Ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Хамарын хийд буюу Дэлхийн энергийн төв

Twitter Print
2019 оны 07-р сар 19-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Хамарын хийд буюу Дэлхийн энергийн төв болсон гайхамшигт газар луу аялаж эх дэлхийгээсээ энерги авч, Хүслийн уулнаа хүслээ шивнэхээр иргэд олноор зорчдог болсон. Иймд та бүхэнд тухайн газар орны үүх түүх болон хэрхэн зохион байгуулалттай зөв аялж зорчиж, зөв зөн үйл хийх талаар бяцхан зөвлөгөө өгье. 

Данзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамарын хийдийн Дүйнхорын дацанд Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайгаад Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьсанаас хойш 166 жил өнгөрчээ. 

Хамарын хийд байгаа газар бол энерги ихтэй, газрын доор амин судалтай хэмээн үзэж Шамбалын оронд зорчих цэгийг тодорхойлжээ. Энергийн төвд нар мандахтай зэрэгцэн очвол сайн хэмээнэ. Шамбалын орны эзнийг Улаан хүлэг баатар байдаг хэмээн үздэг.

Шамбалын орон гэдэг нь оюуны орон гэсэн үг бөгөөд зөвхөн сүнс юмуу оюун санаагаараа очиж чадах Бурхны орон гэсэн утгыг илэрхийлдэг. Одоо хийдийн дэргэд байгаа Шамбалын орныг тойруулан суварга бүхий хашаа босгож тохижуулж, Гаадамбын 77 боть судрыг залсан. Шамбалын орон 25 хаадтай бөгөөд жил бүр тэдэнд зориулан тус хийдийн лам нар тахилга үйлдэж ном уншдаг.

Бурханы мэлмий: Шамбалын орны үүд хэмээн нэрлэгддэг хана бөгөөд бурханы мэлмийг дүрсэлсэн байдаг. Дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж байсан гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээнэ. Энэ мэлмийг ширтэж бие, хэл, сэтгэлээр үйлдсэн гэмийг ариусган засахыг даатгаснаар засал ном уншуулаагүй хүмүүст засал болж байдаг. Аливаа хүн өөрийнхөө дотоод ертөнцийг эндээс нээж олдог хэмээнэ. Бодлоо төвлөрүүлж мэлмийг ширтсэнээр хоёр хөмсөгний хооронд байгаа цагираг эргэх шиг, нүд ирмэж байгаа юм шиг, хамрын хар хүрээ нь олон янзын гэрлээр солигдох туяарах гэх мэт мэдрэмж төрдөг байна. Тийм мэдрэмж өөрт төрж байвал энерги сайтай байна гэсэн үг ажээ. Хэрвээ хөдөлгөөн мэдрэхгүй бол энэ Шамбалын орноос сайн энерги хуримтлуулах хэрэгтэй хэмээн айлддаг.

Энергийн төвийн хойд дэнж дээр байх овоонд гурван удаа залбирч өмнөх тахилын ширээн дээрх цөгцнүүдэд идээ будаа өргөөд өмнө зүгт байх “Үлэмжийн чанар” дууны үг сийлээстэй суварганы дэргэд ирж таван бадаг бүхий бүтнээр нь дуулаад Шамбалын орны мөнгөн хаалгаар гарснаар эргэл мөргөлийн үйл ажиллагаа дуусна.

Сакура цэцгийн хөндий: Ноён хутагт маань зөвхөн Монгол орноор яваад зогсохгүй Манж, Түвд зэрэг газраар аялан ном хаялцаж, эрдэм авъяасаа ард олонд түгээж байсан гэдэг. Зөвхөн ном эрдмээс гадна одоогийнхоор нинжа нарын од хэлбэрт зэвсгийг гаргууд эзэмшсэн байжээ. Нэгэн удаа модны мөчрийг од шидэн тасар татахыг харсан нэгэн самурай хутагтыг бишрэн шавь орсон бөгөөд 3 жил Шамбалын оронд шавилан суусан ч энэхүү эрдмийг нь сурч чадаагүй ажээ. Нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон Сакура тарьж өгсөн ажээ. Хутагтын музейд самурайн сэлэм нь хадгалагдан үлдсэн байдаг.

Эхийн умай: Ийнхүү нэрлэгдсэн агуй бөгөөд ороод гарахад дахин төрсөн мэт сэтгэгдэл авч шинэ төрсөн хүүхэд шиг ариуслыг олж авдаг байна. Эхийн умайгаас дахин төрсөн хүмүүс өөр нэгэн хаданд очиж биеийнхээ бүхий л өвчтэй хэсгүүдийг үрж, өвчин зовлонгоо эдгээхийг даатгадаг ажээ.

Хүслийн хар уул: Хийдээс баруун хойно 20км гаруй зайд Хүслийн хар уул байх бөгөөд дээш өгсөх хоёр замтай, түр амрах хоёр буудалтай. Уулын бэлээс 100-гаад метр өгсөж нэг жижигхэн сүмд очно. Энэ нь эмэгтэйчүүд хүүхэд, настнуудын хүрэх цэг бөгөөд тус хайрханд зориулсан зан үйлээ энд хийнэ. Эрэгтэйчүүд нь дээшээ өгсөж тахилгатай оргилд гарч, оройд байх овоог тойрч мөргөн, гуйх зүйлээ хүсэж шивнэнэ. Энэхүү уулыг говийнхон эртнээс нааш тахиж ирсэн бөгөөд Хан Баянзүрх хэмээх албан ёсны нэртэй ажээ. Нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж иржээ. Уулын оройд байх овоо нь эрт цагт онголон дархалж аравнайлсан сүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэгдсэн байжээ.

1930 оноос өмнө овооны орой нь Хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэг бүхий титэм бүхий ганжиртай байжээ. Хан гэдэг нь тус ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд Хан, Богд, Гүн, Бээл, Бээс, Зайсан гэх мэт цолонд өргөмжлөгдсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг. Хамрын хийдээс зүүн хойш 2 километрт эрт үед лам нар сууж бясалгал үйлдэж байсан олон агуйнууд бий. Мөн эхийн умай хад, өвчин гэм арилгагч хад гэх мэтчилэн шүтэж биширдэг хаднууд бий.

Хамрын хийдээс 1.5 километр зайд хойноос урагш 2 га талбай хамарсан Луутын цав хэмээх газар бий. Улаан, шар, хөх шавар дов толгод бүхий цав юм. Эндээс Иогундант хэмээх өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийн ясыг судлаачид олжээ. Мөн өөр бусад төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс, дун хясаа зэрэг тэнгисийн амьтадын болон ургамлын үлдэгдэл элбэг байдаг.

Эх сурвалж: Guide төвийн захирал Ч.Буянбадрахын эмхэтгэн боловсруулсан "Монгол орны лавлах" ном

Жич: Хамарын хийд – Энергийн төв – Шамбалын орон – Хүслийн уул руу аялал хийж байгаа аялагчдад хувийн бэлтгэлээ базаахад хэрэг болох болов уу гэж доорх бяцхан зөвлөгөөг бэлтгэлээ. 

-Хүслийн уул буюу “Хан Баянзүрх Хайрхан”-д хүслээ шивнэхдээ сэржим өргөдөг.

-Будаа бүхий байгальд гэм хоргүй идээний зүйл

-Хүслийн уулан дээр чин сэтгэлээсээ хүслээ бичиж шатаадаг. 

-Шамбалын оронд орохын өмнө Мөөм овоонд эмэгтэйчүүд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн, сэтгэлийн өргөлөг болгон сүү өргөдөг.

-Хүслийн ууланд гарахад Хүүхдийн овоо таардаг. Энэ овоонд үр хүүхэд гуйж, сэтгэлээсээ идээ будаа өргөдөг.

- Арц, хүжийг хамарын хийд, 108 агуй болон уул овоо зэрэг газар уугиулж болдог.

Зургийг: Ц.Мөнхбаяр, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.