Малайзын Ерөнхий сайд асан Н.Разакийн гэрээс их хэмжээний үнэт эдлэл хураажээ

Twitter Print
2018 оны 05-р сар 18-нд 14:02 цагт
Мэдээний зураг,

Хэдхэн хоногийн өмнө Малайзын Ерөнхий сайдын албан тушаалаас буусан Нажиб Разакийн гэрт цагдаа нар нэгжлэг хийжээ. 

Тус улсын шинэ Ерөнхий сайд Махатхир Мохамад саяхан мэдэгдэл хийхдээ “Н.Разактай холбоотой хэргийг эргэн сөхнө” гэж байсан билээ. Харин Ерөнхий сайд асан Н.Разак нь “Би ямар ч хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй” гэж мэдэгдсээр байна.

Түүнийг Малайзаас гарахыг өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт хориглосон юм. Түүнийг өөрийн үүсгэн байгуулсан төрийн сангийн мөнгөнөөс 2015 онд 700 сая ам.долларыг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж байсан юм. Гэхдээ түүнийг тус улсын хууль шүүхийн өнгөрсөн онд цагаатгасан билээ.

Тэрчлэн Малайзын цагдаагийнхан түүний хуучин ажлын байрыг битүүмжлэн шаардлагатай бичиг баримтуудыг хураан авсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Бичиг баримтуудаас гадна “Birkin”,  “Louis Vuitton”, “Hermes”, зэрэг алдартай брэндүүдийн гар цүнх болон үнэт эдлэлүүдийг хураан авчээ. Нийт 284 хайрцаг бичиг баримт болон цүнх, үнэт эдлэл хураан авсан байна. Эдгээрийн зөвхөн 72 нь үнэтэй брэндийн гар цүнх гэнэ.

2015 онд Төрийн өмчийн “1MDB” сангаас 700 сая ам.долларыг хувийн данс руугаа шилжүүлсэн гэх хэрэгт холбогдуулан түүний Куала Лампур дахь албан өрөөг нь битүүмжилж, хилээр гарах эрхийг нь хаагаад байна.

Энэ сарын эхээр болсон парламентын сонгуульд сөрөг хүчин “Пакатан Харапан” нам ялалт байгуулснаар эрх баригч “Барисан Насионал” намын 61 жилийн ноёрхол төгссөн билээ.

Энэ сарын 9-нд болсон парламентын сонгуульд түүний удирддаг эрх баригч нам ялагдсанаар өдгөө 92 настай М.Мохамад тус улсын ерөнхий сайд болсон юм. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт тангараг өргөсөн М.Мохамад Ерөнхий прокурор болон Авлигатай тэмцэх газрын удирдах албан тушаалтнуудыг хэдийнээ солиод байгаа аж.

Эх сурвалж: BBC

М.Билгүүн

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.