Дээрхийн Гэгээнтэн Далай лам: Эмэгтэйчүүдийн нөхцөл байдал сайжрахгүй бол дэлхийн сайн сайханд хэзээ ч хүрч чадахгүй

Twitter Print
2019 оны 10-р сар 08-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

Энэтхэг, Делид төвтэй эмэгтэйчүүдийг дэмжих, тэдэнд өөрсдийн хүч, давуу талуудыг ойлгуулан мэдрүүлэх зорилготой Залуу хатагтай нарын байгууллагын гишүүдтэй уулзах үеэрээ Далай багш хэрхэн айлдсаныг сонирхуулъя.

“Бид өнөөдөр 21-р зуунд амьдарч байна. Харин 20-р зууныг эргэн харвал хүчирхийлэл, айдас хүйдсээр дүүрэн он жилүүд байжээ. Тиймээс бид энэ зууныг хүчирхийлэл үгүй, хайр энэрэл дүүрэн цаг үе болгох хэрэгтэй. Хайр энэрлийн тухайд ярихад эмэгтэйчүүд бусдын өвчин зовлонд илүү мэдрэг, мэдрэмжтэй ханддагийг шинжлэх ухааны баталгаа харуулж байгаа. Үнэхээр ч хүн төрөлхтний түүхэнд ихэнх баатрууд буюу алуурчид эрэгтэйчүүд байсан бол эмэгтэйчүүд бусдын сайн сайхан байдалд байнга санаа тавьсаар ирсэн билээ.”

“Энэ зуунд бид хайр энэрлийг түгээн дэмжихэд тусгайлан сайтар анхаарал, хүчин зүтгэл гаргах хэрэгтэй бөгөөд эмэгтэйчүүд үүнд манлайлах үүрэгтэй юм. Тэд гэртээ суулгүйгээр боловсролыг дэмжин өөрсдөө боловсрон хөгжих ёстой.”

“Өнөөдөр дэлхийд амьдарч буй 7 тэрбум хүн бүр эхээс төрсөн бөгөөд эхийн бидэнд өгдөг хайр энэрэл биднийг үхэн үхтэл халуун дулаанаар хамт оршдог бол ээж нь орхисон, эсвэл нялх байхад нь таалал төгссөн хүмүүсийн хувьд энэ нөхцөл бүхий л амьдралынх нь туршид сөрөг, эмзэг байдлаар нөлөөлдөг”

“Миний ээж ихэд зөөлөн дулаан сэтгэлтэй хүн байсан. Тухайн үед би айлын хамгийн бага нь байсан тул надад онцгойлон зөөлөн ханддаг байсан юм. Манай тосгонд сургууль байгаагүй тул ээж маань бичиг үсэг мэддэгүй ч төрөлхийн энэрэх сэтгэлтэй нэгэн байсан. Надад тоглох тоглоом үгүй тул ээж маань талбай дээр ажиллах, эсвэл малаа хариулах үед би үүрүүлдэг байлаа. Бид нар ээжийнхээ уурлаж бухимдаж байхыг нэг ч удаа хараагүй. Тэрээр бидэнд, мөн манай хөршүүдэд сайхан ханддаг байв. Өлсгөлөнгийн үеэр ядарч зүдэрсэн хүмүүс гуйлга гуйхад ямар нэг идэх зүйл заавал олж өгдөг байв. Ээжийнхээ ачаар л би өнөөдөр ийм аз жаргалтай, инээд дүүрэн хүн болсон билээ.”

“Эмэгтэйчүүдийн нөхцөл байдал сайжрахгүй бол дэлхийн сайн сайханд хэзээ ч хүрч чадахгүй. Бид 2029 оны дэлхий ямар байхыг өнөөдөр төсөөлөөд одооноос эхлэн энэ зууны дунд гэхэд дэлхий маань илүү аз жаргалтай, амар амгалан байхыг зорьж ажиллах хэрэгтэй. Өнөөдөр тулгарч буй олон асуудлууд бидний өөрсдийн үйлдлээс хамаатай. Өнөөдрийн материаллаг боловсролын системийн хүрээнд нэгэн үзүүрт амирлан оршсон сэтгэл (шамата) ба үлэмж үзэхүй буюу дүгнэн шинжлэх оюун (випашиана) дээр суурилсан эртний Энэтхэгийн эрдэм мэдлэгийг нэвтрүүлэн ашиглах нь чухал”

“Оюун сэтгэлийн дасгал практикууд нь сэтгэлзүйн болон ухамсрын ажиллагааг ойлгон танихын үндэс болсон бөгөөд улмаар сэтгэл ухамсрын өөрчлөлт, сэтгэлийн амар амгаланг олох суурь болж байна. Бурхан Будда нь Энэтхэгийн энэ уламжлалуудын үр дагавар бөгөөд эдгээр уламжлал нь ахимса буюу хүчирхийлэл үгүй, каруна буюу энэрэл нигүүлслийн практикуудыг дадуулан хөгжүүлэхэд тусалсан юм. Дан мөргөл залбирал үйлдэхээс оюун сэтгэлээ дасгалжуулан дадуулах нь илүү үр дүнтэй.”

“Ач санах, талархах сэтгэлийг хүүхдүүдэд хэрхэн төрүүлж ойлгуулахын тулд хайр, халуун дулаан сэтгэлийг хүүхдүүддээ үзүүлж байх хэрэгтэй. Амьдралын утга учир, зорилго бол аз жаргалтай, баяр баясалтай байх явдал юм. Хэрэв та баяр баяслаар дүүрэн бол таны эрүүл мэнд сайн байна, гэр бүл тань аз жаргалтай байна. Улмаар энэ аз жаргал нь таны амьдарч буй нийгэм ба хүрээлэлд нөлөөлөх болно.”

“Бид найдаж амьдардаг. Бидэнд ямар нэг сайн сайхан зүйлс тохионо гэж найддаг. Харин хүн гэдэг талаасаа бид өөрсдийн оюун ухаанаа ашиглаж амьдралд бодитой хандаж сурах хэрэгтэй. Үүний тулд аливааг бүхэлд нь харахын тулд юмсыг өөр өөр өнцгөөс нь харж сурах хэрэгтэй”

“Шударга, ил тод нээлттэй байх хэрэгтэй. Худал хуурмаг нь айдас хямралд л хүргэнэ. Ил тод байдал ба бусдын төлөө гэх сэтгэл итгэлцлийг бий болгож, итгэлцэл нь нөхөрлөлд хөтлөдөг. Бид бүгдэд найз нөхөд хэрэгтэй шүү дээ. Хоорондоо өрсөлдөх нь бусдыг амжилт гаргахад тус нэмэртэй байвал эерэг сайн боловч бусдад хохиролтой бол ийм өрсөлдөөн байж болохгүй”

Эх сурвалж: Мон Шинжүкү Скин Мед 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.