Чөтгөрийн тойрог буюу хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг

Twitter Print
2018 оны 05-р сар 19-нд 10:11 цагт
Мэдээний зураг,

Тойрон хүрээлэгчид. Энэ бол аливаа удирдагчдын итгэлт хүмүүсийн хүрээлэл. Удирдагчийг сайн эсвэл муу өв үлдээх, хожим хэрхэн дурсагдахыг тойрон хүрээлэгчдийн хамтлаг тодорхойлж байдаг. Тойрон хүрээлэл нь үзэл санааны хамтран зүтгэгчид, эсвэл эрх ашгийн төлөөх явцуу бүлэглэл аль алинаас нь ч бүрдэж мэднэ. Түүхэн удирдагчдын шийдвэр гаргах мөчүүдэд янз бүрийн хүмүүсийн хувийн харилцаа, атгаг шунал, аминч үзэл бас санаандгүй унагасан үгс өөрчлөлт оруулж улмаар хүний түүхэнд нөлөөлөө үзүүлсээр ирсэн.

Ард түмний хүсэн хүлээсэн итгэл сэтгэлээ зориулсан удирдагчдыг тойрон хүрээлэгчдийнх нь явцуу ашиг сонирхол хэрхэн “хүүхэлдэй” болгож, хууль ёсонд үл захирагдах “мангас” болгож хувиргасан түүх дэндүү олон. Удирдагчийн өөрийн итгэл үнэмшил, алсын хараа, эрхэмлэл хийгээд зарчим амжилтын тал ч нөгөө талд нь хамтран зүтгэгчдийнх нь үүрэг оролцоо, итгэл үнэмшил чамгүй нөлөө үзүүлдэг.

Орчин цагийн манлайллын номлолоор бол аль болох хувь хүний эго, эрх ашигт тулгуурласан бус нийгэмд эерэг манлайлал авчрах удирдлагын хэв маягийг дэмжих төлөвтэй байгаа. Гэвч хуучинсаг, дарангуйллын хүчтэй нударгаар асуудлыг шийдэх маягийн манлайллыг зориудаар сурталчилж, олон нийтийг төөрөлдүүлсээр байгаа нь харамсалтай. Асуудалгүй улс орон гэж нэгээхэн бээр үгүй. Монгол Улс ч өөрийн гэсэн асуудалтай, зовлонгоо туулж байгаа орон. Асуудлын зангилаа ихэнхдээ удирдлагын хэв маяг, засаглалын дэг журмын гажуудлаас үүдэлтэй. Эрх мэдлийг хэрэгжүүлэх явцад гаргаж буй хүмүүсийн ухар мөчид алдаа нь улс орныг бүхэлд нь хамарсан үгүйсгэл, дайсагналд ч хөтлөх аюултай. Тиймээс бид манлайллын зөв, эрүүл чиг хандлагыг тасралтгүй хэрэгжүүлэхийг урьтал болгож байх ёстой.

Түүхэн дэх сайн жишээ, муу жишээ хоёр хоёул хойч үед сургамж, сануулга болсоор байдаг. Тэгвэл энэ удаад хүний түүхэнд хүчтэй нөлөө үзүүлсэн нэгэн жишээг цухасхан дурьдая. Үүнийг өгүүлэхийн учир нь байгуулж буй нийгмийнхээ үзэл санаанд тууштай биш, хүний эрх эрх чөлөөг хяхсан, ардчилалд эргэлзсэн, түүнийг үгүйсгэхийг номлогч тийм шинэ үе, үзэл суртал идэвхижиж буй учир аль болох хүчирхийллийн бус замаар соён гэгээрлийн мөрөөр нийгмээ эерэгжүүлэх тухайдад ийнхүү “муу жишээг” залууст эргэн сануулах зорилгоор энэхүү нийтлэлээ бичлээ.

АДОЛФ ХИТЛЕРИЙН ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ

Хитлерийн хүчээ авч улс төрд нөлөөллөө тогтоосон хийгээд амиа егүүтгэн түүхийн тавцанаас ичгэвтэртэйгээр нуран унах хүртэл бүхий л үед түүний тойрон хүрээлэгчид хүн төрөлхтөний эсрэг гэмт үйлдлийг нь хөхиүлэн дэмжсээр байсан. Гэвч тэдний ихэнх нь Хитлерээс урваж хар амиа авч үлдэхийг хичээгсэд байлаа. Фашизмын нүсэр том хүлэг онгоц галдан шатаагдаж мөхөх үед тэрхүү онгоцны эрэг шураг болсон олон түшмэд завь авч ус руу үсэрхийг завдсан байдаг. Ингээд Хитлерийн чөтгөрийн тойргийн нөлөө бүхий 10 хүний тухай товч өгүүлсү.

10. Волтер Фанк (Walther Funk)

Тэрээр Хитлерийн итгэлт хүмүүсийн аравт жагсдаг. Рейхын Эдийн засгийн сайд. Эийн засагч, хуульч бас философич нэгэн. Тэрээр бусад тойрон хүрээлэгчид шиг өндөр нөлөөтэй биш ч эдийн засгийн асуудлаар номер нэг итгэлт хүн нь байсан бөгөөд дайны дараа 1957 он хүртэл хоригдож байгаад суллагдсаны дараа 3 жил болоод нас барсан.

9. Жоачим Фон Риббентроп (Joachim von Ribbentrop)

Нацист Германы Гадаад хэргийн сайд. Олон улсын харилцааны асуудлаар Хитлерийн номер нэг итгэлт хүн. Муссолинитай Гитлерийг гол холбогч бөгөөд нацист улсуудыг холбон тоглогчийн үүргийг гүйцэтгэгч. Хоёрдугаар дайнаас өмнө Британид Элчин сууж асан тэрбээр Сталины гадаад хэргийн сайт Молотовтой нууц гэрээ байгуулснаар түүхэнд үлдсэн байдаг. Тэрээр хүн төрөлхтөний эсрэг гэмт хэргийнхээ төлөө 1946 онд дүүжлүүлсэн.

8. Альберт Спийр (Albert Speer)

Хитлерийн сул тал дээр нь тодорч хожим томорсон залуу. Хитлер уран зургийн академид орох гээд шалгалтандаа бүдэрч байсан түүхтэй. Тэрээр урлагийн сургуульдаа тэнцсэн бол хорьдугаар зууны түүх өөрөөр бичигдэх байсан байж ч магад. Спийр бол авъяаслаг буран бүтээлч, архитектур. Тэрээр Хитлерийн хамгийн дуртай сэдвүүдийн нэг болох түүний эзэнт гүрний сүр хүчийг илтгэх барилга байгууламжуудын загвар дээр ажиллаж байсан. Тэд чөлөөт цагаараа тогтмол уулзаж уран барилгуудын төсөл дээр санал солилцдог байсан.

Ньюренбэргийн сүрт жагсаалын өнгө донжийг тэрээр дэглэсэн. Хаа сайгүй үзэгдэх хас тэмдэг бүхий туг далбаа, сүрт жагсаалын эргэн тойрон дахь тэнгэрт цойлсон гэрлийн тусгал, өнгө будгийн хоршлыг тэр бусдыг алмайртал хийж байв. Хитлерийн эзэнт гүрний харагдах байдал, бусдад төрүүлэх сэтгэгдлийн хэв маягт Спийр хүчин зүтгэж байсан. Тэрээр дайны дунд үед Хитлерт хангалттай итгэгдсэн нэгэн байсныхаа нөлөөгөөр Германы зэвсэглэлийн сайдаар ажиллаж байв. Эрүүл мэндийн асуудалтай байсан ч дахин босч ирээд ажлаа үргэлжлүүлж байв.

Хитлер ялагдах мөчид тэрээр олон эргэлзээн дунд гацах болсон. Холбоотнуудад ялагдах нь тодорхой болмогц Хитлер бүх үйлдвэрүүдээ устгахыг Спийрт даалгасан. Зам гүүр зэрэг бүтээн байгуулалтын нүсэр обьектуудыг нураах эзнийхээ даалгаварыг тэрээр хэрэгжүүлэхийн эсрэг байв. Хитлер нуран унасан ч Герман хохирох ёсгүй гэсэн итгэл үнэмшилтэй болсон байна. Хитлерийн бусад тойрон хүрээлэгчдийн дундаас Спийр бага ял авсан хүмүүсийн тоонд ордог. Тэрээр Ньюрнбергийн шүүх ажиллагаанаас 20 жилийн ялаар шийтгүүлсэн байна.

7. Карл Дониц (Carl Donitz)

Хитлер амиа хорлохынхоо өмнөхөн Карл Доницийг өөрийн залгамжлагчаар томилсон. Гёринг, Гөббэлс, Борманн зэрэг тойрон хүрээлэгчид нь өөрсдийгөө залгамжлагчаар тодруулах болов уу гэж горьдож байтал Тэгисийн цэргийн Ерөнхий командлагч Доницыг Хитлер залгамжлагчаар тодруулсан юм. Адмирал Дониц бол Хитлерт бусад шигээ ойр дотно байгаагүй ч өөрийн сул талаа бага таниулсан хүн. Дээр нь нөгөө хэд шигээ дотоод зөрчилдөөнд тэр бүр оролцоод байдаггүй төвийг сахисан дундын хувилбар байсан. 1945 онд дайн дууссаны дараа тэрээр ердөө 10 жилийн ял авч бүрэн эдэлсэн. Ингээд 1955-1980 оны хооронд тэрээр Хамбургын дэргэдэх жижиг тосгонд 25 жилийн турш хэнд ч анзаарагдахгүй шахам нам гүм амьдарсаар 89 насалсан байдаг.

6. Эрик Райдер (Erich Raeder)

Хитлерийн явган цэргийн командлагч. Хитлерийн эргэлзээгүй итгэлт хүн. Тэрээр даалгавар ягштал биелүүлэгч нэгэн. Түүний нөлөөллийн талаарх дэлгэрэнгүй баримтууд бусдынх шигээ их биш. Гэвч тэр нөлөөллийн эрэмбээр тэргүүлэх эгнээнд байсан. Тэрээр 1945 оны 6 дугаар сард оросын цэрэгт баригдаж улмаар Москвад хоригдож байгаад Ньюренбергийн шүүх хурлаар орсон. Хачирхалтай нь түүнийг цаазлагдана гэж тооцож байсан ч тэрээр хорих ял шийтгэгдэж амьд үлдсэн төдийгүй 1955 онд суллагдаж 1960 он хүртэл амьд явсан нэгэн.

5. Вилгельм Кейтель (Wilhelm Keitel)

Германы зэвсэгт хүчний дээд командлагч бөгөөд Батлан хамгаалахын сайд. Мөн Хитлерийн тамгын даргаар ажиллаж байсан нэгэн. Тэр бол Хитлерийн тэргүүн зэргийн үг дуугүй заавар биелүүлэгчдийн нэг. Фильдмаршал тэрбээр Хитлерийн талаар хоёр ч номыг хэвлүүлсэн бөгөөд сурвалжит гаралтай, олон хүүхэдтэй нэгэн байсан. Хожим дайны дараах Ньюренбэргийн шүүхээр хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн гэмт хэргийн учир цаазаар авахуулсан.

4. Иосиф Гөббэльс (Joseph Goebbels)

Тэрээр Хитлерийн шоронд өөрийгөө өмгөөлж буй үйл явцыг үзээд түүний үнэнч хамтрагч болохоор шийдсэн. Хитлерийн намын Берлин дэх жигүүрийг толгойлж нэг жилийн дотор 289 удаа илтгэл тавьж олон мянган гишүүдээр эгнээг нь тэлж байсан. 23 насандаа докторын зэрэг хамгаалсан, амьдралын эрхээр хэд хэдэн төлбөртэй жүжиг бичиж олон хүүхнүүдтэй нэр холбогдож явсан. Хитлерийн Германы Үзэл суртлын яамыг 12 жилийн турш толгойлж орчин цагийн хэллэгээр пиар буюу үзэл суртлын машины гол жолоодогч байсан. Тэрбээр хэд хэдэн ном бичсэн бөгөөд Нацист үзлийг үхэн үхтээ дэмжигч Еврей нарыг хомроголон устгахыг сурталчлагч байсан. Тэрээр өөрөө еврей цустай байсан, мөн нэг нууц амраг нь Еврей гаралтай байсныг хожим тогтоосон. Гөббельс бол Хитлерийн дараа хоёрдугаарт орох хэмжээний олон нийтэд нөлөөтэй нацист байлаа. Тэрээр эзэнт гүрний харилцаа холбоо, радио, сонин сэтгүүл, бүх урлагийн байгууллагыг хянаж, улмаар олон нийтийг юу үзэх, юу сонсох, юу унших, мөн хэнтэй дайсагнах, хэнийг шүтэхийг үзэл суртлын машинаараа залдаг байсан нэгэн.

Гитлерийг амиа хорлосоноос хойш төд удалгүй өөрийн гэр бүлээ устгаж өөрийгөө ч хөнөөсөн. Түүний эхнэр ч мөн адил Гөббельсээс дутахааргүй Хитлерт нөлөөтэй байсан бөгөөд амиа хорлосон байдаг. Гөббельс Хитлерийн залгамжлагчаар тооцогдож байсан, мөн хүн төрөлхтөний эсрэг гэмт хэргийн гол дизайнерүүдийн нэг байсан.

3. Мартин Борманн (Martin Bormann)

Борманн бол Нацист намын дарга төдийгүй Хитлерийн шадар хүн, Тамгын дарга нь байв. Хитлерт хэний үг хүрэх, эс хүрэхийг тэр шийддэг байсан. Бүх зүйл түүний цензурээр хэмжигдэнэ. Хитлерт зуны асар барьж өгснөөр тэрээр итгэлт хүний тоонд зугуухан орсон. Уг нь Хитлерийн үнэнч дэмжигч Хэйсс гэж нөхөр бүр бага залуу наснаасаа шоронд хүртэл хамт хоригдож “МИНИЙ ТЭМЦЭЛ” номыг нь бичгийн машинд шивсэн хүн. Тэрээр Нацист Германы Фьюрерийн орлогч хүртэл дэвшсэн байдаг. Гэвч үйл явдлын өрнөл дунд тэрээр байр сууриа алдаж, улмаар хэнд ч хэлэлгүй ганцаар Лондон нисч тэнд Чөрчиллтэй хэлэлцээ хийх гэж явсан байдаг.

Английн нэг хөдөөх тосгоны тариаланч онгоц нь сүйрээд шүрхээр буусан нэг нөхрийг бариад авч. Гав ганцаар эзгүй хээр олдсон нөгөөх залуу өөрийгөө Хитлерийн орлогч, танай улсын Ерөнхий сайдтай уулзана гэж хэлэхийг сонсоод галзуу гэж бодсон байгаа юм. Улмаар шалгагдаж шалгагдсаны эцэст мөнөөх нөхөр Германы 2 дугаар хүн болох нь тодорхой болж, үг дуугүй хоригдож. Үүнийг нь мэдсэн Хитлер уураа барьж дийлсэнгүй яаж шийтгэхээ бодож байтал угаас Хэйссд дургүй Гөббельс, Гёринг нар түүнийг улсаас уравсан дайсан болгож пиардсан байдаг. Ийнхүү Хэйссийн орон зай эзгүйрч түүний туслах асан Борманн тодорсон түүхтэй.

Борманн бол үг дуу цөөтэй, муу санаатай, дотуур тамиртай нэгэн. Бүгд түүнээс жихүүрхэнэ. Нацист тогтолцооны ямар ч том дарга түүнээс үхтлээ айна. Учир нь тэр Хитлерийн нүд чих, тэмтрүүл байлаа. Хитлерийг үхсэний дараа тэрээр Доницийг томилсон бичгийг нь аваад хоргодох байрнаас гарсан байдаг. Яаж ийгээд амиа хоохойлох, улмаар Доництой холбоолохыг хүссэн ч Холбоотны цэргүүдэд баригдах дээрээ тулав. Ингээд нэгэн цагт олон хүний амийг егүүтгэж байсан мангасын машины томоохон хөдөлгүүр Борманн өөрийгөө буудсан түүхтэй.

2. Хэрман Гёринг (Hermann Goring)

Гестапог үндэслэгч загалмайлсан эцэг. Тэрээр дэлхийн нэгдүгээр дайны баатар, “Ягаан зүрх” одонт амьд домог байлаа. Хитлер Нацист намаа байгуулах мөчид анхнаас нь хамтран зүтгэгчдийн тоонд тэр багтаж байсан. Хитлерийн хамт дайралтанд өртөж хөлдөө авсан шархнаасаа болж морфины хамааралтай болсон бөгөөд хожим түүндээ хэт их донтох болсон байдаг. Тэрээр өөрийгөө Хитлерийн зүй ёсны залгамжлагч гэж тооцдог байсан. Орос руу довтлох санаа болон Англи руу довтлох санааг тэр дэмжээгүй ч түүнийгээ ил илэрхийлж чадалгүй Хитлертэй зөрөхөөс зүрхшээдэг байсан. 
Гёринг Хитлертэй түүний төрсөн өдрөөр хоргодох байранд нь уулзан бөмбөгдөлтийн нүргээнд оргилуун дарс тулгахдаа өөрийг нь залгамжлагч болгохыг горьдож байсан. Хамгийн гол нь тэрээр Хитлерийн залгамжлагч болсон бол Холбоотнуудтай учраа ололцож бүх бурууг Хитлерт тохож амьд үлдэнэ гэж тооцож байсан. Тэрээр Францаас урлагийн хэдэн зуун сор бүтээлүүдийг дайны үеэр тонож өөрийн хувийн харшаа тохижуулсан эд мөнгөний хязгааргүй шуналтай байлаа. Хитлер амьдралынхаа сүүлчийн мөчүүдэд олон жил амрагласан Эва Браунтай гэрлэх хүртэл Гёрингийн эхнэрийг Германы албан бус тэргүүн хатагтай гэж хүмүүс үзэж байсан гэдэг. 

Гёринг Хитлерийн сүүлчийн төрсөн өдрөөс буцаж ирээд өөрийн харшдаа баахан хямарсан байдаг. Хитлер лүү захиа бичээд “албан тушаалаа надад өгчих” гэж бичих үү яах вэ гэдэг дээр нэлээд эргэлзэж бодсон байдаг. Байдал буруугаар эргэвэл шууд алуулна, эсвэл Хитлер “тэг, тэг” гээд өөрийн залгамжлагчаар томилж ч магад. Тэгвэл хурдхан шиг бууж өгөөд Холбоотнуудтай учраа олно гэж хоосон итгэж байлаа. Тэр захиа бичжээ. Захиаг нь Борманн авав. Хариу нь маш энгийн. “Ямар ч үйлдэл хийлгүй байж бай, Хитлер Германы эзэн хэвээрээ байгаа шүү”. Ингээд түүний асуудал шийдэгсэн. Нэг талаас Хитлер түүнийг жигшив, нөгөө талаас тэр Хитлерээс урвагч болов. Дайны дараах Ньюренбергийн шүүх ажиллагаан дээр тэр ямар ч гэм буруугүй мэт аашлав. Амьд үлдэхийг хүртэл хичээв. Цаазлах тогтоол гарав. Шоронгийн өрөөнд амиа хорлов. Ийнхүү Нацист Германы нөлөө бүхий хүн урвалтаар амьдралаа дуусгав.

1. Хэйнрих Химлер (Heinrich Himmler)

Химлер бол дэлхийн нэгдүгээр дайны жилүүдэд өсвөр насны хөвгүүн байсандаа ихэд харамсдаг нэгэн. Нацист Германы хамгийн нөлөө бүхий нэгэн мөртлөө хожим хар амиа хоохойлохын тулд хамгийн булай урвалтыг гаргаж байсан нэгэн. 
Тэрээр Хитлерий хувийн цагдаагийн сүлжээ болох “SS”-ийг үүсгэн байгуулагч, хөгжүүлэгч нь юм. Тэрээр 1930-аад оны дунд үеэс эхлэн улс төрийн өрсөлдөгчдөө хайр найргүй цус урсган дарсан нэгэн. Улмаар 6 сая гаруй еврейчүүдийг аймаглан устгах кампанит ажлыг гардан хэрэгжүүлэгч бөгөөд тамлан зовоох тогтолцооны нууц ноёнтон байлаа. 
Химлер мөн Хитлерээс сүүлийн мөчид урвасан. Нууцаар Швейдийн төлөөлөгчидтэй уулзаж Холбоотнуудтай тохиролцоо хийхийг хичээж байв. 1200 орчим еврейг ялагдахаа мэдээд суллаж, бараг л Хитлерийн хүчинд автаж энэ бүхнийг хийсэн, харин ч еврейчүүдийг би суллах талд нь ажилласан гэх үгээ бэлдчихээд байлаа. Мөн л өөрийгөө Хитлерийн залгамжлагч гэж итгээд Гёринг болон Борманн, Гөббельс нартай нууц тулаан хийж байсан. 

Хүний түүхэн дэх хамгийн аймшигт яргаллыг хөгжүүлэгч энэ нөхөр сүүлийн мөчид амиа хоохойлох бүхий л арга замуудыг эрэлхийлсэн байдаг. Нэгэнт баригдах нь тодорхой бас дээр нь эрүүдэн шүүлгэж болзошгүй гэж үзээд цианитын хор ууж амиа хорлосон байдаг.

Хитлерийн чөтгөрийн үзэл санааг биежүүлж, түүнийг хэрэгжүүлэх үйлсэд түүнийг аялдан дагагч олон хүмүүс нэгдэж хүн төрөлхтөний эсрэг гамшигт гэмт хэргийг өдүүлсэн байдаг. Үүн шиг үзэл санаа үнэт зүйлийн эсрэг, яргалал, аллага, айдас хүйдсээр нийгмийг байтугай дэлхийг эрхшээх гэсэн оролдогууд хүний түүхэнд олон.

Хүчирхийлэл хүчирхийллийг л төрүүлдэг. Ядуурал, нийгмийн бухимдал, хуулиас гадуурх баривчилгаа, зөвхөн өнөөдрөө бодсон харалган үйлдлүүд ямар гутамшигт үр дүн авчирдагийг бид ухаарах ёстой. “Ал! цаазал! хорь! Баривчил!” гэж хоороороо орилох дууны цуурай эргэж тийнхүү хашгирагсдын гавал дээр аянга болж буудаг. Тиймээс манлайллын зөв хандлагыг тууштай баримтлах нь ардчиллын үнэ цэнэ, хүний эрх, эрх чөлөөний зарчим юм.

Дараа дараагийн цуврал бичлэгүүдээрээ сайн болон муу жишээг аль алиныг нь бичих болно. Монголчууд 1930 аад онд олон мянган гэм зэмгүй иргэнийхээ амь насыг зүй бусаар хөнөөсөн гамшгийг туулсан. Түүхийн мууг нь давтахгүй сайныг нь өвлөх нь залуу үеийн үнэт зүйл байх ёстой.

2018 оны 5 дугаар сарын 10, Улаанбаатар хот

Сүхбаатарын Эрдэнэболд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.