Инээмсэглэх нь тийм ч хэцүү биш л дээ...

Twitter Print
2018 оны 06-р сар 14-нд 09:54 цагт
Мэдээний зураг,

Тааралдсан хүн болгонтой инээмсэглэл тодруулан байж "Сайн байна уу?" гэж мэндлэх нь тийм ч хэцүү биш л дээ. 7 орчим тэрбум хүмүүс хөлхөлдөж байдаг энэ л дэлхийд тэр болгонтой тааралдаж, учрах нь үгүй. Үдлээд буцах шиг амьдрах энэ орчлонд "уулзах учиртай хүмүүс уулзаж, учрах тавилантай хүмүүс учирдаг" гэдэг. Тавилангаа дагаад тантай учирч байгаа хүн болгонтой талархсан сэтгэлээр мэндчилж яагаад болохгүй гэж? Гудамжинд зөрөөд өнгөрсөн танихгүй нэгэн эргээд тааралдаа ч билүү, үгүй ч билүү. "Сайн байна уу?" гэж амрыг нь эрж мэндлэхэд тань хариу мэндлээд инээмсэглэсэн тэр л төрхийг та дахиад хараа ч уу, үгүй ч үү. Өөр өөрийн тавилангаа үүрээд л явж байгаа тэр хүмүүст өглөөний мандах нар шиг гэрэл гэгээг, өөрийг нь тоогоод мэндэлсэн сайхан аялгуут дуу хоолой л авч ирдэг гэнэм. Сэтгэлд нь гэрэл гэгээ тусч байх мөч бүхэнд, тэр гэрэл гэгээг бусдад ав адил түгээхийг хүсдэг нь сайн хүмүүний араншин. 

Тантай тааралдаад жаахан ч атугай тус болсон хүмүүст "Баярлалаа" гэж хэлэх нь тийм ч хэцүү биш л дээ. Газарт унагасан юмыг тань урьтаж бөхийгөөд аваад өгөх, дөхөж очсон хаалгыг тань өрсөж амжаад нээгээд өгөх, дааж чадахгүй ачааг тань сэтгэл гаргаад дэмнээд өгөх болгон тус. Өөрсдийгөө бид "том" гэж бодовч, өчүүхэн жижиг тус болгонд уярч хайлж байдаг нь сэтгэлийн орон зай. Бүр хальж асгарахын аргагүй уудам орон зай. Хүн болгон эд хөрөнгөөр баян байж чадахгүй ч, сэтгэлээр баян байж чадахын үлгэр нь бусдад чин сэтгэлээсээ тус болох үйлдэл. Хүн болгон банкинд болон гэртээ их мөнгөтэй байж чадахгүй ч, бусдад чин сэтгэлээсээ тусалсны хариуд талархал болгон сонссон "баярлалаа" гэдэг үг нь, хурааж цуглуулсан мөнгөнөөс ч давуу үнэтэй. Тийм хүмүүс мөнгөөр биш, сэтгэлээрээ баян байдаг. Хөмсгөө зангидан ихэрхэг маягаар хардаг хүмүүсээс, инээмсэглэл тодруулан чин сэтгэлээсээ талархдаг хүмүүстэй өдөр болгон, мөч тутамд учирч байдаг болохоор тэд баян. 

"Сайн байна уу? та" гэсэн мэндчилгээ, "танд баярлалаа" гэдэг талархлын үгсийг заавал инээмсэглэл дагалдаж байдаг. Ийм сайхан үгсийг хэн ч уурлан уцаарлаж, бухимдан харааж байж хэлдэггүй. Учир нь энэ үгс хүмүүсийн сэтгэлийн чанад дахь гэрэл гэгээнээс цацарч байдаг болохоор, тэд өөрсдөө ч мэдэлгүй инээмсэглэнэ. Инээмсэглэл гэдэг чинь хүмүүний сэтгэлд мандаж байгаа илч гэрэл юм. Сэтгэлд оршиж байгаа бухимдал, уур уцаар, гуниг зовлонг өөдөөс тань хараад инээмсэглэх нэгэн сарниулж орхидог. Эхлээд сэтгэлийн чанаддаа муухан мушийх авч, бүрхэг тэнгэрийн үүлс аажим аажмаар сарних мэт сэтгэлд нарны илч гэрэл аажим аажмаар тусч, бараан сүүдрийг бага багаар ч болов үлдэн хөөнө. Нэг л мэдэх дор сэтгэлд тань итгэл найдвар бадарч "хн энэ зовлон юу юм бэ? хамгийн гол нь би өнөөдөр энэ л тэнгэрийн дор ийм сайхан гэрэлт орчлонд амьдарч явна" гэж өөртөө баярлан итгүүлнэ. Эргэн тойрны хүн болгон тань ямагт инээмсэглэж байх юм бол таны сэтгэлд үргэлж аз жаргал гэрэлтэж байх болно. Гэхдээ энэ нь тийм ч хэцүү зүйл биш л дээ. 

...Нээрээ бодох ахул бид ямар их үнэ цэнэтэй зүйлээ огт үнэлэхгүй, бас тоохгүй байнаа. Бусадтай мэндлэх, бусдад талархах, бусдын өөдөөс инээмсэглэхэд бид ямар ч мөнгө төлөхгүй шүү дээ. Эдгээр зүйлс бидэнд байгаа, хэн ч биднээс булааж авч чадахгүй баялаг. Гэтэл бусдад зүгээр л "бэлэглэж", өөрөө бусдаас хариу нэхэлгүй буцааж авч болох зүйлсээ умартаад л умартаад л, уурлалдаад л хялалзаад л , бухимдаад л хэрэлдээд л... Бас өөрөө зовж шаналаад, өрөөлийг ч зовоож шаналгаад...

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.