Д.Трамп Ким Чен Ун нар Сентоза арлын "Capella hotel"-д уулзана...

Twitter Print
2018 оны 06-р сар 07-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын ХХI зууны түүхэн дээд хэмжээний уулзалт Сингапур улсын Сентоза арлын "Capella hotel"-д болоход ердөө л тавхан хоног үлдээд байна. Энэ талаар Цагаан ордны Хэвлэлийн төлөөлөгч өчигдөрхөн мэдээлсэн юм. Уг нь долоохон хоногийн өмнө Д.Трамп "Энэ уулзалт цуцлагдаж байгаа" хэмээн мэдээлж байсан ч эргэн буцаж хэвийн байдалд шилжжээ.

Сентоза аралд байрлах дээд зэрэглэлийн "Capella" зочид буудалд зөвхөн "А" зэрэглэлийн зочдыг хүлээн авдаг бөгөөд уг дээд зэрэглэлийн зочид буудлыг Их Британий архитектор Норман Фостерийн загвараар барьж байгуулсан гэдэг. 

Дээд зэрэглэлийн "Capella" зочид буудалд болох энэ уулзалтын талаар Д.Трамп мэдээлэхдээ Сингапурт Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийх хэвээр байгаагаа өнгөрсөн баасан гарагт зарласан билээ. Энэ тухай тэрбээр Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чольтой уулзсаныхаа дараа мэдэгдсэн юм.

Ким Ён Чоль Нью-Йорк хотод АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хоёр өдрийн яриа хэлэлцээ хийснийхээ дараа Цагаан ордонд айлчилж, Д.Трамптай уулзсан бөгөөд тэрхүү уулзалт нь 1 цаг 30 минут үргэлжилсэн байдаг.

Уулзалтын үеэр Умард Солонгосын төлөөлөөгч Ким Чөн Унаас илгээсэн захидлыг Д.Трампт дамжуулан өгсөн бөгөөд захидалд юуны талаар дурдсан нь тодорхойгүй байсан. Талууд хэд хэдэн асуудлыг тэр дундаа Солонгосын дайныг дуусгах асуудлыг хэлэлцсэн бөгөөд уулзалт дуусах үед Д.Трамп Ким Ён Чолийг биечлэн гаргаж өгсөн байдаг.

 
Умард Солонгосын удирдагчтай хийх уулзалтаа цуцалж байгаагаа Д.Трамп долоо хоногийн өмнө мэдэгдэж байсан хэдий ч Ким Ён Чольтой уулзсаныхаа дараа тэрбээр тус уулзалтыг хийх бодолтой хэвээр байгаагаа ийнхүү мэдэгдсэн билээ. Түүнчлэн тэрбээр Умард Солонгосын эсрэг авч хэрэгжүүлж магадгүй хориг арга хэмжээнүүдийг одоохондоо авч хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдэхийн сацуу Умард Солонгосын "Дээд зэргээр шахалт үзүүлэх" гэдэг үгийг дахин ашиглахыг хүсэхгүй байна гэж мэдэгдсэн юм.

Өнөөдөр Хойд Солонгосыг удирдаж байгаа Ким Чен Уны талаар бяцхан түүх сөхвөл Ким Жон Уны өвөө Хойд Солонгосыг үндэслэн байгуулагч Ким Ир Сен болон түүнийг залгамжлагч өнөөдрийн удирдагчийн аав Ким Чен Ир нар Өмнөд Солонгос болон тэдний хамгаалагч, ойрын холбоотон АНУ-тай хэзээ ч хэлэлцээр хийж, нэг ширээнд сууж байгаагүй түүхтэй.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа дэгдсэн хамгийн томоохон дайн бол Хойд болон Өмнөд Солонгосын хооронд 1950 оны зургаадугаар сарын 25-наас 1953 оны долоодугаар сарын 27-ны хооронд болсон дайн юм. Хоёр Солонгосын аль аль нь нийт Солонгосыг өөрийн удирдлага доор нэгтгэх зорилготойггор дайтсан түүхтэй. Тухайн үед Өмнөд Солонгосыг АНУ ба өрнөдийнхөн, Хойд Солонгосыг ЗХУ, БНХАУ зэрэг коммунист орнууд дэмжин тусалснаар тэд дайны эхэнд Өмнөд Солонгосыг бараг л эзлээд байсан түүхтэй. Мэдээж хоёр Солонгосын хооронд өрнөсөн тэр дайн нь хүйтэн дайны үеийн хамгийн том дайн байсан билээ.

Дайны эхний өдрүүдэд Хойд Солонгосын арми маш амжилттай урагшлаж, зургаадугаар сарын 28 гэхэд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотыг эзэлсэн байдаг. Хойдууд НҮБ-ын удирдлага доор гадаадын цэргийн хүч ирж амжихаас өмнө Солонгосын хойгийг нэгтгэж амжина гэж итгэж байсан байдаг. Тэгээд ч тэр оныхоо наймдугаар  сарын дунд үе гэхэд Солонгосын хойгийн 90%-ийг Хойдууд эзэлж, зөвхөн Бусан хот орчим нь өмнөдүүдийн мэдэлд үлдсэн гэдэг. Гэхдээ удалгүй Америкчуудын тусламж, цэрэг зэвсгийн оролцоотойгоор Хойдууд түрэгдэн шахагдаж, гуравхан жилийн дараа дайн дууссан түүхтэй.

Тэгвэл 1953 оны долоодугаар сараас хойш дайны байдалтай байсан хоёр Солонгосын одоогийн удирдлагууд болох Ким Чен Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд Хоёр Солонгосын хилийн дундын Панмунжом зэвсэггүй бүсэд анхны түүхэн уулзалтаа хийсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд орсон билээ. Ким Чен Ун ийнхүү 1953 оны Солонгосын дайнаас хойш зэвсэггүй чөлөөт бүсэд хөл тавьсан Хойд Солонгосын анхны удирдагч болсон бөгөөд түүний өвөө Ким Ир Сен, Ким Жон Ир нар энд хөл тавьж байгаагүй гэдэг. Хоёр Солонгосын анхны энэхүү түүхэн уулзалтын өмнө Хойд Солонгост хөл тавьсан тухайн үеийн АНУ-ын ТТГ-ын дарга асан, өнөөдөр бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хойд Солонгост ажиллаад ирснийхээ дараа Мүн Жэ Ин болон Ким Чен Ун нарын уулзалтыг тавдугаар сарын эхээр болно хэмээн мэдэгдэж байсан ч хоёр Солонгосын удирдагчид анхны уулзалтаа тэгтэл нь хойшлуулахыг хүсээгүй билээ. Тиймээс ч анхны уулзалт нь дөрөвдүгээр сарын сүүлчээр болсон бол өнгөрсөн тавдугаар сард Хойд Солонгосын талаас Өмнөд Солонгост хандан дээд хэмжээнд дахин хэлэлцээр хийе гэсэн санал тавьсан билээ. Өмнөдийн тал үүнийг нь хүлээн авч, өнгөрсөн сарын 16-нд хоёр улсын дээд албан тушаалын төлөөлөгч нар цэрэггүй бүс Панмунжомд дахин уулзсан билээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Нэгдмэл байдлын асуудал эрхэлсэн яамнаас мэдээлсэн байсан. Хойд Солонгосын талаас хэлэлцээрт 29 хүнтэй төлөөлөгчдийн багийг илгээх санал тавьж гүйцэлдүүлсэн. Түүнчлэн “Рёнхап” агентлагийн мэдээлснээр БНАСАУ-ын төлөөлөгчдийг тус улсын Энх тайван, эв нэгдлийн хорооны дарга тэргүүлсэн байдаг. Хойд Солонгосын төлөөлөгч нарын дотор түүнчлэн спорт, эдийн засгийн асуудал хариуцсан түшмэд болон сэтгүүлч нар ч байлцсан.

Хойд Солонгос нь дээрх дээд хэмжээний хэлэлцээрийг дөрөвдүгээр сард хоёр Солонгосын удирдагчдын уулзалт болсон Панмунжомд хийе гэсэн саналыг тавьж өмнөдийн тал ч зөвшөөрсөн билээ. Хоёр орны төлөөлөгч нар Ким Чен Ун, Мүн Жэ Ин нарын байгуулсан гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар болон цаашид ямар ажлуудыг хийхээ ярилцаж тохиролцсон.  Ийнхүү хоёр Солонгос хэл амаа ололцсоор байгаа бол ирэх 12-нд Ким Чен Унтай Сингапурт уулзахаа зарласан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэдхэн хоногийн өмнө “Хэрвээ Хойд Солонгос цөмийн зэвсэглэлээсээ бүрэн татгалзаж, бидний тавих саналуудыг 100 хувь дэмжвэл АНУ болон манай холбоотнуудын зүгээс Хойд Солонгост эдийн засгийн бүх талын туслалцаа үзүүлж, тус улсыг БНСУ-ын хэмжээний эдийн засаг, хөрөнгө санхүүгийн боломжтой улс болгохоор бүх талаар тусалж дэмжих болно. Энэ ажил тийм ч удаан хугацаанд үргэлжлэхгүй. Бүх талаар хурдацтай хөгжиж дэвжих боломжийг бидний зүгээс бүрдүүлэхэд онцгой анхаарна” хэмээн мэдэгдсэн нь Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун болон ард иргэдийнх нь сэтгэлд гойд нийцэж байгаа нь тодорхой юм. Ямартай ч олон жил эдийн засаг, хөрөнгө санхүүгийн хямралтай байж, ард иргэд нь хагас өлсгөлөнгийн байдалтайгаар өдөр хоногийг өнгөрүүлсээр ирсэн Хойд Солонгос нь дэлхий нийт, тэр дундаа АНУ болон Япон, БНСУ-ын эрх баригчдыг цаг ямагт айлган сүрдүүлж, АНУ-ын аль ч эрэгт тусч чадахуйц цөмийн бөмбөгийн туршилт хийсээр ирснээ ийнхүү зогсоож, НҮБ-ын зүгээс тогтоосон эдийн засаг, хөрөнгө санхүүгийн хоригоос мултарч, улс шиг улс болох зам дээрээ зогсоход алхам алхмаар ойртож эхэллээ.  

Хэрвээ Д.Трамптай уулзахдаа ихэд аядуухан байж, түүний хэлсэн болгоныг биелүүлэхээ гарын үсэг зуран баталгаажуулж, хэлсэн үгэндээ эзэн болвол Ким Жон Ун Хойд Солонгосыг тун их удалгүй Азийн бас нэгэн хүчирхэг эдийн засагтай, ард иргэд нь аз жаргалтай амьдралд умбасан, ирээдүй нь гэрэлтсэн орон болгох нь тодорхой болж байна. Гэтэл хүн ам нь 3.2-хон сая мөртлөө удахгүй 90 сая толгой малтай болох гэж байгаа, газрынхаа хөрсөнд алт, мөнгө, газрын тос, зэс, жонш, нүүрс, цагаан тугалга, төмрийн хүдэр гээд түмэн баялагтай ч 3.2-хон сая иргэнийх нь 70-80 хувь нь банкны өр зээлд баригдсан, эрх баригчид нь эх орноо гадны дээрэмчдэд худалдаж, хамтран хулгайлж, хээл хахуулиар баяжицгаасан Монголтой Хойд Солонгосыг зүйрлэх аргагүй хөгжил дэвшил өөд урагшлах нь тодорхой болж байх шиг байна.

  

Хойд Солонгосыг хөл дээр нь босгохоо амлаж байгаа АНУ, БНСУ, Японоос гадна Хойд Солонгосын эскпорт, импортын 90 хувийг ханган нийлүүлж, газрын тос, хоол хүнс, тоног төхөөрөмж нийлүүлсээр ирсэн БНХАУ-ын дарга Си Жиньпин Ким Чен Унтай өнгөрсөн сарын 8-9-нд БНХАУ-ын Далянь хотод уулзахдаа "Хэрвээ Д.Трамптай хийх уулзалтаа амжилттай өрнүүлж, цөмийн зэвсэглэлийн үйл ажиллагаагаа дахин сэргээхгүйгээр бүрэн устгавал БНХАУ-ын зүгээс үзүүлэх эдийн засаг, хөрөнгө санхүүгийн дэмжлэг туслалцаагаа үе шаттайгаар огцом нэмэгдүүлж, Хойд Солонгосыг хөгжлийн цоо шинэ зам дээр гарахад бүх талаар идэвхитэй туслах болно" хэмээн мэдэгдсэн байдаг. Ийнхүү хөрөнгө санхүү, эдийн засгийн хөгжлийн хувьд дэлхийд тэргүүлэгч АНУ, Япон, БНСУ, БНХАУ-ын удирдлагуудын зүгээс "Ким Чен Ун цөмийн зэвсэглэлээр дахин хөөцөлдөхгүй, цөмийн туршилтын талбайгаа бүрэн устгаж дахин тэр талаар асуудал үүсгэхгүй гэсэн амлалтаа 100 хувь биелүүлвэл эдийн засаг, санхүүгийн хувьд бүх талаар туслалцаа үзүүлж, Ази тивд дахин нэгэн хүчирхэг эдийн засагтай улсыг гаргаж ирэхэд бэлэн байна" гэсэн амлалтаа хэрэгжүүлж эхлэхэд их л ойртож ирлээ. Ким Чен Ун өөрөө ч амралтаа биелүүлж, олон орны сэтгүүлчдийг байлцуулан цөмийн зэвсгийн талбайгаа устгаад байгаа билээ.

Харин Хойд Солонгосыг бодвол агуу их эцэг өвгөдийнхөө үр хойчдоо үлдээж өгсөн энэ өргөн дэлгэр нутаг орон, газрынх нь хөрсөнд булаатай байсан энэ олон төрлийн баялагт Англи, Канад, Австрали, БНХАУ, АНУ-ууд эзэн сууцгааж, ард иргэд нь банкны өр зээлд баригдаж гүйцсэн Төв Азийн Монголыг хэзээ бурхан ивээж, хулгайлан завшигч, хээл хахуулиар баяжицгаасан эрх баригчдынх нь нүглийг эдлүүлж, цөмөөрөнг нь шударга шүүхийн өмнө зогсоож, хулгайлсан хөрөнгийг нь хурааж, өөрсдийг нь олон жил шоронд суулгах нь огт тодорхойгүй, Оюутолгойн баялаг гадагшаа урссаар байгаа ч Монголчуудад ямар ч хүртээлгүй шахам өдөр хоногийг өнгөрүүлсээр байнам. Энэ бүхэн хэзээ зогсож, Монголчууд эд баялагтаа эзэн сууцгааж, ганц олдсон амьдралаа аз жаргалтай өнгөрүүлж дуусгах нь огт тодорхойгүйгээр, он жилүүд урссаар л байгаа нь гунигтай....

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.