Чөлөөт бөхийн Армийн дэлхийн аварга өнөөдөр эхэлнэ...

Twitter Print
2018 оны 05-р сар 15-нд 11:06 цагт
Мэдээний зураг,

Манай “Алдар” спорт хорооны чөлөөтийн бөхчүүд бүтэн багаараа ОХУ-ын нийслэл Москва хотод өнөөдөр эхлэх Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зориод хэд хонож буй. “Алдар"-ын бөхчүүдээ ах дүү гавьяатууд болох Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр нар удирдан авч явсан билээ.

Москва хотод эхлэх энэхүү Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр, маргааш үргэлжлээд дүнгээ гаргах билээ. “Алдар” спорт хорооны бөхчүүд бүтэн багаар оролцох зардал мөнгийг шийдэхэд тус хорооны дарга Монгол Улсын Далай даян Дархан аварга, гавьяат тамирчин, хурандаа Г.Өсөхбаяр сэтгэлээрээ зүтгэж ажлаа бүтээгээд тамирчдаа үдэж мордуулсан юм. Армийн дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсынхаа нэрийг мандуулахаар “Алдар”-ын бөхчүүд бүтэн багаараа Москваг зорьсны дунд эмэгтэй хүний үүргээ биелүүлж ээж болоод удаагүй Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд, ДАШТ-ний хүрэл медальт Б.Одончимэг, Азийн аваргын хошой хүрэл медальт Э.Цэвэгмэд, Н.Лхамгармаа, Г.Отгонжаргал, Б.Болор-Эрдэнэ зэрэг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар оролцож байгаа юм.

“Алдар” нийгэмлэгийн багийн ахлагчаар хошууч Б.Мөнхтуул, дасгалжуулагчаар Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр, шүүгчээр Г.Амархүү нар ажиллаж байгаа. Энэ удаа гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр “Алдарын бөхчүүд ард түмнээ баярлуулна аа. Бид чадна” хэмээгээд Москваг зорьсон билээ. Тэгээд ч өнгөрсөн жил Литвагийн Клайпеда хотод болсон Армийн ДАШТ-нээс Монголын бөхчүүд хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртэж байсан амжилтыг энэ удаа “Алдар”-ын бөхчүүд ахиулах нь дамжиггүй хэмээн хөгжөөн дэмжигчид сайхан мэдээ хүлээж байгаа юм.

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон, ДАШТ-ний хошой хурэл медальт, Азийн наадмын аварга, Азийн аваргын гурван мөнгө, нэг хүрэл медальт, Риогийн олимпийн хүрэл медалийн оосроос атгаад алдсан Монгол Улсын гавьяат тамирчин, нэрт бөх Г.Мандахнаран зэрэг алдартнууд бага зэргийн гэмтлээ сэдрээхгүйн тулд гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын саналаар гэртээ үлдсэн байна. Гэхдээ 2020 оны Токиогийн олимпиос өмнө П.Орхон гавьяат нар гэмтэл бэртлээ сайтар эдгээвэл Монгол төрийн далбаагаа мандуулж, сүлд дууллаа эгшиглүүлэх бүрэн боломжтой хэмээн олон дэмжигчид нь итгэл найдвартай хүлээцгээж байгаа билээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.