Д.Тэрбишдагва: Оюутолгойг шалгах Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хатуухан шаардлагтай, шударга, зарчимчаар ажиллана...

Twitter Print
2018 оны 05-р сар 17-нд 12:46 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр орой ажил тарахын алдад төрийн ордны “В” танхим буюу УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хуралддаг Д.Сүхбаатарын нэрэмжит танхимд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын ахалж байгаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон, Рио Тинтод орж ирж байгаа хөрөнгө санхүүд шалгалт хийх Монголын талын Ажлын хэсгийнхэн анх удаа бүтэн бүрэлдэхүүнээрээ цугласан хурал болов.

Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвын мэдэгдэж байгаачлан “УИХ-ын 13 гишүүн, таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ахалж байгаа таван дэд ажлын хэсгээс бүрдсэн Оюутолгойн хөрөнгө санхүү, Монголын талын ногдол ашгийн үзүүлэлтэд хийх шалгалтын багийнхан Оюутолгойн бүх л данс тооцоо, бичиг баримт, гадагшаа гарч байгаа баялаг болон түүний үнэлгээгээр Рио Тинтод орж ирж байгаа хөрөнгө санхүүд хийх шалгалтын нэгдсэн дүн боловсрогдон гарч УИХ, Засгийн газарт тайлагнах хүртэл хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл дамжуулахгүй байхын тулд энэ удаагийн хуралд ч хэвлэл мэдээллийнхнийг оролцуулаагүй” гэснээр ямар ч телевиз, сонин, сайтын сурвалжлагч нар байхгүй үед ганцаархнаа танхимд нэвтэрч хурлын ажиллагааг түүвэрлэн бичиж авсан юм.

Төрийн ордны “В” танхимд болсон өчигдөр оройн дээрх хуралд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва, Ажлын хэсгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Ганболд, М.Оюунчимэг, Х.Болорчулуун, Н.Амарзаяа нарын гишүүдээс гадна МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, нэрт боксчин асан Б.Олзотын хүү Ногоон намын дарга О.Бум-Ялагч, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Б.Мөнхбаатар нарын зэрэг багагүй эрх мэдэлтэй олон дарга, гишүүд оролцож харагдсан. Ерөнхийдөө өчигдөр оройн хуралд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын ахалсан Оюутолгойг шалгах Ажлын хэсэгт багтсан 65 орчим гишүүн оролцсон юм.

Мэдээж тэдгээр олон гишүүд МАН, АН за тэгээд бусад жижиг намуудын төлөөллөөс бүрдсэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь тэд Монголчуудын анхаарлын төвд байж, бидэнд төдийлөн үр ашиг нь мэдрэгдэхгүй байгаа 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн Сангийн сайд асан С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт, БОАЖ-ын сайд асан Л.Гансүх нарын хөрөнгө оруулагч талаас  “Рио Тинто Интерншнл Холдингс Лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн Ерөнхий захирал Брет Клейтон, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ын дэд дарга Питер Мередит нартай үзэглэн баталгаажуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, хөрөнгө оруулагчид өнгөрсөн хугацаанд ямархуу ашигтай ажилласан хийгээд баялгийн эзэн Монголчууд яагаад ийм багахан хувийг эзэмшиж, ногдол ашиг гэж өчүүхэн зүйл хүртэж байгааг тодруулах үүргийг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар болон М.Энхболдын тэргүүлж байгаа УИХ-аас хүлээж аваад байгаа билээ.

УИХ-ын дарга М.Энхболдын шийдвэрээр шинээр Оюутолгойд хийх шалгалтын Ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон Д.Тэрбишдагвын баг УИХ-ын найман гишүүнээр бүрэлдэж байсан ч сүүлд нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нар өөрсдийн хүсэл сонирхлоор нэмэгдэн орж ирснээр Ажлын хэсэг УИХ-ын 13 гишүүнээс бүрдэж байгаа юм.

Ингээд өчигдрийн хурал дээр Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвын хэлсэн үгийг хүргэж байна. “За та бүхнийг Ажлын хэсгийн бүгдээрээ цугласан анхны хуралдаанд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Хамгийн гол нь энэ шалгалтын Ажлын хэсэгт багтан оролцож байгаа хүмүүс бүгдээрээ эх орончид, сэтгэл нэгтэй хүмүүс оролцож байгаа гэж Ажлын хэсгийн ахлагчийн хуввьд дүгнэж байгаа. Тийм учраас бүгдээрээ энэ ажлыг маш их эх оронч сэтгэлтэй, чанартай, шаардлага өндөртэй хийвэл тодорхой үр дүнд хүрнэ. Хамгийн гол нь Ажлын хэсгийн гишүүд бие биен рүүгээ хатуу ширүүн үгээр дайраад, огцруулна энэ тэр гэж дайрах хэрэггүй юм. Гэхдээ явцын дунд огцруулж барих юм гарах  нь тодорхой л доо.

Тийм учраас эхлээд энэ багт багтсан хүмүүс бүгдээрээ бие биенээ ойлголцоод явчих нь маш чухал байгаа юм. Нэгдүгээр асуудал бол өнөөдрийн хуралд хүрэлцэн ирсэн та нөхдийг ажиглан харахад энэ асуудлыг арван хэдэн жил судалж, хойноос нь хөөцөлдөж яваагийн хувьд ихэнхийг нь гадарлаж байна. Ер нь одоо энэ Владимир, Галсандорж, Балжинням гуай эд нар бол та нөхдийн ярьж байгаа зүйлүүдийг бүгдийг нь маш нарийвчлан деталчлаад, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний бүх л үг үсэг болгон дээр нь ажиллачихсан тайлангууд нь байгаа. Жишээлбэл Балжинням гуай л гэхэд тэр нарийвчилсан тайлангаа бидэнд өгөөд хамтран ажиллах болно. Гэх мэтээр бидний  хувьд хийгээд бэлэн болгочихсон ажил нэлээн байгаа. Одоо харин түүнийгээ илүү үр дүнтэй болгох талаас нь Ажлын дэд хэсгүүд маш их мэрийлттэй, үнэнч шударга, зарчимчаар ажиллах шаардлагатай байгаа юм. Энэ таван дэд хэсгийг таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ахлаж байгаа юм.

Миний зүгээс Ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүддээ шаардлага тавьж “Хурлаас гарч болохгүй, дуустал нь суух хэрэгтэй” гээд байгаа нь Оюутолгойг шалгах Ажлын хэсэгт 13 УИХ-ын гишүүн байгаатай холбоотой, тэднийг энэ ажлаа маш их хариуцлагатай, сахилга баттай л хийлгүүлэх гэсэн шаардлага юм. Энэ Ажлын хэсэгт таван дэд хэсэг байгааг би түрүүнд дурдсан.

Миний зүгээс Монголын ард түмэнд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа Оюутолгойгоос орох ашиг орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч Рио Тинтогийн олж байгаа ашиг орлогыг шударгаар тогтоохоор томилогдсон энэ том Ажлын хэсгийн ахлагчийн хувьд нэлээн хатуухан шаардлагатай, шударга, зарчимчаар ажиллах болно гэдгээ та бүхэнд хэлчихье. Тийм ч учраас энэ ажлын хэсэгт багтсан та бүхэнд хандаж, бүгдэд нь тарааж өгөхөөр ил захидал бичсэн байгаа. Би эхлээд уншаатахъя. Дараа нь та бүхэнд тарааж өгөх болно. Энд би таван дэд хэсэгт багтсан бүх хүмүүсийг эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр, зоригтой, шударга үнэнчээр ажиллаарай хэмээн уриалсан байгаа.

Би Ажлын хэсгийн бүртгэлийг хариуцаж байгаа Тэгшжаргалд “За чи Ажлын хэсгийн гишүүд болгоныг шалгалтын ажилд хэдэн цагт ирсэн, завсараар нь хэдэн минутаар таслав зэргийг өдөр бүр маш нарийн тэмдэглэж явах хэрэгтэй” гэсэн үүрэг өгсөн байгаа. Тэгэхгүй бол ямар ч Ажлын хэсэгт багтсан хүмүүс ажлаа хийсэн болж байгаад л дундуур нь хаяад явчихдаг. Шалгах ёстой асуудалтайгаа маш сайн гүнзгий танилцаагүй байж, орж ирж сууж байснаа л гэнэтхэн дундуур нь хаяад гүйгээд явчихдаг хүмүүс олон байдаг шүү. Би олон удаа хариуцлагатай ажил хашиж, Шадар сайдаар ч ажиллаж байсны хувьд иймэрхүү үл бүтэх, хийж байгаа ажилдаа чин сэтгэл, зүтгэл гаргаж эх орон ард түмнийхээ төлөө ажиллаж чаддаггүй олон товаришуудыг харж байсан. Тиймэрхүү байдал харуулахын бол энэ Ажлын хэсэгт багтсан хэнийг ч халж, өөр шударга, зарчимч, ажил хэрэгч хүмүүсийг оронд нь авах болно гэдгээ хэлчихье. Оюутолгойн эргэн тойронд үүсээд байгаа энэ замбараагүй байдал, Монгол Улсад орж ирэх ёстой хөрөнгө санхүү гадагшаа урсаж байгаа өнөөдрийн үл ойлгогдох байдлыг засч сайжруулах, Рио Тинтог бултах аргагүй байдалд оруулж үнэн мөнийг тогтоохын тулд та бүхэн эр зоригтой, туйлын хянамгай, мэдлэг чадвартай ажиллах ёстой. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд би үүнийг л байнга, хатуухан шаардаж ажиллах болно.

Оюутолгойн баялагтаа Монгол Улс ядаж 55 хувийн эзэн суухыг ард түмэн хүлээж байгаа. Тэгээд ч дэлхий нийт харж байгаа энэ төслийг маш зөв тал руу нь хандуулах цаг нь болсон. Гэхдээ хэмжээ хязгааргүй шаардлага, үгүйсгэлийг Ажлын хэсгээс Рио Тинтод тавьж дийлэхгүй байх л даа. Бид бол яг л хэмжээндээ л ажиллах ёстой. Эхний удаад дэд ажлын таван хэсэг дээрээ хянаж шалгасан ажлуудаа бүгдээрэнг нь дүгнээд, дараа нь бүгдийг нь нийлүүдээд шүүн тунгааж ярилцах болно. Дэд Ажлын хэсгийн таван ахлагч, таван яамны ТНБД нарт хэлэхэд “Одоо та нар ажлаа зоригтойхон үргэлжлүүлээд долоо хоног тутамд ажлын хэсгийн гишүүддээ танилцуулж бай. Эдгээр гишүүд чинь юмаа сайн ойлгохгүй бол олигтой амжилт гарахгүй шүү”. Ер нь дэд ажлын таван хэсгүүд олонхиороо шийдсэн асуудлаа сайтар ярилцаж нэгдсэн шийдэлд хүрч байхгүй бол Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлдгээр “Хэвлэл мэдээллээр гарангуутаа хоорондоо үзэлцэж, бие биенээ шүүмжлээд суух хэрэг гарна” шүү. Ер нь бол бид бүхнийг бүгдээрэнг нь шүүмжлэх хүмүүс бол хэвлэл мэдээллийнхэн, ардаа мөнгөтэй хүмүүс л байх болно шүү. Бид эхний удаад дотроо аль болохоор ихээхэн үр дүнтэй ажиллах шаардлагатай. Гэхдээ үр дүнтэй ажиллахад багагүй зовлон бий л дээ. Яагаад гэвэл Засаг төрд ажиллаж байгаа бүх л хүмүүс дээрээсээ янз бүрийн дарамт, шахалттай байдаг болохоор бид Иргэний хөдөлгөөн, улстөрийн намуудын төлөөлөл, Эрдэм шинжилгээний хөндлөнгийн баг болон шинжээч судлаачдыг Ажлын хэсэгтээ чөлөөтэй багтаан оруулсан байгаа. Энэ талаар би өчигдөрхөн телевизээр ярьсан. Өнөөдрийг хүртэл энэ том Ажлын хэсэгт хэн орно гэсэн нь орчихсон байсан. Харин үүнээс хойш эцэс төгсгөлгүй хүмүүсийг оруулдаг, гаргадаг асуудал гэж байхгүй ээ. Яагаад гэвэл өнөөдөр хуралдаж байгаа энэ баг бол хангалттай сайн баг бүрджээ гэж Ажлын хэсгийн ахлагчийн хувьд дүгнэж байна.

Тийм учраас дахин хэлэхэд таван дэд ажлын хэсгийн ахлагч нар ажлаа ихээхэн зүтгэлтэй, шаргуу, чин үнэнчээр хийх шаардлагтай шүү. Гэхдээ таван яамны ТНБД нарыг миний зүгээс ойлгож л байгаа. Ялангуяа ТНБД нар хэрэгтэй хэрэггүй УИХ-ын чуулган, Байнгын хороодын хуралд суухыг хориглоно. Өөрөөр хэлбэл УИХ-ын Дэгийн тухай хуулиараа бол УИХ-ын нэгдсэн чуулган, Байнгын хороодын хуралд яамдын сайд болон дэд сайд нар л оролцох ёстой юм. Юуны төлөө яам болгон шүүмжлүүлэн шүүмжүүлэн бүгдээрээ дэд сайдтай болсон юм. Хэрвээ сайд нь байхгүй гадаадад явсан бол дэд сайд нь орлох л учиртай. Тийм учраас энэ талаар миний бие УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад энэ талаар сайтар ойлгуулж хэлнэ. Мөн хариуцаж байгаа сайдуудад нь ч хэлнэ. Яагаад гэвэл Оюутолгойн шалгалтын Ажлын хэсгийн ажил бол бүхэл бүтэн нэг яамны ажлаас ч чухал, цаг хугацаанд баригдсан, ихээхэн төвөгтэй ажил юм шүү. Тэгэхээр ажлын хэсгийн гишүүд эдгээр ТНБД нарынхаа үгэнд маш дуулгавартай орж, ажлыг нь хүндэтгэж байх хэрэгтэй шүү.

Дэд ажлын хэсгийнхэн түрүүнд Магнайсүрэн даргын хэлснээр ажлаа долоо хоног бүрийн лхагва гарагг хуралдана гээд л тохирчих хэрэгтэй.

Миний хувьд олон л хариуцлагатай ажилд томилогдож байсан. Тэдгээрийг ажиглаж байхад энэ зааланд хуралдаан хийхэд эхлээд дүүрэн байснаа хурал дундаа ороход нэлээн хэд нь алга болчихсон байдаг. Хуралдаан дуусахад тал нь алга болчихсон л байдаг юм. Тэгэхээр Оюутолгойн шалгалтын энэ Ажлын хэсэг тиймэрхүү хариуцлагагүй ажиллахгүй шүү гэдгийг Ажлын хэсгийн ахлагчийн хувьд эхнээс нь маш хатуу анхааруулж байна шүү. Миний хувьд олон удаа нэлээн хариуцлагатай ажлын хэсэгт орж ажиллаж байсны хувьд та бүхэнд хандаж ил захидал бичсэн байгаа. Түүнийг аваад та бүхэн “Миний эрх дарханд халдаж байна” хэмээн уурлаж бухимдах зүйл байхгүй шүү. Үүний дараа би дэд ажлын хэсгийн ахлагч нэг болгонтой уулзана. Та бүхэнд тараасан танилцах материалд яг ямар материал дутуу байгаа юм гэдгийг надад сайн тайлбарлаарай. Хэрвээ тийм зүйл байвал Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг анхнаас нь маш сайн судалсан эрдэмтэн мэргэдийн багаа оруулна. Тэдгээр мэргэжлийн хүмүүс та бүхэнд их сайн туслах болно. Тийм учраас та бүхэнд тараасан танилцах материалд дутуу материал гэж огт байх ёсгүй шүү. Жишээлбэл бидний зүгээс Гонгконгоос өчнөөн олон кантенер бараа авч ирүүлээд шалгаад болж л байсан болохоор ямар ч асуудал байхгүй. Гуравдугаарт давхардсан шалгалтууд олон байгаа. Тухайлбал Аудитын шалгалт, Засгийн газрын шалгалт гээд л явчихдаг. Тэгэхээр бүгдээрээ нэг бол бүгдийг нь задлаад ярилцъя, эсвэл ажлын хэсгүүд дээрээ бүгдийг нь цэгцэлж аваад нэг дүгнэлт, нэг дуу хоолойтой яриад нэг чиглэлийг УИХ дээр танилцуулж, мөн л нэг шийдвэр гаргуулах шаардлагатай. Түүнээс биш надад олон хүн ярьж байсан шиг “Тэрбишдагва аа чи одоо тэгчих, түүнийг нь болиулчих, түүнийг нь ингээд янзалчих” гэсэн юм байхгүй шүү. Яагаад гэвэл би Оюутолгойг шалгах Ажлын хэсгийн ахлагч, та бүгдийг зохион байгуулж, удирдах хүн. Энэ бүхний дараа та бүгдийн гаргасан санал дүгнэлтийг нэгтгэн цэгцлэж УИХ-аар оруулна. Оюутолгойн гэрээнд ямархуу засвар оруулах талаарх дүгнэлтээ Засгийн газарт танилцуулна. Гэхдээ бид “Чаддаг юмаа чадна, чадахгүй зүйлээ орхино” гэдгээ хэлэхгүй бол эцэст нь хууль дүрмээр хязгаарлагдах болохоор хэмжээндээ л байх ёстой. Харин миний ихээхэн баярлаж байгаа зүйл бол хууль тогтоогч УИХ-ын 13 гишүүн энэхүү амаргүй шалгалтын хэсэгт өөрсдийнхөө санаачлагаар орсонд ихэд баяртай, талархалтай байгаа.

Таван ТНБД-аар ахлуулсан дэд ажлын хэсгүүд эдгээр 13 гишүүнийг бүх л мэдээллээр хангаж ажиллах ёстой. Мөн огт болохгүй материал байвал түүнийгээ бидэнд хэлж заавар зөвлөгөө авч байх ёстой шүү. Нэг зүйл хэлэхэд одоо үүнээс хойш ингэж дахин дахин бөөнөөрөө цуглаад байхгүй. Ажлын хэсэг бүр өөрсөддөө ногдсон ажлаа л хариуцлагатай, зоригтой хийгээд явах ёстой. Өнөөдөр та бүгдийг цуглуулсан нь “Ийм том бүрэлдэхүүнтэй, ийм олон төлөөлөл орсон байна, ийм олон эрдэмтэн судлаачид орж, төр нийгмийн зүтгэлтнүүд орсон байна, төрийн албан хаагчид ч хангалттай орсон байна” гэдгийг л харуулах гэж, энэ багаараа бүгдээр томоохон шийдвэр, дүгнэлтэд хүрнэ шүү гэдгийг л тайлбарлахын тулд та бүхнийг цуглуулсан юм. Эцэст нь хэлэхэд Оюутолгойд бүх талын шалгалт хийж, Монголчууд газрынхаа баялагт эзэн суух ёстой гэдгийг Рио Тинтод мэдрүүлэхийн тулд бүгдээрээ чин шударгаар, ихээхэн зориг зүтгэлтэй ажиллах шаардлагатай шүү гэдгийг дахин хэлээд үгээ өндөрлөе.

Оюутолгойг шалгах Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ингэж хэлснээр хуралдаан өндөрлөж, таван дэд ажлын хэсгийн ахлагчид болох таван яамны ТНБД нар болон хуралдаанд оролцож байгаа УИХ-ын гишүүд үлдэцгээж нарийвчлан ярилцсан юм.

Харин миний бие Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг бүр анхнаас нь судлаж, багагүй зөрчил илрүүлээд байсан Уул уурхайн яамны зөвлөх мэргэжилтэн Балжинням гуайн зургийг авч байтал Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн, Уул уурхайн сайд Д.Сумьяабазар тун удахгүй ТУЗ-ийн гишүүнээс нь хасч өөр мэдлэг чадвартай хүн томилно гэсэн Д.Мөнхбаатар гэгчид хөөгдөн хурлаас гарсан юм...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (150.129.140.21) 2018-05-19 10:34
      • 0
      • 0

      Энэ олон хүний ил далд эрх ашигт нөлөөлөх асуудлын гогцоог зөв зүгт хандуулах хүсэл байгаа бол ажлын хэсэгт орсон гишүүдийг хамгаалалтанд байлгаж шалгуулбал шүүс гарах байх.Ээлжит шоу бол юуг ч илрүүлж чадахгүй учир нь үнэхээр эр зориг гаргаж шудрага ажиллая гэвэл ямарч эрсдэлтэй тулгарч мэднэ дээ

      Хариулах