Казахстан, Их Британи, Израйль, Өмнөд Африкаас бусад орон руу сунгалттай паспортаар зорчиж болно

Twitter Print
2018 оны 05-р сар 17-нд 15:07 цагт
Мэдээний зураг,

ГХЯ-наас өнөөдөр “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал зохион байгуулж, өнгөрсөн сард манай улсын гадаад харилцааны салбарт өрнөсөн голлох үйл явдлуудын талаар мэдээлэл хийв.

Энэ үеэр паспортын сунгалтын талаар мэдээлэл авлаа. Учир нь сүүлийн үед гадаад паспортаа сунгуулсан иргэдийг зарим орны хил дээрээсээ буцаасан тохиолдол гарсан. НҮБ болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ОУИНБ)-аас 2016 онд гадаад паспортад сунгалт хийхгүй байх шийдвэр гаргасан. Үүний дагуу Монгол Улс энэ оны нэгдүгээр сарын 03-наас эхлээд гадаад паспортын сунгалтыг зогсоосон. Энэ өдрөөс өмнө сунгалт хийлгэсэн паспорт хугацаа нь дуустал хүчинтэй. Саяхан БНКУ-ын хилээс Монголын иргэнийг сунгалттай паспорттай байсан тул нутаг буцаасан хоёр тохиолдол гарчээ. ҮҮнтэй холбогдуулан ГХЯ-аас сэрэмжлүүлэг гаргаад байсан. 

Сунгалт хийгдсэн гадаад паспортаар гадаадад зорчиж буй иргэдэд зориулан гаргасан энэхүү сэрэмжлүүлэгтэй холбоотойгоор олон нийтийн дунд ташаа ойлголт гарсан тул дараах тодруулгыг хийж байна. 

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан паспортад тавигдах стандартын тухай зөвлөмжид паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай заасан байдаг бөгөөд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмоос урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх авах арга хэмжээний тухай 2016 онд баталсан S/RES/2309 (2016) тоот тогтоолд уг стандартыг хэрэгжүүлэх тухай заасан байдаг. Эдгээр баримт бичгийн дагуу Монгол Улс 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн иргэдийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоож, 5 жилийн хүчинтэй хугацаатай гадаад паспорт шинээр олгож эхэлсэн болно. 

Дээрх хугацаанаас өмнө сунгалт хийлгэсэн гадаад паспорттай иргэдийн паспортын хувьд сунгалтын хугацаа нь дуусах хүртлээ хүчинтэй хэвээр бөгөөд гадаадад зорчих боломжтой. Харин сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан, Израйль, Өмнөд Африк зэрэг улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол гарсан тул эдгээр улсад зорчих иргэд шинээр паспорт захиалан авах шаардлагатайг үүгээр дахин мэдэгдэж байна. 

Гадаад харилцааны яамны зүгээс цаашид сунгалттай паспортаар нэвтрэх боломжгүй улс орнуудын талаарх албан ёсны мэдээллийг тухай бүр олон нийтэд хүргэх болно. 

Энэ дашрамд дахин сануулахад гадаадад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн иргэдэд шинээр паспорт захиалахыг зөвлөж байна. 

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.