Д.Эрдэнэбат: МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн эсрэг зогсож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл...

Twitter Print
2018 оны 05-р сар 14-нд 17:35 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн даваа гарагт хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцсэн талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат намын бүлгийн Ажлын хэсгийн ахлагчтайгаа хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгөв. Энэ өдрийн бүлгийн хурлаар УИХ дахь сөрөг хүчнийхэн Монголын хүүхдүүдэд олгох тэтгэмжийн 20 мянган төгрөгтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцжээ.

УИХ Засгийн газар, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хүүхдийн мөнгөтэй холбоотой төслийг нэгтгэхээр ажлын хэсэг байгуулсан талаар Д.Эрдэнэбат дарга дурдсан. Мөн түүнчлэн УИХ дахь МАН-ын 65-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санал болгоныг улайран эсэргүүцэж, Байнгын хороод нь УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийн эсрэг санал гаргаад байгаа нь Ерөнхийлөгчийн эрхэнд халдсан, хууль зөрчсөн үйлдэл гэдгийг ч хатуухан мэдэгдсэн юм.
Энэхүү ажлын хэсэг шийдвэр гаргахдаа Ардчилсан намын бүлгийн хоёр гишүүнийг хуралдаандаа оролцуулаагүй нь хүүхдийг ялгаварлан гадуурхах гэсэн үйлдэл гэж АН-ын бүлэг үзсэн гэнэ. Мөн бүлэг хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохгүй бол хүүхдийг ялгаварлан гадуурхсан гэж үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандана гэв.

Бүлэг 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулиуд дээр байр сууриа нэгтгэсэн байна. Түүнээс гадна бүлгийн хуралдаанаар Ардчилсан намын үзэл баримтлал болон “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтүүдийг тус тус хэлэлцсэн байна.

Бүлгийн зүгээс хоёр ч удаа Засгийн газарт шаардлага хүргүүлсэнийг Д.Эрдэнбат дарга онцоллоо. Тодруулбал, Засгийн газрын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг огцруулах, хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй бөгөөд Засгийн газрын зүгээс хоёр сайддаа хариуцлага тооцохгүй, хууль зөрчөөгүй гэсэн хандлага гаргаж байгаа нь ажиглагдаж байгааг ч Д.Эрдэнбат дарга ширүүхэн мэдэгдэв. Эрх баригч МАН-ын бүлгийн энэ байдал нь Үндсэн хууль зөрчих хэмжээний үйлдэл гэдгийг Засгийн газарт дахин сануулсан талаар дурдлаа. Хоёр сайдаа хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа бол Засгийн газар бүхэлдээ хууль зөрчих үйлдэл рүү орж байгаа гэдгийг бүлгийн зүгээс дахин сануулж байгааг ч онцлов.  

Ардчилсан намын бүлгийн зүгээс Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан сэтгүүлчид, иргэнийг тагнасан асуудлаар хуралдахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл хуралдаагүй байгааг ч дурдсан. Тиймээс энэ долоо хоногт энэ асуудлаар Тусгай хяналтын дэд хороог дахин хуралдуулах шаардлагатай гэдгийг Д.Эрдэнэбат дарга бас л ширүүхэн мэдэгдээд авна лээ.

Мэдээлэл хийснийхээ дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  дараах асуултуудад хариулт өгсөн юм.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар болон бусад гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Дараагийн хүмүүсийг томилох асуудлыг УИХ болон холбогдох байгууллагууд хэзээ шийдэх бол. АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцсэн үү? 

-Д.Сугараас гадна Үндсэн хуулийн цэцийн хоёр ч гишүүний хугацаа дуусгавар болсон. Хугацаа дууссан бол Ерөнхийлөгч, УИХ-аас дараагийн хүмүүсийг нэр дэвшүүлж, өргөн барих ёстой юм, хуулиараа бол.

-Ерөнхийлөгчөөс АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох шийдвэр хүргүүлсэн ч байнгын хорооны зүгээс дэмжихгүй буцаасан. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл мөн үү?

-АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлсэн асуудлыг Хууль зүйн байнгын хороо буцаасан нь хууль зөрчсөн гэх үндэслэлтэй байгаа юм.  Хууль зүйн байнгын хороо хүсэлтийг хүлээж аваад дэмжсэн, дэмжээгүй ч УИХ-ын чуулганд танилцуулах ёстой үүрэг нь зөрчигдсөн гэж үзэж байна. Энэ хуулийн зөрчлийг арилгах ёстой гэж УИХ-ын даргаас шаардана. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан үйлдэл болно гэдгийг ч хатуухан сануулна.

-С.Зоригийн хэргийн асуудлаар УИХ-ын зарим гишүүнд хэрэг үүсгэн  шалгаж магадгүй гэсэн мэдээлэл ч байна?

-УИХ бол шүүх байгууллага биш. Хууль боловсруулж, батлан гаргадаг газар юм. С.Зоригийн хэргээр энэ УИХ, улс төрийн намууд олон жил улс төрийн ашиг хонжоо харан ажиллаж байгаа. Тэр хүний асуудлыг хууль дээдлэх зарчим байгуулдаг улс юм бол хуулийн байгууллага шийдвэрлэх ёстой. Хөндлөнгөөс улстөрчид орж, УИХ-ын гишүүд оролцох нь буруу л даа. УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхээ биелүүлэхгүй байж бусдын хэрэгт оролцоно гэдэг нь ямар нэг барьцаалагдсан асуудал байгаа гэдэг хардлагыг нийгэмд төрүүлж байгаа. Тиймээс хуулийн байгууллагад шийдвэрлэх эрхийг нь олгох ёстой юм. Энэ талаар АН-ын бүлгээс тууштай ажиллах болно...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.