Сагадат Нурмаганбетовын нэрэмжит тэмцээнд ОУХМ Д.Цэндбаатар түрүүлжээ...

Twitter Print
2018 оны 05-р сар 16-нд 13:47 цагт
Мэдээний зураг,

Казакстаны хуучин нийслэл Алмата хотноо хуучнаар ЗХУ-ын армийн генерал Казакстан улсын иргэн Сагадат Нурмаганбетовын нэрэмжит XXII дугаар Олон улсын боксын “А” зэрэглэлийн тэмцээн өндөрлөхөд Монголоос спортын мастер дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор оролцсон ОУХМ Э.Цэндбаатар 64 кг-д алтан медаль хүртэж төрийн дуулаа эгшиглүүлжээ. Тэгвэл өмнөх тоглолтодоо шүүгч нарын булхайтай шүүлтээр Узбекстаны боксчинд ялагдаад байсан спортын дэд мастер Ц.Мөнхбаатар хүрэл медалийн эзэн болов. Олон улсын боксын “А” зэрэглэлийн өндөр нэр хүндтэй тус тэмцээнд ОХУ, Узбекистан, Киргиз, Тажикстан, Казахстан, Монгол зэрэг улсуудын шилдэг боксчид 10 жинд нийтдээ 128-уулаа  хүчээ сорьсон байна.

Энд онцлоход Олон улсын боксын холбооны нэг одтой дасгалжуулагч, спортын мастер Х.Хайнарын удирдлага дор Үндэсний шигшээ багийн дөрвөн боксчин Казахстаны цуврал тэмцээнүүдэд оролцож, завсар чөлөөгөөр нь Казакстаны боксчидтой хамтарсан бэлтгэл хийж байгаа юм. Тэдгээр дөрвөн боксчин нь ОУХМ А.Нурлан, Э.Цэндбаатар болон залуу боксчид болох Б.Сүххуяг, Ц.Мөнхбаатар нар юм. Сагадат Нурмаганбетовын нэрэмжит энэхүү тэмцээний дараа Монголын дөрвөн боксчин Казакстаны боксчидтой хийх дараагийн хамтарсан бэлтгэлийг Астана хотод хийхээр болсон гэнэ. Энэ талаар МБХ-ноос мэдээлэл авсан юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газар, Казахстан улсын БТС-ын Яамны хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын боксын холбооны дасгалжуулагч Х.Хайнар баг тамирчдаа удирдан хамтарсан бэлтгэлд оролцож байгаа юм. Багийн бүрэлдэхүүнд боксын үндэсний шигшээ багийн тамирчин, “Рио-2016” олимпийн наадмын 5-р байрын шагналт ОУХМ Э.Цэндбаатар, ОУХМ А.Нурлан, спортын мастер Б.Сүххуяг, спортын мастер Ц.Мөнхбаатар нар 4-р сарын сарын 18-наас 6-р сарын 18-ны хооронд 2 сарын хугацаанд хамтарсан бэлтгэл хийхээс гадна Казахстан улсад болох олон улсын “А” зэрэглэлийн 3 том тэмцээнд тулалдах хуваарьтай байгаа.

Казахстан улсад өнгөрсөн 1 сарын хугацаанд болсон Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс ОУХМ Э.Цэндбаатар 1 алт, 1 хүрэл, ОУХМ А.Нурлан 1 алт, спортын мастер Б.Сүххуяг 1 хүрэл медаль, спортын мастер Ц.Мөнхбаатар 1 хүрэл медаль тус тус хүртсэн амжилтыг үзүүлээд байна. Боксын үндэсний шигшээ багийн тамирчид хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаад 6-р сарын 6-11-ний өдрүүдэд Казахстан улсын Ерөнхийлөгч Назарбаевийн нэрэмжит тэмцээнд оролцоод эх орондоо ирэх юм.

Мөн боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч МУГД.Д.Батсүрэн, Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй боксын шигшээ багийн тамирчид Киргизстан улсын Ош хотод олон улсын хамтарсан бэлтгэл болон олон улсын тэмцээнд оролцохоор энэ сарын 10-ны өдөр эх орноосоо мордсон билээ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.