Ким Жон Ун цөмийн мэргэжилтнүүдээ яах бол...

Twitter Print
2018 оны 05-р сар 16-нд 11:22 цагт
Мэдээний зураг,

Дөрөвхөн хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Хэрвээ Хойд Солонгос цөмийн туршилтын талбайгаа бүрэн устгаж, хойшид дахин цөмийн туршилт огт хийхгүй гэдгээ 100 хувь нотлон харуулж, ажил хэрэг болговол энэ улсад эдийн засаг, санхүүгийн томоохон туслалцаа үзүүлж, НҮБ-аас тогтоосон бүх хоригийг цуцлан Хойд Солонгосыг Өмнөд Солонгосын хэмжээнийн эдийн засаг, хөрөнгө санхүүгийн боломжтой болгох талаар бүх талын туслалцааг үзүүлэх болно” хэмээн мэдэгдсэнийг АНУ-ын хэвлэл мэдээллүүд өргөн хүрээтэй сурталчилсан билээ. Д.Трамп ийнхүү огцом мэдэгдэл хийсэн нь Ким Жон Ун цөмийн зэвсгээсээ бүрэн ангижрахаар шийдсэнээ зарласантай холбоотой нь тодорхой билээ.

Ким Жон Ун болон Хойд Солонгосын бусад эрх баригчид ирэх долоо хоногийн дундуур цөмийн туршилтын талбайгаа буулгах ажиллагааг Олон улсын хараа хяналт дор гүйцэтгэхээ амласан бөгөөд, энэ ажлын бэлтгэлийг хангаж эхлээд байгаагаа ч зарласан. Хойд Солонгосын удирдлагуудын зүгээс АНУ болон НҮБ-ын хараа хяналт дор өөрийн цөмийн туршилтын баазаа устгаж, тэднээс эдийн засгийн болон хөрөнгө санхүүгийн томоохон дэмжлэг авахаар идэвхтэй ажиллаж эхлээд байгаа нь улс эх орноо Олон улсын найдвартай хамгаалалтад оруулах, ард иргэдээ хагас өлсгөлөн, цалин мөнгөний хүрэлцээгүй байдлаас ангижруулахад гол анхаарлаа хандуулж байгаагийн нотолгоо юм. Гэхдээ 2012 оноос хойш идэвхтэй хэрэгжүүлж ирсэн цөмийн технологио бүрэн устгах энэхүү асуудлаас багагүй хохирол амсаж мэдэх олон тооны мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудынх нь цаашдын хувь заяа ихээхэн анхаарал татсан асуудал болоод байгаа юм. 

Хойд Солонгосыг АНУ-ын аль ч эрэгт хүрч, ихээхэн хохирол учруулахуйц цөмийн бөмбөг бүтээхэд өндөр мэргэжил, боловсролтой 200 эрдэмтэн, 2,000 орчим инженер, 6,000 орчим техникч, нийт 10,000 нарийн мэргэжлийн хүмүүс ажилласан гэдгийг БНСУ-ын хэвлэлүүд онцолж байсан. Харин сүүлийн үед АНУ-ын ТТГ-ынхан “Хэрвээ Хойд Солонгосыг хүчин чадал сайтай цөмийн бөмбөгтэй болгоход голлон анхаарч, ихээхэн үр дүнтэй ажиллаж байсан тэдгээр нарийн мэргэжилтнүүд Хойд Солонгосын иргэд хэвээрээ үлдвэл хэзээ нэгэн өдөр дахин цөмийн зэвсэг бүтээх боломжтой” хэмээн мэдэгдсэн нь ихээхэн шуугиан тариад байгаа юм.  

Урьд нь АНУ-ын ТТГ-ын даргаар ажиллаж байгаад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болсон Майк Помпео саяхан Ким Жон Унтай уулзахдаа цөмийн хөтөлбөртэй холбоотой бүх бичиг баримтыг устгаж, цөмийн зэвсгээ гурав дахь оронд цөмийн хаягдал болгон илгээх асуудлыг ярилцсан байдаг. Нэг үгээр хэлбэл Хойд Солонгосыг дахин цөмийн зэвсэг бүтээх чадваргүй болгох бүх арга хэмжээг авах гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тушаалыг Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нь гүйцэтгэж явсан нь тэр юм. Дэлхийн түүхээс харвал цөмийн технологийн бүх л боломж, тэнд тэмдэглэгдсэн оюуны өндөр мэдлэг, чадварыг хяналтандаа байлгахын тулд мэргэжилтнүүдийг нь шилжүүлэн авах тохиолдол их байдаг ажээ. Тухайлбал 1991 онд Зөвлөлтийн Цөмийн Аюулыг бууруулах гэрээний хүрээнд Зөвлөлтийн 58,000 мэргэжилтэнд АНУ энхийн зориулалттай, өндөр технологийн 580 орчим ажлын байр гарган өгч ихэнх мэргэжилнийг нь АНУ-ын иргэн болгож, өндөр цалин хөлстэй ажлын байраар хангаж байсан гэдэг. Түүнээс бүр өмнө 1945-1949 оны хооронд АНУ нууцаар фашист Германы 1,600 орчим пуужингийн эрдэмтэн, инженер, техникчдийг өөртөө шилжүүлэн авч, сансар судлалын болон ЗХУ-тай зэвсгээр өрсөлдөх хөтөлбөрүүддээ ажиллуулсанаар АНУ нь  даян дэлхийд цөмийн зэвсгийн хүчин чадлаар тэргүүлэгч гүрэн болох нөхцөл боломжоо хангасан гэдэг.

Нэгэнт учир байдал ийм нь тодорхой тул цөмийн технологийн чадварлаг мэргэжилтнүүдээ алдвал ямар аюултайг Пакистаны цөмийн физикч Абдул Кадир Ханы жишээнээс ч  харж болох юм. Улирч одсон 1980-1990 оны үед Абдул Кадир Хан нь Хойд Солонгос, Иран, Ливид цөмийн зэвсгийн технологи дамжуулж байсан нь Хойд Солонгос цөмийн хүчирхэг бөмбөгтэй болох, өнөөдөр АНУ болон Их Британи, Франц, Австрали улсуудыг айлгаж, АНУ-ыг Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрээс гаргасан Ираны цөмийн бөмбөг бүтээх ажиллагаа идэвхжиж байгаагаас тодорхой харагдаж байгаа юм. Хэдийгээр Пакистаны засгийн газар түүнийг цөмийн технологи задруулан зарсан хэргээр шийтгэж, 2004-2009 оны хооронд гэрийн хорионд байлгаж байсан ч өнөөдөр Иран улс цөмийн бөмбөг бүтээхээр улайрч байгаа болон саяхан л дэлхий нийтийг айлган сандруулж байсан Хойд Солонгосын цөмийн хүчирхэгжилт зэрэгт аль хэдийнэ үүргээ гүйцэтгэчихсэн байсныг мартаж болохгүй юм. Тэгвэл ирэх сарын 12-нд Сингапурт болох АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хэлэлцээрийн үеэр Хойд Солонгосын 10.000 орчим цөмийн мэргэжилтнүүдийн цаашдын хувь заяаг хэрхэн шийдэх нь дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа асуудал болж байна.

Магадгүй тэдгээр өндөр мэдлэг, чадвартай мэргэжилтнүүдийн олонхийг АНУ-ын эрх баригчид ихэд сонирхож, нэлээд хэсгийг нь АНУ-д оруулах, иргэнээ болгон ажлын байраар хангах, зарим хэсгийг нь Баруун Европын түншүүддээ санал болгон хуваарилж ч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Түүнчлэн БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин ч энэ асуудлыг анхаарлынхаа гадна үлдээхгүй л болов уу. Учир нь 2017 оны 10 дугаар сарын 18-нд эхэлж байсан Хятадын Коммунист намын 19 дүгээр Их хурал дээр Си Жиньпин дарга тавьсан илтгэлдээ "2050 он гэхэд БНХАУ нь нийт эдийн засгийн хүчин чадал, хөрөнгө санхүүгийнхээ хэмжээ, цэрэг зэвсэглэлийнхээ тоо, боломж нөхцлөөр ч АНУ-ыг гүйцэн түрүүлж, дэлхийд тэргүүлэгч гүрэн" болно гэдгээ тунхаглан зарласан билээ.

Тэгэхээр БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин болон эрх баригчдын хувьд Хойд Солонгосыг хүчирхэг цөмийн пуужинтай болгож, дэлхий нийтийг чичрүүлж дөнгөсөн цөмийн чадварлаг мэргэжилтнүүд хараа хяналтнаас нь төдийлөн гадуур үлдэхгүй нь ойлгомжтой юм. Түүнчлэн Австрали, магадгүй БНСУ-ын зүгээс ч тэднийг боломжийн хэрээр сонирхож, өөрсдийн иргэд болгохоор хөөцөлдөж ч болзошгүйг мэдээлэхэд илүүдэхгүй. Товчхон дүгнэхэд ирэх сарын 12-нд болох Д.Трамп, Ким Жон Ун нарын анхны уулзалтаар Хойд Солонгосыг хүчирхэг цөмийн бөмбөгтэй болгож дөнгөсөн 10.000 гаруй цөмийн мэргэжилтнүүдийн хувь заяа хаашаа ч эргэж болзошгүй байгаа нь Олон улсуудын анхаарлын төвд ороод байгаа асуудал юм...

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.