Улс орны нүүр царай...

Twitter Print
2018 оны 05-р сар 21-нд 20:13 цагт
Мэдээний зураг,

Хилийн дээс алхаад л бид Монголоороо овоглодог. Шинэ Зеландад Монголчууд харьцангуй цөөн. Эндхийн хүмүүстэй таарахаар голдуу анхны уулзсан Монгол хүн болж таарч байгаа юм. Монголын тухай асуунаа. Мэдээж Монголоо магтаад л явж өгнө. Танайхан одоо гэр хэмээх майхандаа амьдарсаар байгаа юу гэж асууна. Тиймээ л гэж хэлнэ. Тэгэхдээ л цаанаа л манай улс ядуу хэвээрээ л байгаа гэж хүлээн зөвшөөрч байгаадаа сэтгэл өвдөнө.

Сая докторын хамгаалалтанд ирж суусан өөр Их Сургуулийн профессор Монголд 6 удаа очсон хүн байлаа. Монголын талаар маш сайн мэдээлэлтэй байв. Докторын хамгаалалтын дараа өдрийн хоол идэж байхдаа Монголд байсан тухайгаа хуучилж байна. Эхний хоёр удаа Баянгол зочид буудалд буусан. Нэг тийм онцгүй үнэртэй байсан гэлээ. Дараа нь ирэхдээ Улаанбаатар зочид буудалд буусан гэнэ. Усанд орж байсан чинь шүршүүрийнх нь ус байхгүй болчихсон. Савантайгаа үлдсэн гэж ярилаа. Буудал маш хүйтэн байсан болохоор халаалтын талаар үйлчлэгч охиноос асуусан чинь мөрөө хавчсанаа Made in Russia гэж хэлээд гараад явсан гэлээ. Монголынхаа талаар ийм яриа сонсож суухдаа яс хавталзах, Монгол маань хэзээ хөгжинө дөө гэж сэтгэл өвдөж суух.

Сингапурын хөгжлийн нууц номыг уншиж суухдаа бодож сууна. 50-60 жилийн өмнө манайхтай ижил ядуу улс байсан. Одоо ямар байна. Зөв бодлого барьвал хөгжиж болдог л юм байна. Хүн амынх нь 80 хувь хятадууд. Хятадууд ямар ахуйн соёл муутай хүмүүс билээ дээ. Тэр үед Сингапурын хятадууд нус цэрээ гудамжиндаа хаядаг манайхан шиг байсан гэж байгаа. Тийм хүмүүсийг цэгцэлж, хууль дүрмээ барьдаг хүмүүс болгож чадсан нь гайхмаар. Хүмүүсийн муу зуршлыг арилгахын тулд тэвчээртэй, тууштай ажилласан гэнэ. Хүмүүс тарьсан мод зүлгийг хугалж гишгэчдэг байсныг өөрчлөхийн тулд сургуулийн хүүхдүүдэд мод зүлэг тарих, арчлахыг зааснаар хүүхдүүд гэр бүлдээ нөлөөлж эхэлсэн байна.

“Бид ард иргэдээ өөрчлөхийн төлөө тодорхой хүчин чармайлт гаргаагүй байсан бол харанхуй бүдүүлэг, зэрлэгдүү нийгмийг өөрчилж чадахгүй байв. Бид одоогийнх шигээ ёс суртахуунт, соёлт нийгмийг байгуулж чадахгүй байсан” гэж байна.

Эхлээд хүмүүсийн ойлголт ухамсрыг дээшлүүлэхэд анхаарч байсан. Ихэнх хүмүүс бодлогыг нь дэмждэг болохоор хууль дүрмээ чангалж, санаатайгаар хууль зөрчсөн цөөнхийн эсрэг арга хэмжээ авдаг байсан гэжээ.

Намайг Сингапурт очиход хууль дүрмээ маш сайн барьдаг улс санагдаж байсан. Хууль дүрэм зөрчсөн хүмүүсийг нилээн хатуу шийтгэдэг гэж сонссон юм байна. Хэлээд ойлгохгүй хүмүүсийг шийтгэж байж л сурдаг болтойдог шүү. Бас л бодмоор.

Энэ постоороо хүн бүр гудамж талбайдаа нус цэрээ хаялгүй хот улсаа, цэвэрхэн байлгахыг та бүхэндээ уриалья. Манай улсыг муухай харагдуулж байгаа юмнуудын нэг энэ яалт ч үгүй мөн шүү. Манайх шиг хуурай цаг агаартай улс хаврын шорооноор буцаад л таны ам хамраар орж өвчин үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг гэдгийг болгооно буй заа.

Алийн болгон ядуу, бас дээр нь заваан бүдүүлэгээрээ дуудуулж явах билээ. Хүн бүр дор бүрээ хичээх хэрэгтэй шүү гэдгийг хэлэх байна даа.

Чагнаадоржийн Оюунцэнд, Шинэ Зеланд улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.