Б.Шаравын "Эхийн сэтгэл шиг..." шинэ бүтээл өнөө үдэш эгшиглэнэ

Twitter Print
2018 оны 05-р сар 22-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шаравын II симфонийн 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, БСШУСЯ, ДБЭТ, Улсын филармони зэрэг байгууллага хамтран өнөө үдэш ДБЭТ-т зохион байгуулах юм.

Хөгжмийн зохиолч монгол үндэсний уламжлалт уртын дуу, морин хуурын эгшиг зэрэг өв соёлын дээжийг өрнийн сонгодог хөгжмийн зэмсгээс бүрддэг найрал хөгжимд уусган монгол симфони туурвисан нь тэртээ 1988 он юм.

Анхны тоглолт нь Санкт-Петербургийн Д.Шостаковичийн нэрэмжит концертын танхимд тус хотын Филармонийн симфони найрал хөгжим тоглосноор болсон түүхтэй. Өдгөө уг бүтээлийн 30 дахь жилийн ойгоор анд нөхөд нь уран бүтээлч найздаа эрүүл энхийг хүсэн дахин нэг удаа тоглуулах гэж байна. Энэ удаа уг симфонийг Улсын филармонийн симфони найрал хөгжим тоглож, ДБЭТ-ын маэстро УГЗ Н.Туулайхүү удирдах ажээ. 

Хүндэтгэлийн тоглолтын бас нэгэн чухал шигтгээ бүтээл нь хөгжмийн зохиолч Б.Шаравын энэ онд туурвисан “Эхийн сэтгэл шиг...” хэмээх аяз аж. Уран бүтээлч энэхүү бүтээлийнхээ ноотны зүүн дээд өнцөгт “Хайрт хань Дэмбэрэлийн Ганчимэгт зориулав” гэж бичжээ. Морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан уг аязыг Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж анхлан тоглож сонсогчдод хүргэх гэж байна. 

Хөгжмийн зохиолч Б.Шарав удаан хугацааны турш бие чилээрхүү байгаа ч харандаа, цаас нийлүүлэн бичсээр байгаа тухай ойр дотнын хөгжимчид нь хэлж байсан юм. Өвчин шаналалыг сөрөн байж, зовохын цагт эхийн хайраар халамжлан хайрлаж, арчилж тордож буй хайртай гэргийгээ өрөвдөн энэрэх сэтгэлийн өчил нь чухамхүү энэхүү “Эхийн сэтгэл шиг...” бүтээл нь болов уу. Аяз тав орчим минутын, уянгын бүтээл юм байна. 

Р.Оюунжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.