Хөлбөмбөгийн ДАШТ-д Аргентиний шигшээ баг 16 удаа оролцсон

Twitter Print
2018 оны 05-р сар 15-нд 14:36 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ эхлэхэд 30 хоног үлдлээ. Энэ удаад хөлбөмбөгийн фанат, үзэгчид та бүхэндээ Аргентиний шигшээ багийн амжилт, ялалт, түүхэн тоглолтуудын мэдээллийг хүргэе.

 

Дасгалжуулагч: Хорхе Сампаоли

  • Багийн ахлагч: Лионель Месси

  • Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Хавьер Занетти

  • ФИФА-ийн чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 5

  • ДАШТ-д оролцсон тоо: 16 удаа оролцсон бол 1938, 1950, 1954 болон 1970 онуудад өнжсөн.

  • ДАШТ-д үзүүлсэн амжилт: 1978, 1986 онуудад алтан медаль хүртэж 1990 болон 2014 онд мөнгөн медаль хүртсэн.

Москва хүрэх замд:

Алдарт Марадонагийн эх орон Аргентин улсын шигшээ баг ОХУ-д болох ДАШТ-ний сонгон шалгаруулалтыг тун адармаатай, хүндхэн туулж эцсийн мөчид тизээ захиалах эрхийг авсан. Сонгон шалгаруулалтыг Ж.Мартиногийн удирдлага дор эхлүүлсэн ч 2016 оны зун дасгалжуулагчаа явуулж оронд нь Э.Баузаг томилсон. Гэвч мөн л жилийн дараа Э.Бауза ажлаа хүлээлгэн өгч Х.Сампаолиг шигшээ багийн дасгалжуулагчаар томилсон.

Мөн энэ хугацаанд багийн лидер Л.Месси 2016 оны 6 сард явагдсан Копа Америка тэмцээний дараа шигшээ багаасаа зодог тайлж буйгаа зарласан. Энэ мэт дуулиан шуугиан Аргентины шигшээ багийг нэг цул болгож чадахгүй байсны дээр дэлхийн аваргад орох нь ч эргэлзээтэй байдал үүсэж байсан. Гэвч эцсийн мөчид шинэ дасгалжуулагч Х.Сампаолигийн удирдлага дор Аргентины шигшээ баг нэгэн цул болж Л.Месси ч олон хүний ятгалгын үр дүнд шигшээ багтаа эргэн ирсэн. Ингээд Аргентин улсын шигшээ баг дэлхийн аваргын шийдвэрлэх тоглолтоо 2017 оны 10 сард Эквадорын эсрэг хийн 3-1 харьцаатай хожиж дэлхийн аваргын эрхээ авч чадсан юм. Аргентин улсын шигшээ баг Өмнөд Америкийн бүсээс 18 тоглолт хийж 7 хожил, 7 тэнцээ, 4 хожигдолтой 3-р шалгарсан.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

Аргентин улсын шигшээ багийн дасгалжуулагч Х.Сампаоли ирэх сарын 27-нд урьдчилсан байдлаар 30 тоглогчоо зарлах бол 6 сар гаргаад албан ёсоор дэлхийн аваргад оролцох 23 тамирчны нэрийг мэдүүлэх ёстой.

ДАШТ-ний хэсэг:

D хэсэгт Европ тивийн төлөөлөл Исланд, Хорват болон Африкийн Нигери улсуудтай багтсан. “Супер бүргэдүүд” буюу Нигерийн шигшээ багтай 2017 оны сүүлийн нөхөрсөг тоглолтонд хожигдсон нь нэгийг бодогдуулсан байх. Хорватын шигшээ баг бол хэзээ ч амар өрсөлдөгч биш юм. Аргентины шигшээ баг дэлхийн аваргын эхний тоглолт бол сүүлийн хэдхэн жилийн дотор хөлбөмбөг нь гайхалтай хурдацтай хөгжиж байгаа  Исландын эсрэг хийх тоглолт юм. Энэ тоглолтоос заавал хожил авахгүй бол дараагийн хоёр өрсөлдөгч нь тийм ч амаргүй өрсөлдөгчид.

Багийн түлхүүр тоглогч:

Дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси хэмээх гайхамшигтай нэгэн энэ багт бий. Шигшээ багтаа хэнтэй ч харьцуулшгүй шилдэг нь бол Л.Месси. Л.Месси эргэн ирж байж шигшээ багаа дэлхийн аваргад явах эрхийг нь авч өгсөн гэж хэлбэл нэг их хол зөрөхгүй байх. Түүний дотор 2014 оны мөнгөн медалийнхаа өнгийг хувиргах нууцхан бодол байгаа нь мэдээж юм.

А.Алтанчимэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.