадарлах цөөн хэдэн гадаад хэлэнд дуудлага бичлэгийн бага зэрэг ялгаатайгаас бус нэг л үгээр бичигддэг. Оросоор "кофе", англиар "coffee", германаар "Kaffee", хятадаар "咖啡" (kāfēi), төвдөөр "ཀོ་ཕི་" (ko-phi буюу "кофи", Амдо буюу бидний сурсан дуудлагаар "гопи")... Харин тэр "боргол" гэсэн үг нэг л толгойд буудаггүй ээ... "боргол", "боровтор"(brownish), "шаргал", "шаравтар" (yellowish) нь завсрын өнгө заасан утгатай тэмдэг нэрс шиг л харагдах юм, уг нь...

У.Эрдэнэтуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Нина

      (202.179.2.202) 2018-08-10 12:10
      • 0
      • 0

      ёстой үнэн. хүмүүсийн алдаатай бичиж байгааг хараад үнэхээр их гайхаж дургүй хүрдэг, яахав дээ хэллэгээрээ л бичээ биз гэж их л дургүйцдэг юм. х үсгийг г үсгээр орлуулдаг болжээ. хэлсэн гэж бичихийг гэлцэн гэж байх юм. арай ингэтлээ дордож болохгүй л байх.

      Хариулах