Спортын мастер Ж.Бямбасүрэн Эверестэд хөл тавьсан Монголын 7 дахь уулчин боллоо

Twitter Print
2018 оны 05-р сар 17-нд 10:23 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр Улаанбаатарын цагаар 13 цаг 47 минутанд уулын спортын мастер Бямбасүрэн дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд амжилттай авирлаа. Тэрбээр Эверестэд хөл тавьсан Монголын 7 дахь уулчин болж байна.

Монголын уулчдаас бас нэг уулчин Эверестийн оргилд гарлаа гэсэн мэдээлэл Непал улсаас ирлээ. Дэлхийн дээвэр ноён оргил Эверест далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт оршдог. “Хайрхан аялагч” клубыг үүсгэн байгуулагчдын нэг, уулсын спортын мастер тэрбээр энэхүү авиралтад 2017 оноос эхлэн бэлтгэж эхэлжээ. Өнгөрөгч сарын эхээр Непал улсыг зорьсон Ж.Бямбасүрэн энэ долоо хоногт Эверестийн үндсэн авиралтаа эхлүүлсэн юм.

Тэрбээр гадаадын найм, ширва долоо нийт 15 хүний багт багтсан байна. Дэлхийн дээвэр гэгддэг 8848 метр Эверестийн оргилд 2017 оныг дуустал нийт 8,306 хүн оргилд амжилттай дайралт хийсэн байна. Монгол улсаас дэлхийн зулай Эверестийн ноён оргилд Монголын уулчдаас хамгийн анхлан Г.Өсөхбаяр 2005 онд Непалын талаас, 2006 онд Төвдийн талаас 2 дахь удаагаа тус тус авирч төрийнхөө далбааг мандуулж байсан түүхтэй.

Тэгвэл ОУХМ Б.Гангаамаа 2011 онд Эверестэд гарсан анхны Монгол эмэгтэй болж, хойд Америкийн ноён оргил Макинли (6194 м), Австралийн Косцюшко (2230 м) зэрэг өндөр оргилуудад гарч монгол уулчны ууланд авирах ур чадварыг харуулсан байна. Мөн Монгол Улсаас Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа нараас гадна Гавьяат тамирчин Б.Цэвээндаш, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ, ОУХМ Л.Баярсайхан нар уулчин хүний хүсэл мөрөөдөл болсон дэлхийн зулайд Монголынхоо далбааг мандуулсан билээ.

Энэ түүхэн үйл явдал амжилтад нэгэн шинэ хуудас нээсэн уулчин бол Ж.Бямбасүрэн болж байна.

А.Алтанчимэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.