Б.Батдэлгэрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа

Twitter Print
2018 оны 05-р сар 21-нд 18:47 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Батдэлгэрт холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Батдэлгэрийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт заасан барилга барьж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эзэн батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Батдэлгэрээс 75 гаруй сая төгрөгийг гаргуулж хохирогч Д.Зургаанжинд олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Б.Батдэлгэрийг барилга барьж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эзэн батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэг болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн билээ.

Харин өнөөдөр болсон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд, “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр болон “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин нарын хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлтэй холбоотой маргаан үүссэн байна, үүнийг гэмт хэрэгт тооцох боломжгүй гэж дүгнэж, Б.Батдэлгэрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав.

Мөн “Сант” сургууль учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Хэргийг эргэн сануулбал, 2013 оны 6 дугаар сараас “Бүрэн цутгамал” ХХК “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж, нийт 1.7 тэрбум барилгын ажил хийсэн. Үүнээс 1.2 тэрбум төгрөгийг авсан. Харин зөрүү 500 сая төгрөгийг өгөөгүйгээс дээрх маргаан эхэлсэн байдаг. Энэхүү маргаан даамжирсаар өдийг хүрч өнгөрсөн жил “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн зарласан ч хүчнийхэн хүчээр буулгасан юм. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.