Хойд Солонгос АНУ-тай хийх дээд хэмжээний уулзалтаа эргэж харна

Twitter Print
2018 оны 05-р сар 16-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Солонгос болон АНУ 100 гаруй байлдааны нисэх онгоцыг хамруулсан "2018 Max Thunder" агаарын цэргийн сургуулилтыг хийж байгааг БНАСАУ-д “цохилт өгөх бэлтгэл” бөгөөд “өдөөн хатгалга” гэж Пхеньян үзэж байна. Уг цэргийн сургуулилт нь  энэ сарын 11-нд эхэлсэн бөгөөд 25-нд дуусах юм.

АНУ болон Өмнөд Солонгос ийнхүү хамтарсан цэргийн сургуулилт хийж байгаатай холбогдуулан Өмнөд Солонгостой лхагва гарагт буюу өнөөдөр хийхээр товлоод байсан дээд түвшний хэлэлцээгээ цуцалж байгаагаа Пхеньян мэдэгдлээ.

Өнгөрсөн сарын 27-нд болсон хоёр Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг, тухайлбал Солонгосын дайныг албан ёсоор дуусгахын тулд энхийн хэлэлцээр байгуулах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах тухай тохиролцоог ажил хэрэг болгох төлөвлөгөөг боловсруулах асуудлыг өнөөдрийн уулзалтын үеэр авч хэлэлцэхээр тохироод байсан билээ.

Тэрчлэн ирэх сарын 12-нд Сингапурт хийхээр төлөвлөөд байсан АНУ-ын ерөнхийлөгчтэй хийх дээд хэмжээний уулзалтын асуудлыг эргэж харна гэсэн агуулга бүхий мэдэгдэл хийснийг Америкийн засаг захиргаа судалж үзэж байна хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Ингэхдээ хэвлэлийн төлөөлөгч Хойд Солонгосын зүгээс албан ёсны мэдээлэл хүлээж аваагүй гэдгээ тодруулсан байна. 

Р.Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.