"Ван трейд"-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болголоо

Twitter Print
2018 оны 05-р сар 15-нд 10:59 цагт
Мэдээний зураг,

Богд хааны ордон музейн талбайд АПУ-гийн охин компани болох "Ван трейд" компани нь хөлбөмбөгийн асар барихаар хашиж, уушийн газар барьж байсныг иргэд, олон нийт эсэргүүцсэнээр ерөнхийлөгчийн сонорт хүрч, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр очиж газар дээр нь танилцсан билээ. 

Хууль зөрчсөн энэхүү үйлдлийг эсэргүүцэж Богд хааны ордон музейн хамт олон болоод урлаг соёлын төлөөллүүд өчигдөр Амгалан энхийн хаалганы өмнө хэвлэлийн хурал хийсэн юм. 

Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан нар Богд хааны ордон музей болон Дондогдулам хатны бунхан, гэрэлт хөшөөг хамгаалах чиглэлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт шаардлага хүргүүлсэн. 

Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсийн 5.7 га газраас 2.3 га-г нь 2010-2013 онд хууль зөрчин иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон байдаг. Иймд гишүүдийн зүгээс  Ерөнхий сайд болон БСШУС-ын сайд, Нийслэлийн Засаг дарга нарт дараах дөрвөн заалт бүхий шаардлага хүргүүлсэн. Үүнд: 

Нэгдүгээрт, Засгийн газрын 2001 оны 96 тоот тогтоол, Соёлын тухай хууль зөрчин Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд түүх, соёлын үлд хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулж, барилга барьж буй асуудлыг нэн даруй зогсоож, тухайн газрыг нөхөн сэргээлгэх.

Хоёрдугаарт, Богд хааны ордон музейн газарт хууль, тогтоол зөрчиж барьсан байгууламжуудыг нураах, тусгай зөвшөөрлүүдийг цуцлах.

Гуравдугаарт, Богд хааны ордон музейн газарт байнгын харуул хамгаалалт бүхий түүх соёлын цогцолбор барих, орчин үеийн стандартад нийцсэн музей, сонгодог урлагийн болон Үндэсний урлагийн их театр барих шийдвэрийг нэн даруй гаргаж, хэрэгжүүлэх.

Дөрөвдүгээрт, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Шарга морьтын аманд байрлах Монгол Улсын сүүлчийн Их хатан Дондогдуламын бунхан, гэрэлт хөшөөг эвдэн зайлуулж, зуслангийн байшин барих зөвшөөрөл олгосныг яаралтай цуцлан, тус газрыг тусгай хамгаалатад авч, соёлын өвд бүртгэх асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх.

Харин өчигдөр орой Нийслэлийн засаг дарга уг асуудалтай холбогдуулан захирамж гаргаж, "Ван Трейд" компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Уг захирамжид "Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Богд хааны ордон музейн хойд талд байрлах 16000 мкв газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар "Ван трейд" ХХК-д эзэмшүүлсэн нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн бөгөөд тус компани түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсэд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 45 дугаар зүйлийн 45.3.1, 45.3.3, 45.3.7-д заасан хорилогосон үйл ажиллагааг явуулсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай" гэсэн байна.

bogd

Засгийн газар 2001 онд Богдын ордон музейн газрын хамгаалалтын бүсийг 5.7 га газар гэж тогтоосон. Богдын ордон музейн газарт хамгаалалтын бүс тогтоосноос хойш дээрх шийдвэрийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа. Сүүлийн үед автозамын өргөтөл хийх гэж байгаа гээд Богдын ордон музейн газрын хамгаалалтын бүсээс авч, автозам барих болжээ. Ном журмаараа бол энэ орчинд газар олголт хийх ёсгүй аж. Гэсэн ч өнөөдрийн байдлаар 2.3 га газрыг хувийн аж ахуйн нэгжүүдэд өгчихөөд байгаа юм байна. 

Өнөөдрийн байдлаар Богд хааны ордон музейн газраас:

1. Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар 15993 м2 газрыг “Вантрейд” ХХК-д

2. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар 5512 м2 газрыг “Номуун гэрэл” төвд

3. “Интернэйшнл медикал центр” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны 539 дугаар захирамжаар 1319 м2 газрыг, мөн 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 м2 газрыг олгосон байна.

Ийнхүү Вантрейдийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон ч дээр нэр дурдагдсан хоёр аж ахуйн нэгжийн эзэмшил газрыг төр хэрхэх нь тодорхойгүй байна.

Харин Төрийн соёрхолт, түүхч, доктор Д.Өлзийбаатар тэргүүтэй эрдэмтэд уг газарт буюу Богд хааны ордны арын талбайд 1911 оны тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгчдэд зориулсан хөшөөт цогцолбор байгуулах саналыг дэвшүүлээд байна. "Өвөг дээдсийн халуун амиараа дархлан босгосон Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнийг залуу хойч үед байнга сануулан ухааруулж, өнгөрсөн үеийн тэмцэл, ялалтыг хадгалж, өнөө цагт бадруулж, ирээдүйд үлдээх Эх орончдын хөшөөт цогцолбор байгуулах энэ саналыг Монгол Улсын эзэн хаан VIII Богд Жибзундамба тэргүүтэй эх орончдын хойчис, өдгөө цагийн төрийн жолоо атгасан эрхэмүүд болон УИХ-ын түшээ нар, нийт ард иргэд дэмжинэ гэдэгт бат итгэж байна" хэмээн энэхүү ил захидалд дурджээ. 

Г.Ганчимэг, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (27.123.214.122) 2018-05-15 14:30
      • 0
      • 0

      Mash sain baina bayar hurgie, Eronhiilogchdoo! Saihan tsetserlegt hureelen baiguulj hotiinhoo agaariin bohirdliig chimheer ch gesen bagasgaya! Tuul gol maani hetsuudej baina shuu dazhramd helehed!!!!! Ene goliin burgas Bogd uuliin jaahan mod 2 duusahad Ulaanbaatarchuud bid utaa toos 2too hahaj ehleh l uldene. Mongo hichneen amttai ch amisgalah agaar baihgui bolood ireheeree ter mongoo hamar luugaa chiheh uu? Tuuliin burgas suitgej hiisen bairand suuj baigaa humuus oorsdoosoo ichih heregtei!

      Хариулах