Кавабата Ясүнари - Дүүгийн кимоно /Өгүүллэг/

Twitter Print
2018 оны 05-р сар 17-нд 13:19 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед эгч нь дүүгийнхээ кимоног их өмсөх болжээ. Тэгээд дүүгийнхээ сүйт залуутайгаа хамт зугаалдаг байсан цэцэрлэгт хүрээлэн дундуур их алхах болжээ. 

Хавар цагаас намрын улирал хүртэл үдэш оройн цагаар хэдэн арван хос, хэдэн зуун дурлалт залуус гар гараасаа хөтлөлцөн алхах нарны туяа багахан тусдаг, модны сүүдэр ихтэй цэцэрлэгт хүрээлэн ажгуу. 

Эгч дүү хоёрын гэр тэр цэцэрлэгт хүрээлэнгийн ард байдаг байлаа. 

Цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших автобусны буудал хүртэл сүйт залуугаа гаргаж өгөөрэй гээд эгч нь дүүгээ их явуулдаг байв. 

Гэвч өнөө эгч нь цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших хорооны эмчийнх рүү дүүгийнхээ эмийг авахаар их явах болжээ. 

Сүүлийн үеийн дүүгийн нь өмсөж буй бүх кимоног эгч нь авч өгсөн билээ. 

- Та надад дандаа өөрийнхөөсөө өнгө муутай кимоно авах юм гэж дүү нь эгчдээ байн байн гомдоллоно. 
- Над шиг галзуу солиотой хүн аятай ганган хээнцэр юм өмсдөг амьдралаар чамайг явуулмааргүй байгаа болохоор эгч нь ингэж зүдэрч байна шүү дээ. 
- Тэгээд би ингэж дэмий байхаар ажил хийе гэж хэлээд байгаа биз дээ. 
- Гэрийн, гоёлын хувцасны ч ялгаа үгүй ийм амьдрал ямар болохыг чи ч гэсэн одоо намайг хараад ойлговол ойлгохоорсон доо. 
- Ингэж дэмий байснаас л дээр шиг санах юм. 

Эгч нь өдийг хүртэл гэйшя, кино жүжигчин, тайзны бүжигчин гээд есөн шидийн ажил сольж хийсээр өнөө Асакүсагийн нэгэн шоу балетийн жижигхэн театрт орчин үеийн бүжигчнээр ажиллаж байгаа аж. Тэр театрын залуу эзэн эгчид нь гэр орон бэлдэж өгсөн тул бүжиглэмээр санагдсан үедээ л тайзан дээр гарахад болдог байв. Эгч нь кино студид ажилд орсоныхоо дараахан дүүгээ хөдөөнөөс авчирчээ. Өөрийн нь амьдралд нэгэнт бүтэх нь өнгөрсөн, мөн энэ хорвоод хамгийн аз жаргалтай юм шиг санагдах, өөрөөр хэлбэл сайхан гэр бүлтэй болохыг дүүгийнхээ өмнөөс туйлаас их хүсэж байлаа. 

Дүүгийнхээ эр нөхрийг ч эгч нь сонгов. Бэрийн инжийг ч эгч нь бэлтгэв. Эгч нь дүүдээ өөрийнхөө хүсэл мөрөөдлийг даатган байлаа. Бас нэгэн өөрөө болох дүүгийнхээ хуримын төлөө борви бохис хийлгүй зүтгэсэн гурав, дөрвөн жилийг эгч нь юутай их баяр баясгалантайгаар ажиллаж өнгөрүүлсэн юм бэ. 

- Дүүд минь таньдаг хүн гэвэл надаас өөр хэн ч байхгүй гэхээр амьдрал юу ч мэдэхгүй хүүүхдээрээ шахуу амьтан шүү хэмээн эгч нь дүүгийнхээ сүйт залуу болох хүнд инээмсэглэн хэлээд нулимс дуслуулахаа дөхөв. Ийм сайхан баярт үгийг өөрийнхөө амнаас хэлж байгаадаа баярлан догдолсондоо бие нь дагжин чичрэх шиг болжээ. 

Эгчийн нь дүүдээ худалдаж авч өгдөг даруухан алаг эрээн кимоногийн адил эгчийн нь сонгосон хүргэн дүү бас бүрэг даруухан залуу байлаа. 

Энэ насаараа элдвийн хүмүүстэй зууралдаж явах шаардлага үгүй дүү нь эгчийнхээ энэ сэтгэлийг үнэндээ яаж ч ойлгох вэ дээ хэмээн эгч нь бодно. Тэгээд дүүгээ эр хүнтэй нэрэлхэж зовох юмгүй хамаа намаагүй харьцаж байхыг сонсоод ихэд гайхжээ. Эгчийн нь эвдэрч гүйцсэн үг ярианаас илүү дүүгийн нь энгийн үгс хэтэрхий шулуухан, хэнэггүй байв. Дүү нь эр нөхөртөө бүдүүлэг муухай үг ч чулуудах болжээ. 

Дүү нь гэрлээд удалгүй сэтгэл дундуур санагдах бүрэг номой нөхрөө эгчдээ байн байн гомдоллов. 

- Энэ муу эгчдээ ийм юм хээв нэг гомдоллож суудаг, чи мөн жаргалтай хүн шүү хэмээгээд эгч нь доош харан уруулаа хазална. 

Өвдөнгүүтээ дүү нь даруйхан эгчийндээ буцан иржээ. Өвчин тусаж ашгүй хоёр тийш боллоо гэсэн маягтай дүү нь их баяртай байх шиг байв. Гэвч тэрхүү нурууны өвчин нь тийм холгүй дөхөж ирсэн үхлийг сануулсан дохио байв. Дүү нь түүнийг мэдсэнгүй. Мэдсэн эгчид нь харин дүү нь яг л өөрийн нь хүүхэд шиг санагдаад иржээ. 

"Миний ганц эрдэнэ минь." 

Дүү нь кимоногийнхоо дотуур сэлмийн тулааны өмсгөл мэт ууцнаас цээж хүртэл тэгээд хөхнийх нь хэсгээр дугуйруулж товойлгосон хийц бүхий даруулган бүс өмссөн нь хөл хүндтэй болсон мэт харагдана. Намрын сэрүү орохтой хамт дүүгийн нь гар хөл хөрж эхлэв. Сульдаж доройтсноос болж хацар нь ягаарч, усан нүд нь томорч цэлийгээд, эгчээсээ зузаан оо энгэсэг тавьсан нь харин эсрэгээр яагаад ч юм бэ ядруу, гундуу боловч үзэсгэлэнтэй харагдана. 

Төд удалгүй даруулган бүсийг наранд гарган тавьж, дүү нь хэвтэх нь их болж, мөн удалгүй даруулган бүс хашааны нэг буланд хөсөр хаягдан, дүү нь хөл дээрээ босож чадахаа болив. Цас хаялж, хашааны буланд хэвтэх даруулган бүс цасанд дарагдаад цав цагаахан болжээ. Хөхний хэлбэрээр товойх хоёр цонх, мөн түүний цаанаас дүүгийн нь хоёр хөх цухалзан байсан товгор бяцхан цонхон дээр болжмор шувуу суугаад яг л цастай өглөө ийм л байдаг шиг хүзүүгээ сэгсрэн байлаа. Эгээ л өр өрдөм гунигт үлгэр лугаа адил авай. 

Эгч нь хүргэн дүүгээ сэрээгээд энэхүү дүр зургийг үзүүлдэг юм бил үү хэмээн бодов. Дүү шиг нь амьд явах хүч тамир нь хэдийдээ ч юм бэ хийсэн одсоор үгүй болох залуухан бүсгүй хүний үхэл гэдэг дэндүү үнэн гуниг биш гэж үү хэмээн хэлмээр санагдана. 

Хүргэн дүү нь гэргийгээ босож чадахгүй болсноос хойш эгчийнд нь хонож, тэндээсээ ажилдаа явдаг болов. Дүү нь хэвтэрт ороод нялхран хүүхэд шиг болж ирэхийн сацуу гагцхүү эр нөхөртөө хандах хайрын сэтгэл нь л зузаарч эхлэв. Тэрхүү дураараа аашлах дүүгийн нь өөрчлөлт хэдийгээр эгчийн нь нүдэнд эвгүй санагдах авч дүү, хүргэн хоёрын нь хайр сэтгэл үхлийг хүртэл мартсан мэт харагдана. 

Дүү нь солио өвчин туссан хүн шиг л эр нөхрөө хажуунаасаа холдохыг үл зөвшөөрнө. 

“Усанд орохоор битгий яв л даа.”

“Сонин уншиж болохгүй ээ” гэх мэтчлэн хорьж болиулахаас аваад, ганцаараа шөнө сэрэхэд дэндүү их гунигтай юм гээд өөрийнхөө гарыг нөхрийнхөө гартай улаан уяагаар уяж тэгээд шөнө дөлөөр түүнийгээ чангаан хажуудаа унтаж буй нөхрөө байн байн сэрээнэ. 

- Миний төлөө ингэж их зүтгэх гэж хэмээн дүүгээ хэлэхэд эгчид нь хардах сэтгэл агшин зуур төрөх боловч, тэгж бодож болохгүй гэж өөрийгөө зэмлэн биеэ барьж, 

- Хөөрхий дөө. Дахиад жаахан тэсээрэй гэж хүргэндээ хэлнэ. 

Хүргэн дүү нь ажлаасаа хүрч ирэх үе зэрэгт үүдэнд эгчийг нь хараад зогтусах явдал их байлаа. Түүнийг харсан эгч нь бас зогтусна. Гэвч хоёул юм үл дуугарна. Дүүгийн нөхөрт эгч нь дүү шиг нь харагддаг ажээ. 

Дүүгээ хэвтэрт орсноос хойш эгч нь дүүгийнхээ кимоног их өмсдөг болов. 

Эгч нь жилийн дөрвөн улиралд солионы ганц, хоёр киминотой л өнгөрүүлдэг байв. Гурав, дөрвөн жилийн өмнө дүүгийнхээ инжинд зориулж бэлдсэн кимононууд эгчид ч гэсэн дэндүү даруухан гэмээр. Ихэр мэт дүүтэйгээ тун адилхан бөгөөд залуухан харагддаг эгч байлаа. Дүүгийн нь өвчин өдрөөс өдөрт хүндэрч, доройтон сульдах бие нь амьд хүн гэхээс илүүтэй мөнөөх цасанд дарагдан хэвтэх даруулган бүс хийгээд гундсан цэцэг лугаа адил. Мөн хүргэн дүүгийн хувьд эгч нь өнөө үерхэж буй найз бүсгүй нь ч бус, өвдөхийн өмнөх дүү нь ч бус тийм гэтэл аль аль нь ч юм шиг санагдана. Эгч нь өөрийгөө толинд хараад тэнд дүүгээ харсан шиг болно. Дүүгийнхээ кимоног өмсөх болсон төдийгүй нэг л мэдэхэд эрүүл саруул байсан үеийн дүүгийнх шигээ үсээ боодог болов. 

Дүүгийнхээ сүйт залуутайгаа хамт зугаалдаг байсан цэцэрлэгт хүрээлэн дундуур дүүгийнхээ эмийг авахаар их явдаг болсон эгч нь тийм нэгэн эгч байлаа. Тэр үест эгч нь өөрийгөө дүүтэйгээ улам бүр адилхан болж ирж байгааг мэдрэнгээ тэр л замаар алхсаар байв. 

Цэцэрлэгт хүрээлэнд дурлалт хосуудын алхаж эхлэхтэй зэрэгцэн айлчлан ирсэн хаврын нэгэн үдэш, гялтан хальсны үрэвслээр давхар өвдсөн дүүгийн нь амь нас хэдхэн цагаас хэтрэхгүй болж ирж байгаа бололтой байдлыг эмчид хэлэхээр эгч нь бас дүүгийнхээ кимоног өмсөөд өнөөх замаараа санд мэнд алхаж явлаа. Номын сангийн хаах цаг нь болсон шинжтэй, үүд хавиар нь бөөгнөрөх олны дундуур гарч явснаа сайн санаж буй хэдий ч хойноос нь дагаж ирэх хүний хөлийн чимээг анзаарсангүй. 

- Котоко оо? гэж хэн нэгэн дүүгийнх нь нэрийг дуудахад эргэн харвал
- Яг Котоко мөн байна шүү гэсээр өнөөх үл таних залуу эгчийнх нь өмнө хүрч ирээд зогсов. 
- Үгүй ээ. Котоко...
- Өөрийнхөө нэрийг мэдэж байна, харин чамайг мартсан гэсэн үг үү?
- Үгүй ээ, Котоко гэртээ үхлүүт байна. 

Эгчийн нь ч, залуугийн ч амьсгал дээрджээ. 

- Бас л уу? Чи урьд намайг үхсэн гээд бодчих гэж хэлж байсан биз дээ. Эгчийнхээ төлөө өөрийгөө үхсэн гэж бодоод өөр хүний бэр болохоор шийдсэн гэж. 

Тийн хэлэхийг сонсоод эгч нь гайхсан боловч харин ч тайвшрах шиг болжээ. “Дүүд минь сэтгэлтэй хүн байсан байжээ.” Эгч нь харанхуйн дунд зогсох тэрхүү үл таних залуугийн царайг харахыг хүсэв. 

Дүүгийнхээ үхлийн шөнө дүүгийнхээ сэтгэлт залуутай дүүтэй нь андууран учирна гэдэг ямар ер бусын тохиол вэ. 

-Үхсэн гээд бод гэж хичнээн хэлэвч ингээд... гэснээ өнөөх залуу эгчийнх нь мөрөөс лавхан зуурч аван, 
- Ингээд ийм амьд сэрүүн байхад чинь... гээд хүчтэй сэгсрэв. Эгч нь гэдрэг ухраад, 
- Уучил хэмээн шивнэн хэлсэн нь үнэн хэрэгтээ дүүгээсээ уучлалт гуйх санаатай эрхгүй амнаас нь унасан үг байв. "Дүү минь сэтгэлтэй хүнтэй гэдгээ эгчээсээ нуугаад, эгчийнхээ сонгосон хүнтэй суусан юм гэж үү. Эгчийнхээ хүүхэлдэй нь болж өгсөн юм гэж үү. "Мөрөө сэгчүүлж байгаагаа ч мартах шахам эгч нь балмагдан хөл дээрээ тогтож ядна.

Залуу өвөр рүү нь унаж ирэх бүсгүйг тэврэн авав. 

Дүүгийн нь сэтгэлтэй байсан залуу одоо ч гэсэн дүүд нь хайртай хэвээрээ юм гэж үү, дүүгийнхээ дүрд хувирч, залуугийн сэтгэлийг мэдэж аваад үхэл рүү явж буй дүүдээ ярьж өгье хэмээн эгч нь гэнэт бодлоо. Өөрийн эрхгүй нулимс нь бөмбөрөн унаж ирэв. 

- Чи надад хайртай шүү дээ. Тээр, ийм их хайртай байж гээд залуу эгчийг нь тэврэн модны нөмөр тийш аваад явлаа. 

Эгч нь залууд тэврүүлэнгээ, эр нөхөртөө ийн тэврүүлээд үхэл рүү явж буй дүүгийнхээ дүрийг янз бүрээр нүдэндээ тодруулав.

Тэгээд залуугийн хүссэн зоргоор байнгаа дүүгээ нас барсны дараа дүүгийнхээ нөхөртэй сууна байх даа хэмээн бодов. Чинхүү халуун цус нь оргилон буцлах шиг болжээ. 

Өөрийн алдсан зүйлийг дүүгээсээ хүсэмжлэн, дүүдээ даатгаж байсан эгч дүү нь өөд болсоноор түүнийгээ өөр дээрээ эргүүлэн олж авчээ.

Кавабата Ясүнари, 1932 он, Япон

Орчуулсан Дамдинжавын Алтанцэцэг

2018.5.16

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.