Одон медаль бус, хайр, бахархлаар мялаалгах нь хамгийн том шагнал

Twitter Print
2018 оны 05-р сар 16-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр би "Соёмбо" гэдэг бичиг хэргийн дэлгүүр орлоо. Хайрцаг дүүрэн медаль үнэмлэхтэй нь авч байгаа хүнтэй таарав. Цэцэрлэг төгсч байгаа хүүхэд бүртээ ангийн багш нь тус бүрийн давуу сайн талыг нэр цол болгож бичээд медаль дээр нь нааж үнэмлэхийг нь бичиж гардуулна гэнэ. Ямар сонин сэтгэлгээтэй багш вэ гэж бодлоо. За яахав мэр сэр тийм багш байх гэж бодоод өнгөртөл өнөөдөр өглөө ийм посттой таарав. Гаж сэтгэлгээ бүр хөгжлийн өндөр түвшинд хүрчээ.

Орчин үеийн сурган хүмүүжүүлэх онолд recognition of success гэсэн хүүхдийн сурах хөгжих сэдэлд сайнаар нөлөө үзүүлдэг үйл явцыг чухалд авч үздэг Гэхдээ энэ нь бидний махчилан ойлгож буйгаар амжилт бүрийг нь урамшуулах, урамшуулах арга хэлбэр нь шагнах, шагнал нь медаль, медаль өгөхөө шийдэхийн тулд шалгах, уралдуулах, ялгах гэх мэтээр хадуураад явахыг хэлдэггүй юм. Харин хүүхэд зөв зүйл хийснээ, суралцах зорилгодоо хүрснээ, зөвөөр үйлдсэнээ ухаарч ойлгох, үүнийг хийхийн тулд өөрийн болон бусдын зарцуулсан хүч хөдөлмөр чармайлтыг ойлгох, гаргасан ахиц амжилтандаа баярлаж бахархах, бусдад зөвийн үлгэр дуурайлал болохыг таниулахыг хэлдэг билээ. Энэ бол цэвэр хөдөлмөр, сурлагад хандах хандлагыг төлөвшүүлэх сэтгэл зүйн процесс. Тиймээс хүүхдийн өсөлт хөгжил нь өөрөө шагнал юм. Хүүхэд би их олон шүлэг мэддэг боллоо гэж баярлах ёстой, хичээж цээжилсэн өөртөө, зааж өгсөн багшдаа, тусалсан найздаа аав ээждээ талархах ёстой юм байна гэж ойлгох, цээжилсэн шүлгээ тэдэндээ уншиж өгөх нь зааж сургасан бүх хүндээ үзүүлж байгаа хүндлэл юм байна, дахиад нэмж сураад байвал бүгд баярлах юм байна, би улам илүү хичээе гэж бодож урамших ёстой болохоос би ангийнхаа аварга уран уншигч болсоон ийм медаль надад өгсөн гэж онгирч баярлах албагүй юм. Хайр бахархлын харцаар мялаалгах нь хамгийн том шагнал гэдгийг хүүхэд багаасаа ойлгоосой. Харин одон медаль бол хүн бүр авах албагүй, тэр бүр өгөөд байдаггүй гэдгийг томчууд нь үйлээрээ үлгэрлэж өгөөсэй.

Сүржин нэртэй энэ байгууллагад харин "Сургуулийн өмнөх боловсролын багшаа л хөгжүүл л дээ. Хүний жаахан хүүхдэд медаль зардаг бизнесээ болио. Багаас нь өвөө нар ч зүүдэггүй хэлбэр хийцтэй медалиар хүүхдийг буруу хүмүүжүүлэх эрх байхгүй" л гэж хэлье дээ.

Норовсамбуугийн Нарантуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.