Б.Лхагважав: Эрх баригчдын төлөөллүүд чуулганыг хаяад гарвал бид ч бизнес эрхлэгчдээ дагуулан гарах болно...

Twitter Print
2018 оны 05-р сар 14-нд 17:49 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндэсний худалдаа, Аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд, Ерөнхийлөгч Б.Лхавгажавтай хийсэн ярилцлагаа хүргэж байна. Дөнгөж саяхан төрийн ордны хоёр давхар буюу, УИХ-ын чуулганы танхимын үүдэнд энэ сарын 21-22-нд буюу ирэх долоо хоногийн даваа мягмар гарагуудад болох “Монголын эдийн засгийн форум-2018” нь “Хүчээ нэгтгэе” уриан дор болох талаар хэвлэлийн хурал хийсэн юм. Энэ хуралд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч Б.Лхагважав, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Америкийн Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал О.Адъяа нарын зэрэг удирдах ажилтнууд оролцон үг хэлцгээсэн юм. Энэ хурлын дараа МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч Б.Лхагважаваас дараах ярилцлагыг авлаа.

-Ярилцлагаа ирэх долоо хоногийн эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2018”-ын талаарх сонирхсон асуултаар эхлэе. Та энэ чуулганы талаар товчхон танилцуулахгүй юу. Тухайлбал ямар асуудлууд хэлэлцэх, чуулганд төр засгийн удирдлагууд ямар байр суурьтай оролцох бол зэргээс яриагаа эхлэх үү?

-За тэгье ээ. Ер нь бол Монголын эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, тулгуур салбаруудын тулгамдсан асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, гадаадын хөрөнгө оруулагчид болон хандивлагчид, Иргэний нийгмийн төлөөлөл оролцон нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвшилцөлд хүрэхэд чиглэсэн энэхүү арга хэмжээг 2010 оноос эхлэн зохион байгуулсан л даа. Тэгвэл энэ 2018 онд “Монголын эдийн засгийн форум-ыг хоёр шатлалтай зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд “Төр хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг” сэдвийн дор зохион байгуулж, Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулсан юм.

“Монголын эдийн засгийн форум” энэ удаагийнхаа чуулганаар “Монгол Улсын хөгжлийн загвар”, “Монгол Улсын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого” сэдвүүдээр нэгдсэн хуралдаан, “Аж үйлдвэрийн IV хувьсгал”, “Төр хувийн хэвшлийн түншлэл” нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эдийн засгийг хөгжүүлэх, Төвлөрлийг сааруулах бодлого, Монгол Улсын брендинг, Улаанбаатар хот, мега төслүүд, Тэтгэврийн шинэчлэл баялгийн сан, Хариуцлагатай манлайлал ба эргэх холбоо, Дижитал шилжилт зэрэг 12 салбар хуралдаан зохион байгуулахаар бэлтгэл ажлууд хангагдчихаад байгаа юм.

-Сүүлийн хоёр жилийн дотор Монгол Улсын эдийн засаг багагүй сэргэж, татвар төлөгчдийнхөө хүчээр бас ч гэж хөөрхөн гадаад валютын нөөцтэй болох шиг боллоо. Та энэ бүхнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?  

-Өнөөдрийн бий болоод байгаа үр дүн бол сүүлийн дөрвөн жилд зуд турханаас өндийн босч ирсэн Монгол Улсад ажиллаж баялаг бүтээж байгаа нийт аж ахуйн нэгж, иргэдийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд өнөөдрийн жаахан үр дүн гарсан юм. Дээр нь мэдээж өвгөд дээдсээс минь хайрлаж үлдээсэн энэ эрдэс баялгийн үнэ хөлс нь харьцангуй гайгүй өндөр байгаатай холбоотой. Тийм учраас өнөөдөр дахин хуримтлагдсан нийтийн мөнгө, татвар, даатгал ихсэж байна. Мөн гадны хөрөнгө оруулалтууд нэмэгдэхийн хэрээр үүн дээр ажиллах менежментээ бидний зүгээс дахин сайн харах шаардлагатай болж байгаа юм.
2010-2011 он шиг алдаа хийж болохгүйг ирэх чуулганаар сайтар ярилцах ёстой юм. Тухайбал 2011 онд Монгол Улсын эдийн засаг 17 хувиар өсч байсан мөртлөө микро эдийн засаг буюу иргэн, аж ахуйн нэгжүүдийн хаалгаар орж чадаагүйн гол шалтгаан нь бид нар татварын системээ өөрчлөөгүй байсантай холбоотой. Дээр нь банкны систем яг хуучнаараа, огт өөрчлөгдөөгүй байсан л даа. Харин тэгвэл өнгөрсөн өвөл банкны таван багц хууль батлагдсан байгаа. Одоо өнөө маргаашгүй татварын багц хууль хэлэлцэгдэхээр орж байгаа. Энэ хуулиудаар дамжиж тэр макро эдийн засгийн ололт нь жирийн иргэндээ очиж тусдаг болох юм. Энэхүү хийгдэж байгаа багц хуулийн төсөл нь энэ талдаа нэлээн тийм боломжийг олгосон гэж үзэж байна. Ялангуяа аж ахуй эрхэлж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа улсууд санхүүг гаргадаг дарамтаас, татварыг гаргадаг процессын дарамтаас нэлээн гайгүй ангижруулах хуулиуд орох юм.
Гэхдээ энэ УИХ маш хурдан батлах хэрэгтэй, нөгөө талдаа ойрын хоёр жилд Монгол Улсын эдийн засаг 6-7 хувийн өсөлтийг барих бололцоотой. Энэ нь 2018-2019 оны үе л дээ. Тэгэхээр энэхүү таатай ололтыг дахиад энэ ОУВСын менежменттэйгээр, дээр нь Засгийн газар, УИХ-тайгаа нийлж яг иргэн хүндээ ашигтай байдал руу шилжүүлэх нь ирэх долоо хоногийн эхээр болох эдийн засгийн форум буюу ойрын хоёр жилийн гол зорилго байх юм. Одоо үүн дээр л эрх баригчид хандах болов уу гэж найдаж байгаа. Түүнээс биш бид нар нийтийн мөнгөний дахин зарцуулалт огт хяналтгүй, дээр нь даатгалын мөнгөний дахин зарцуулалт бас л огт хяналтгүй, мөн хөрөнгө оруулалтын хуваарилалт бас л яг цэвэр бизнестээ очихгүй, ямар ч хяналтгүй байх юм бол эндээс ямар ч сайн үр дүн гарахгүй юм. Ийм л байх юм бол бид нар 2011 оны их алдааг дахиад давтаад явчихна л гэсэн үг. Тэрнээс гарахад ирэх форум ихээхэн дөхөм болох ёстой. Яагаад гэвэл форум хоёр жил хийгдээгүй байгаа учраас ийм шаардлага тавьж байгаа юм.

-Салбар хуралдаанууд дотор хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа Шинэ хөдөө, аялал  жуулчлалын салбарыг хөгжүүлэх гээд ард иргэдэд хамгийн их үр ашгаа өгдөг салбаруудын хуралдаанууд болох юм билээ. Энэ хуралдаануудад та бүхэн ямар санал, дүгнэлт идэрхийлэхээр зорьж байгаа вэ?

-Би бол энэхүү форумд зориулан албан ёсоор Монголын олон сумдуудыг дулаанаар хангаж байгаа тэрхүү станцуудыг бүр нэг ажил хэрэг болгож ойрын хоёр долоо хоногт явж үзсэн. Түүнийгээ энэ форумын албан ёсны илтгэлдээ оруулна. Таван тэрбумаар хийгдээд ямар ч үр дүнгүй болсон байна. Гэтэл 500 саяар хувийн компани төртэйгөө харилцан ашигтай байхаар хийгээд Монгол Улсын долоон суманд уурын зуух ажиллаж байгаа талаар илтгэнэ. Энэ бүгдийг би өнгөрсөн долоо хоногт очиж үзсэн. Гэхдээ дараагийн долоо хоногт ч Төв аймгийн хэдэх сумдаар очиж үзэх болно. Тэнд байгаа уурын зуухнууд дотор ширээний тоосноос өөр тоос байхгүй байна лээ. Нэг ёсондоо манай энэ хувийн хэвшлүүд юу хэлээд байна гэвэл үр дүн дээр суурилсан төсвийн дахин зарцуулалтыг бий болгооч ээ, ийм үр дүн цаана чинь байна шүү гэдгий би тэдгээр уурын зуухнуудтай танилцсан илтгэлдээ оруулан дурдах болно. Дээр нь даатгалыг албаар оруулж ирж байгаа нь ч учиртай. Яагаад гэвэл би бас өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр мэдээлсэн байгаа. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын ганцхан эмийн асуудлыг НӨАТ-ын баримтанд түшиглэн хийхэд 700 сая төгрөг саяын дөрөвдүгээр сард Улаанбаатар хотын хэмжээнд хэмнэчихсэн байгаа юм. Жилдээ бол улсын хэмжээнд 15 сяа төгрөг хэмнэнэ гэсэн үг л дээ.
Тэгэхэд эмнэлгийн удирдлагууд энэхүү даатгалын мөнгийг ямар үр дүнгүй, хяналтгүй зарцуулж, өөрсдөдөө шингээж байсан нь одоо гарч ирж байна. Тийм учраас миний хоёр илтгэл нэлээн тийм бизнесменүүдийн санаачилга дээр тулгуурласан, энэ доороосоо гарч ирсэн зах зээлийг өөрийнх нь жамаар явуулах үндэслэл дээр хийгдсэн асуудлууд яригдах болно. Энийг та бүхнийг форум дээр ирж сонсоорой гэж урьж байна. Дараа нь хэвлэл мэдээлэлүүдээр албан ёсоор баримттай нь дэлгэн тавих болно.

-Ирэх 2019-2020 онуудад Монгол Улсын хувьд “Чингис” болон “Самурай бонд”-уудын хүүний болон үндсэн төлбөрүүдийг эхлэн төлж гадаад валютын хувьд ихээхэн зарцуулагдах нь тодорхой. Гэтэл одоогоор Монгол Улсын гадаад өр үндсэндээ 30 тэрбум ам долларт ойртож байгаа юм билээ. Энэ их мөнгийг нөхөн төлөхөд манай бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн  Засгийн газартаа хэрхэн туслалцаа үзүүлэх бол?

-2012-2016 оны маш том гай гамшиг болсон хямралыг даван туулахад энэ хэдэн аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо л гол үүргийг гүйцэтгэсэн юм. Үүнийг ганц ч дарга, эрх мэдэлтний оролцоогүйгээр даван туулсан юм шүү. Ард иргэд маань энэ олон улстөрчид, эрх мэдэлтнүүд зовж зүдрээд даван туулсныг огт хараагүй л байх. Дээр нь уучлаарай, дахиад ирэх энэхүү их төлбөр мөнгийг өнөөх л хэдэн аж ахуйн нэгжүүд, иргэд л төлөх болно. Өнөөдөр 2016-2017 онуудын бүх л татварыг давуулж биелүүлээд төлчихсөн. Энэ Засгийн газрыг мөнгөөр дутаахгүй тийм системийг өмнөх Засгийн газар буюу Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын үед НӨАТ-ын системээр хийчихсэн л дээ. Бид нар одоогоор 68 мянган цэг дээр орлогын эх үүсвэрийг авч чадаж байгаа. Хуучин бол 1700-хан касс л мөнгийг цуглуулан авч байсан. Тэгэхээр бид нар татварыг цуглуулах ажлаа ямар ч байсан сүүлд дамжсан гурван ч Засгийн газрын үед хийчихээд, өнөөдөр үр дүнг нь хангалттай сайн гаргаж байгаа. Тийм учраас 2018-2019 онуудад татварын орлого тасрахгүй, харин ч улам л давж биелэх болно. Гэхдээ энэ нь гайхалтай сайн дарга гарч ирсэнээр хийгдэж байгаа ажил бишээ. Үүгээр тэр бондуудын өрийг төлнө, тэрхүү өрийн хүүг ч бас төлөөд явчихна. Хамгийн гол нь энэхүү их өрөнд 2012 онд аваачсан нөхдүүд өнөөдөр таг чиг байгаа шүү. Та нар сайхан мэдээрэй. Заримаас нь тодруулбал таван тэрбум ам долларын асуудал байна. Гэхдээ түүнээс гурван тэрбум ам доллараар нь засмал зам тавьсан гэх юм билээ. Тухайн үедээ ямар ч төсөл байхгүй л байсандаг.

Өнөөдөр нийт Монголчууд гурван тэрбум ам доллараар тавьсан засмал замаар явж байна. Тийм учраас бүгдээрээ нийлээд төлөх л ёстой юм байгаа юм. Ер нь бол тийм их бэлэн мөнгө аваад ямар ч төсөл, хөтөлбөргүй юманд дарга нар дур мэдэн тараадаг энэ асуудал бол манайх нийтийн мөнгөний тархалтыг хянадаг ямар ч хууль байхгүйтэй л холбоотой байгаа юм. Хуулиар хийгддэггүй, эрх мэдэлтэй хэдэн дарга нар дур мэдэн хийдгийн гай гамшиг, горыг одоо бид нар амсаад явж байна. Одоо бол 2017-2018 оны мөнгөөрөө тэр өрийг дарчихна. Саяхан л бид нэлээн том буюу 500 саяын өрөө төлчихсөн л дөө. Хүүнд нь жилдээ 850 тэрбум төгрөг төлж байна. Эдгээрийг дандаа л татварын илүү гарсан орлогоор төлж байгааг хэлэх ёстой. Харин дараагийн тохиолдолд ОУВС болон бусад дэмжигч Олон улсын байгууллагуудаас ирсэн мөнгийг 2013-2014 он шиг үргүй зарцуулж огт болохгүй гэдгийг л энэ дээр байгаа эрх баригчид маш сайн ойлгох ёстой юм. Тийм учраас дандаа үр дүн дээр суурилсан хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Энэ хяналтыг хувийн хэвшлүүд, татвар төлөгчид өөрснөө хийж, хянаж байх ёстой юм байна. Тэгэхгүй бол эдгээрийг бид нар энэ эрх баригчид, дарга нарт найдаад үлдээчихдэг. Гэтэл нөгөө хэд нь буцаагаад асгачихаад маргааш нь ажлаа өгчихдөөд зугтчихдаг болжээ. Тэгэхээр ирэх форум дээр би хоёр том илтгэл тавихдаа эдгээрийг дурдах болно. Хийгдэж байгаа томоохон төслүүд ямар үр дүн, хяналт дээр суурилаж байгааг ч дурдах ёстой. Нөгөө талд нь даатгалаар яаж эмнэлгийн байгууллагууд буюу удирдаж байгаа нөхдүүд нь хэрхэн маш их мөнгө хулгайлан, халааслаж байсныг ч илтгэлдээ дурдаж, даатгалын байгууллагуудын бүх л бузар булайг илчлэн уудлах болно. 

Одоо бол нэг үеэ бодвол төсөв харьцангуй хяналттай болсон ч Шилэн данс гэдэг чинь төсвийн хуваарилалтын мөнгийг идэж ууж болохгүй данс боловч анх тэр хөрөнгө оруулалт, тэр төсвийн үйл ажиллагаа нь оновчтой байв уу гэдэг нь маш анхаарал хандуулах ёстой асуудал болчихоод байна. Энэ яг нийтийн тусын тулд хэрэгтэй зүйл үү гэдгийг бид нар огт хянадаггүй байж. Одоо үүн дээр өөрсдөө хяналт тавиад явна. Тэгэхгүй бол нэг сайдын хашаа руу 10 км зам аваачаад тавьчихдаг шүү дээ. Өнөөдөр манай бизнес эрхлэгчид нийтийн мөнгөний дахин зарцуулалт, ялангуяа дэд бүтэц болон бусад салбарт ороход нь яагаад хяналт тавихгүй байгаа юм гэдэг нь ихээхэн анхаарал хандуулах ёстой асуудал мөн. Өнөөдөр нэг дарга танилтай нөхдүүдийн байшин хороолол барилаа гэхэд тийш нь дэд бүтэц нь бүгд оччихсон л байдаг. Нөгөө талд нь хөөрхий хувийн компаниуд өөрсдөө мөлчгөрөөрөө юмаа хийж байвал тэнд бүх л асуудлаа өөрсдөө л учрыг нь олох шаардлагатай болдог. Ядаж үүний чинь орон сууцны үнэ нь ялгаатай байх учиртай биз дээ. Гэтэл дэд бүтцийнх нь үнийг татвар төлөгч биднээр гаргуулчихаад хоёр дахин хямдхан байшин зарж байна гэж төрийнхөн рекламдаад байдаг. Нөгөөж хувийнхан нь болохоор дэд бүтэцээ бүгдийг нь өөрсдөө мөнгө гаргаж хийчихээд яг тохирсон өртгөөрөө байшингаа зарах гэхээр “Яасан үнэтэй юм” гээд мянган асуудал үүсгээд явчихдаг. Гэх мэтчилэн нарийн ширийн асуудал их байгаа. Одоо бол ер нь нийтийн мөнгөний хуваарилалт, цуглуулалт, түгээлтэн дээр иргэд болон татвар төлөгчид өөрсдөө маш сайн оролцох ёстой гэсэн гол зарчмаа л баримтална.

-Та сая татвар, санхүүгийн шалгалтаар энэ улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн захирал, дарга нар ихээхэн мөнгө иддэг, хулгай хийдэг нь тодорхой болсон гэлээ. Гэтэл тэдэнд сувилагч нарынхаа цалинг үе шаттай нэмэгдүүлэх өчнөөн бололцоо байжээ гэж ойлгож болох уу?

-Ер нь эмнэлгийн удирдлагуудад янз бүрийн л нөхдүүд ажиллаж байгаа юм билээ. Гэхдээ зарим нь тэрхүү мөнгийг идсэн биш юм билээ. Тухайлбал эмийг даатгалын хөнгөлөлттэй үнээр олгодог л доо. Тэр зөрүүг нь Эрүүл мэндийн даатгалын мөнгөөр төлдөг л дөө. Жишээ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Улаанбаатарт хийсэн шинэ системээр 2.1 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалд өгөх байсан. Гэтэл 700 сая төгрөг огт хэрэглэгдээгүй гараад ирсэн. Сүүлийн жилд нэг сарын төлбөрөөс ийм их мөнгө хэрэглээгүй тохиолдол огт байхгүй л дээ. Тэгэхээр НӨАТ-ын баримтыг жор бичсэн эмчтэй холбочихоор луйвар хийх аргагүй болчихож байгаа юм.

Одоо бол зөвхөн 700 сая төгрөг хэмнэхээс гадна тэрхүү өгсөн 2.1 тэрбум төгрөгийг дотор нь задалвал бас их аюултай болно. Тухайлбал зарим нэг эмч ганцхан сарын дотор 1000 жор биччихсэн байгаа юм. Энэ хөнгөлөлттэй эмийг нэлээн тодорхой хүнд өвчтэй улсууд авах ёстой л доо. Гэтэл ганцхан эмч 1000 өвчтөнд онош тогтоогоод жор биччихнэ гэдэг бол ихээхэн асуудалтай, сайтар шалгах ёстой баримт юм. Иймэрхүү луйврууд гарч ирж байна. Тэгэхээр НӨАТ-ын систем гэдэг нь нийтийн мөнгөний дахин зарцуулалтыг хянадаг маш том сууриа бид нар хийчихсэн шүү гэсэн үг юм. Одоо энэ дээр элдэв тендерийг ч хянаж болно, даатгалыг ч хянаж болно гэсэн үг. Ер нь товчхондоо нийтийн мөнгөнөөс ямар үйлчилгээ авч байна тэр бүгдийг хянах процесс нь байгаа. Одоо үүн дээр байгаа эрх мэдэлтнүүд технологи мэддэг байх ёстой, тэгээд дэмжээд ажиллах ёстой. Харин үүнээс нуугдвал мөнгө хулгайлж үлдэх гэж байгаагийн л нотолгоо, баримттай шинж нь юм.

-За дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд гялайлаа?

-Өнөөдрийн хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн өөрт тань ч баярлалаа. Ирэх долоо хоногийн эхээр болох эдийн засгийн чуулганд идэвхтэй оролцохыг урьж байгааг минь хүлээн авна уу. Эцэст нь хэлэхэд хоёр өдөр хуралдах “Монголын эдийн засгийн форум-2018”-т оролцох Засгийн газрын гишүүд, улстөрчид, эрх баригчдын төлөөллүүд манай чуулганы ажиллагаанд хүндэтгэлгүй хандаж, хурлыг голоос нь хаяж гараад байвал бид ч бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхнээ дагуулан хурлыг хаяад гарна гэдгийг сая ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт сайтар тайлбарлан таниулсан гэдгээ хэлчихье дээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.