Үндэсний бөхийн холбооны сөргөлдөгч талууд хуралдана...

Twitter Print
2018 оны 05-р сар 14-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Үндэсний бөхийн холбоо өнөөдөртөө хоёр хуваагдчихаад, хэрэлдэн тэмцэлдсээр байгаа билээ. Анх 1990 оны хоёрдугаар сард улсын заан агсан Р.Давааням МҮБХ-г байгуулах санаачилга гаргахад нь төрсөн ах нь болох Р.Нямдорж  түүний дэд тэргүүн байсан Д.Данзан, Д.Мягмар заан, Ц.Даваасамбуу, Р.Давааням нарын таван хүн зуун төгрөг нийлүүлж уг байгууллагын анхны санхүүжилтийг гаргаад тамга тэмдгээ хийлгэж байсан гэдэг. Энэ утгаараа тэднийг МҮБХ-г үүсгэн байгуулагчид гэж үзсээр ирсэн билээ. Хуульч Р.Нямдоржийн хувьд тус холбоог 28 жил тэргүүлэн ажилласан түүхтэй. Түүний хэлснээр өнгөрсөн 28 жилийн хугацаанд    монгол бөхийн түүхэнд байгаагүй 60 шинэ ажлыг  хийсэн гэдэг. Тэр олон ажлынх нь заримаас дурдвал бөхчүүдэд допингийн шинжилгээг наадмаар хийдэг байсныг, наадмаас наадмын хооронд хийдэг болгосон гэдэг. Мөн  бөхчүүдийг цахимаар бүртгүүлэн барилдуулдаг болсон гэх мэт ажлыг дурдаж болох юм.

Тэгвэл өнөөдөр ч эв үеээ ололгүй сөргөлдөн тэмцэлдсээр байгаа УИХ-ын гишүүн МҮБХ-ны шинэхэн тэргүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дэд тэргүүн улсын харцага Ц.Магалжав, Гүйцэтгэх захирлаар томилогдсон улсын заан Б.Сайнбаяр болон тэдэнтэй сөргөлдөгч Дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн Дархан аварга А.Сүхбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нарын оролцож учир зүйгээ ололцох ёстой МҮБХ-ны ээлжит бус “Их эе”-ийн хурал энэ сарын 18-нд болохоор зарлагдсан. Тэгвэл өнөөдөр тэрхүү “Их эе”-ийг зохион байгуулах Ажлын хэсгийн хуралдаан 13:30 цагт “Нэгдэлчин” зочид буудлын “Өгөдэй” ресторанд болох ажээ. Тус Ажлын хэсгийн хуралдаанд улсын арслан Д.Ганхуяг, улсын гарди Н.Ганбаатар, Д.Рагчаа, И.Доржсамбуу, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Г.Элбэг, Н.Батзаяа, улсын начин С.Багахүү нар оролцохоор болсон гэнэ.

Харин сөргөлдөгч талаас Дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн Дархан аварга А.Сүхбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулахаар урилга илгээжээ. Энд онцлоход МҮБХ нь 2014 оноос хоёр хуваагдан хэрэлдэн тэмцэлдэж, Бөхийн өргөөг булаацалдсаар ирсэн бөгөөд эцэст нь сөргөлдөгч хоёр тал учраа ололцож, эвэндээ орох “Их эе”-ийн хурлыг энэ 18-нд зохион байгуулахаар тохиролцоод байгаа билээ. МҮБХ-ны өнөөдрийн тэргүүнийг сонгосон асуудлыг сөхвөл өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний өдөр МҮБХ-ны VIII дугаар “Их эе”-ийн хурлаар  Р.Нямдорж дахин тэргүүнээр дэвшихгүйгээ мэдэгдсэнээр УИХ-ын гишүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ шинэ тэргүүн, дэд тэргүүнээр улсын харцага Ц.Магалжав, Гүйцэтгэх захирлаар улсын заан Б.Сайнбаяр нар томилогдсоныг Дархан аварга А.Баянмөнх, УИХ-ын гишүүн А.Сүхбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс өнөөдрийг болтол эсэргүүцэж өөрсдийнхөө сонгосон “Гацуурт” ХХК-ын эзэн Л.Чинбатыг МҮБХ-ны шинэ тэргүүнээр сонгогдсон хууль ёсны тэргүүн хэмээсээр ирсэн билээ. Ямартай ч өнөөдөр болох Ажлын хэсгийн хуралдаанаар сөргөлдөгч талууд ямар тохиролцоонд хүрч, удахгүй 18-ны өдөр болох ээлжит бус “Их эе”-ийнхээ учрыг олохыг бөх сонирхогчид чих тавин хүлээцгээж байгаа юм...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Миний нэр бол

      (103.229.120.6) 2018-05-15 14:04
      • 0
      • 0

      ЯМАР НЭГ АРГААР УЧИР ЗҮЙГЭЭ ОЛОО. ХҮЧЭЭР ЯМАР НЭГ ГАРГАЛГАА ОЛООД ШИЙДЭЭ. ИНГЭЖ ИЙМ БАЙДАЛТАЙ БЖ БОЛОХГҮЙ ЭЭ. Хурдан эв эеээ олж шийдэхгүй бол ард түмэнд нэр хүндээ алдаж дууслаа шүү дээ

      Хариулах

    • Зочин

      (66.181.180.175) 2018-05-14 12:09
      • 0
      • 0

      Бөхчүүд гэж хөгийн хогийн улсууд байх юм даа

      Хариулах