Тэнгэрлэг Монгол эр хүн хурмастад гялтагнах од болон мөнхөрлөө...

Twitter Print
2018 оны 05-р сар 15-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

Өчигдөрхөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилов хутагт Б.Жамсранжав, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, дорнын их яруу найрагч Б.Явуухулан, төрийн соёрхолт зохиолч Л.Ванган нарын төрөлх нутаг Отгонтэнгэр хайрханы өвөрт хэнд ч гэм нүгэлгүй, хар хорын өчүүхэн ч сэтгэлгүй Монголын нэгэн сайхан тэнгэрлэг найрагч Арлааны Эрдэнэ-Очир 46-хан насандаа хурмастын хүү болж, одот тэнгэрт залран мөнхөрлөө.  

Завхан аймагт бараг 50-уулаа ажлаар очсоны дунд МЗЭ-ийн хорооны Удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч А.Эрдэнэ-Очир байлцаж, Очирваань хайрханы энгэр, Дорнын их найрагч Б.Явуухулангийн төрсөн нутагт ирсэнээ тэмдэглэж хатуу дарс хүртэцгээжээ. Харин бие нь жаахан сулхан байсан А.Эрдэнэ-Очир найрагч хордлого авахад эмнэлэгт хүргэсэн нөгөөдүүл нь тэнд нь орхичихоод буцацгааж. Хэдийгээр эмнэлэг бараадсан ч тэнгэрлэг найрагч тэндээ мөнхөрч, Очирваань хайрханыг  дээрээс нь  тольдох учир шалтгаантай байжээ. Тэгээд хэнд ч гэм хоргүй, цайлган сэтгэлт, жинхэнэ сайхан Монгол эр хүн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир мөнх хөх тэнгэрийн харьяат болж, гэргий, дөрвөн сайхан хүү, ганц хайртай охиноо орхиж, одод тэнгэрийн алсад заларлаа.

Тэрбээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул нэгэн бөгөөд их найрагч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолтой эрхэмсэг сайхан найрагч байсансан билээ. Эрхэм найрагчид 2017 оны наадмын өмнөхөн буюу долоодугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зарлигаа гаргаж  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх алдрыг хүртээж байсан билээ. А.Эрдэнэ-Очир найрагч  Монголын их утга зохиол, яруу  найрагт түүхийн шинэ хуудсыг нээж “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн  нэгэн үеийн яруу найрагчдын төлөөлөгч бөгөөд асгарсан их авьяас билэг, ундарсан их уран бүтээлээрээ уншигч олондоо танигдсан, хүлээн  зөвшөөрөгдсөн энэ цагийн  шилдэг уран бүтээлч байсансан.

Түүний “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлүүд нь уншигчдын хүртээл болжээ. Яруу найргийн “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналуудыг хүртэж байв. Шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртэж уншигч түмнээ баярлуулж явсансан.

“Монголын шилдэг яруу найргийн цоморлиг”, “Монголын уран зохиолын 108 боть” номонд бүтээл нь нийтлэгдсэн тэнгэрлэг найрагч тэрээр хэзээ ч хэнийг ч муучлан дууддаггүй, хэзээ ч ядарсан зүдэрсэн нэгнээс халуун гараа татаж үзээгүй, өгөөмөр хүнлэг сэтгэлтэй, өрөвч зөөлөн нэгэн байсан даа.  Түүний бүтээлүүд Орос, Хятад, Энэтхэг улсад орчуулан хэвлэгдэж байлаа. Тэгээд ч МЗЭ-ийн 80 жилийн ойгоор Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн тэрээр 2015 онд “Нар зөвийн эх орон” уран бүтээлийнхээ цэнгүүнийг уншигч зон олондоо  хүргэсэн бол мөн онд  Дэлхийн яруу найрагчдын 35 дугаар их хурлаас олгодог Дэлхийн урлаг, соёлын академийн “Шилдэг яруу найргийн төлөө” алтан медалиар шагнуулж Монголын яруу найрагчдын зүрхийг догдлуулж, баярын магнайг нь тэнийлгэж явсансан даа.   

Өөрийн  бүтээл туурвилаас гадна монгол үндэсний үнэт өв болох утга зохиол, яруу найраг хэмээх соёлыг хүүхэд багачуудад таниулан сурталчлах, тэднийг яруу найрагт хөтлөн оруулах, ач тусыг нь мэдрүүлэх, даяаршлын эрин зуунд хэл соёлоо авч үлдэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөө зориулан ажиллаж байсан утга зохиол, соёлын нэртэй зүтгэлтэн байлаа.

“Болор цом”-ын эзэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир Монголын зохиолчдыг эвлэлийг удирдахаар болсон нь 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр бөгөөд тухайн өдөр хуралдсан Монголын зохиолчдын эвлэлийн 16 дугаар Их хурлын гишүүдийн 100 хувийн саналаар түүнийг энэ албан тушаалд томилж байсан түүхтэй. МЗЭ-ийн ээлжит их хуралд 285 төлөөлөгч оролцсон дүн мэдээ ч гарч байв. Дөрвөн жилд нэг удаа явагддаг МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргын сонгуульд Төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн Цоодолын Хулан нарыг өрсөлдөнө гэсэн сураг гарч байсан ч яруу найрагч Ц.Хулан хуралд оролцоогүй бөгөөд харин Д.Төрбат найрагч  А.Эрдэнэ-Очирыг дэмжиж буйгаа илэрхийлснээр тэрээр МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар томилогдож байлаа.

Өчигдөрхөн тэнгэрийн харьяат болсон А.Эрдэнэ-Очир найрагчийг хайрладаггүй, хүндлэн дээдэлдэггүй зохиолч, яруу найрагчид, нүгэлгүй тунгалаг уулзалтуудаа дурсан санадаггүй түүний найз нөхөд, гэмгүй сайхан танилууд гэж байхгүй нь тодорхой. Тэрээр хэнийг ч алагчлан үздэггүй, халаасандаа байгаа хэд гурван төгрөгөө хэрэг болсон нэгнээс нь хэзээ ч харамлаж, гар татаж үзээгүй чин цайлган, халуун сэтгэлтэй нэгэн байсансан. Түүний сэтгэлээ цэлмүүлсэн гэрэлт тунгалаг инээмсэглэл, нар шиг гэрэлтэх тунгалаг сайхан царай зүс нь бишрэн хайрласан халхын сайхан бүсгүйчүүд байтугай, халуун гараа атгалцаж мартахын аргагүй уулзалтаа тэмдэглэсэн олон эрчүүдийн сэтгэлээс хэзээ ч алсран холдож явсангүй дээ. Тэрбээр хэзээ ч эр хүний халуун сайхан сэтгэлээ  бусгаж дэвхрэн догшруулж үзсэнгүй, хэнийг ч хайрлах чин үнэнч сэтгэл зүрхээ чивэлт хар нүгэлээр булшлан дарж яваагүй дээ. Ямагт чин сэтгэлт, яруу сайхан найрагч явсаар мөнх хөх тэнгэрийн харьяат болон алсарлаа. Хайран ч сайхан Монгол эр хүн, чин сэтгэлт, яруу дуурсгалт найрагч минь дээ...  

А.Эрдэнэ-Очир: Голын тохой дээр

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хачанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нээг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагын төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.177.241) 2018-05-16 22:57
      • 0
      • 0

      Um maani bad mi hum.Tengeriin orond nairagch maan hereg boljee.Amgalan noirsdoo

      Хариулах

    • zochin

      (66.181.177.60) 2018-05-15 16:29
      • 0
      • 0

      Um ma ni bad me hum

      Хариулах

    • Зочин

      (49.168.242.186) 2018-05-15 16:13
      • 0
      • 0

      Ум сайн амгалан болтугай

      Хариулах

    • Зочин

      (112.72.14.161) 2018-05-15 15:14
      • 0
      • 0

      Маш харамсалтай...хайран хүн

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.117) 2018-05-15 10:50
      • 0
      • 3

      Монголчууд минь дээ архи гэдэг ундаанаас хол яваач, биенийгээ ингэж битгий хорлооч.

      Хариулах

    • Зочин

      (66.181.177.241) 2018-05-16 22:59
      • 0
      • 0

      Uu huurhii arhi uudag bsiimuu.Gantigmaagiin nuhur uu.Ene shulegiin mornii ehnii usguudiig holbohoor GANTIGMAA bolj bnsht

      Хариулах

    • Зочин

      (66.181.180.120) 2018-05-15 11:17
      • 0
      • 3

      Tiimdee. Arhi uugaagyi bol ene saihan hyn maani unuudur baij l baih baijdee. Um maanii badmi hum.

      Хариулах