Нацу башёд Монголын сүмочид амжилттай барилдаж эхэллээ...

Twitter Print
2018 оны 05-р сар 14-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сүмогийн зуны башё буюу тавдугаар сарын Нацу өчигдөр эхэлсэн бол энэ сарын 27-нд өндөрлөх юм. Энэ башёгийн банцукэд мэргэжлийн сүмогийн бүх л дээд амжилтыг эзэмшиж, дээд зиндаад 40 түрүүлчихээд байгаа 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал дээд зиндааны баруун жигүүрийг манлайлсан бол өнгөрсөн гуравдугаар  сарын башёд түрүүлсэн 71 дэх их аварга Какүрюү М.Ананд зүүн жигүүрийг тэргүүлэн барилдаж эхэлсэн юм.

Өчигдөр болсон Нацу башёгийн эхний өдрийн барилдаанд өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Монгол Улсын Далай Даян дархан аварга хайртай аав Ж.Мөнхбатаа харамсалтайгаар алдсан Хакухо М.Даваажаргал аварга маэгаширагийн 1-ээс босон барилдаж байгаа Монголын бөх Тамаваши Б.Мөнх-Оргилтой эхнийхээ барилдааныг хийж дэвжээнээс түлхэн гаргаснаар анхныхаа давааг авсан юм. Ер нь тэр хоёрын хувьд дээд зиндаанд 11 дэх удаагаа барилдсан нь өчигдрийнх бөгөөд энэхүү 11 барилдаанд их аварга Хакухо бүгдэд нь давж байгаа нь энэ болов. Харин Зүүн жигүүрийг тэргүүлэн барилдаж байгаа их аварга Какүрюү М.Ананд Япончуудын ихээхэн итгэл хүлээлгэж хайрладаг шинэхэн комүсүби Эндог тун хүчтэй хүзүүдэн татаж унагаснаар бас л эхнийхээ давааг авсан юм. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын Харү башёд түрүүлснээр дээд зиндааны дөрөв дэх түрүүгээ хүртсэн билээ.

Харин гурван сарын дараа сэкиваке цолоо эргүүлэн авсан Архангай аймгийн харьяат, энэ башёд 225 кг-ын жинтэй барилдаж байгаа Ичиножёо А.Ичинноров Японы залуу бөхийг дэвжээнээс хүчлэн түлхэж гаргаснаар энэ сарын башёд гайгүй амжилттай барилдах юм байна гэдгээ Японы болон Монголынхоо үзэгчдэд батлан харууллаа. Харин маэгаширагийн 6-гаас барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан болон 12-оос барилдаж байгаа Араваши Э.Дөлгөөн нар өрсөлдөгч бөхчүүддээ унаснаар эхнийхээ унааг авцгаав.

Тэгвэл Нацу башёгаас эхлэн Японы мэргэжлийн сүмогийн хамгийн доод зиндаанаас эхлэн барилдаж байгаа Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн том хүү Д.Сугаррагчаагийн хүү С.Бямбасүрэн мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга авга ах Асашёорюү Д.Дагвадоржийн итгэлийг биелүүлж эхний барилдаандаа өрсөлдөгчөө илт илрүүрхэн ялснаар мэргэжлийн сүмогийн дунд болон дээд зиндаанд тун удалгүй хүч түрэн орж ирэх бас нэгэн хүчтэн гэдгээ Японы үзэгчид болон дэвжээнийхээ багш нарт илтгэн харуулж, тэднийг баярлуулж урам зоригийг нь хөгжөөлөө.

Ийнхүү Японы мэргэжлийн сүмогийн зуны буюу Нацу башёд барилдаж байгаа Монголын сүмочид урам зоригтой, хүч чадлаа гайхуулан барилдаж эхэлсэн бол Япончуудын ихээхэн найдлага тавьж байсан 72 дахь их аварга Кисенесато их аварга болсноосоо хойш найм дахь башёгаа өнжиж, өмнөх их аварга Таканаханогийн тааруухан башё өнжилтийн түүхийг давтсан юм.

Өнөөдөр Нацу башёгийн хоёр дахь өдрийн барилдаан Монголын цагаар 15:00 цагаас UBS телевизээр гарах болно...    

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.