
Зун заримдаа агь шавагийн үнэр хамар цоргиж, толгой эргэм байдаг даа. Ялангуяа яагаад ч юм сар гийсэн, намуухан шөнөөр... Тэр намуунд харин сэтгэл л хөвөлзөөд тогтохгүй. Ийм л саруулхан ч мансуурам шөнөөр нэг л чөлөөтэй, амттай, аазгай хөдлөм санагддагсан. Тэгж бодогдоод ч байдаг юм биш бүр барин тавин мэдрэгдээд, гэгэлзүүлээд байдаг гэх юм уу. Ийм шөнө ногооны талбайн цаад захад далбагар даливсны навчин дунд нуугдаад хэвтэж байхад сэтгэлд нэг л тайлбарлахын аргагүй нууцхан баяр төрдөгсөн. Сэтгэлд хадаатай үлдэх ийм үдшүүд амьдралд ховор юм даа.
Надад тийм нэгэн шөнө насан туршид минь дурсагдаж явдаг билээ.
Арван хоёртой байлаа. Ногооны талбайн хойхонтой өвдгөө тэвэрч суугаад нүднээсээ нулимс гартал сарыг ширтэж байв. Гэнэтхэн хажууд хэн нэг нь мэгших нь сонсогдов. Эргээд хартал манай хөрш Нечай өвгөн байх нь тэр. Намхан, туранхай өвгөн уртаа цагаан тааран цамц хэдэрчихсэн явна. Уйлаад ч байгаа юм уу, ойлгомжгүй юм амандаа бувтнаастай.
Нечай өвөөгийн хөгшин нь гээд үг цөөтэй, жижигхэн эмгэн гурав хоногийн өмнө өнгөрсөн юм. Тэдний хүүхдүүд том болоод тусдаа гарцгаачихсан хоёулахнаа амьдардаг байсан. Нечай өвгөний хөгшин Нечайха эмгэн ер анзаарагдалгүй амьдарсаар чимээгүйхэн л гэнэт өнгөрчихсөн дөө. Нэг өглөө л босоход “ Нечайха эмгэн хөөрхий, зүрхээр л явчих шиг боллоо” гэлцээд л ном ёсоор нь газрыг нь ухаж, австай нь буулгаад л, булж орхисон. Би одоо ямархуу царай зүстэй хүн байсныг нь ч сайн санахгүй байна. Хашаан дотроо “ цып, цып, цып” гээд л тахиагаа хооллон бөгтөгнөж, амьтан хүнтэй хэл ам хийж тосгоноор нэг шуугиан тариад байдаггүй л байсан даг. Байж л байсан гэнэтхэн л өнгөрчихсөн.
...Тэр л саруулхан сайхан шөнө би эргэн тойрон гайхам сайхан, дулаахан, төрж өссөн нутагтаа айх аюулгүй амьдарч байсан ч хүн ганцаардах гэдэг ямар хэцүү байдгийг мэдэж авсан юм.
Би нуугдлаа. Өвгөний өмссөн урт цагаан тааран цамц сарны саруулд цайран үзэгдэнэ. Тэрээр аажуухан алхалж, ханцуйгаараа нүдээ шударна. Өвгөн холгүй байсан учраас энэ бүхэн надад сайн харагдаж байлаа.
Зүгээрээ, жаахан учраа олж аваад тайван ярилцанаа хоёулаа гэж нулимсаа бөмбөрүүлэнгээ амандаа үглэх аж.
-Гурван өдөр байж суух газраа олсонгүй бүр зовж гүйцлээ. Юм хийх гээд ч нэмэргүй, гар даагдахгүй юм. Ийм л байна даа!
Жаахан байж байгаад өвгөн бага зэрэг тайтгарав.
Хэцүүхэн л байна даа, Парасковья. Өөд болохдоо ч ядаж ганц үг амнаасаа унагаасангүйв дээ? Надад гомдчихоо юу даа? Хэлсэн бол арай амар байхсан. Одоо бол яасан юм бол гэж бодсоор л бүр гээд дахин енгэнүүлснээ таг болов.
– Яахав чамайгаа өнгөрчихөөр биеийг чинь угааж, хувцаслаж цэмцийлгэлээ. Манайхны өнөө Сергей авсыг чинь хийж өглөө. Хүний ёсоор л хойдыг чинь гүйцээв. Нэг олон хүн ч ирээгүй л дээ. Цагаалга ч хийж бэрээсээ ч чаналаа. Тавих газрыг чинь харин Дадовна хөгшний газрын хажууханд, их эвтэйхэн, хуурай газар олж тавьсаан. Би ч бас тэндээ өөртөө газар харж авсан. Одоо тэгээд ганцаараа яамаар ч юм? Хаалга үүдээ хааж хадаад Сергей хүүгийндээ очдог юм уу? Амаргүй л болов уу даа. Хүү ч яахав харин хүүхэн нь л ... Заримдаа хэлсэн үгийг нь сонсохоор хоол хоолойгоор давахгүй болдогийг чи ямар мэдэхгүй биш. Хэцүүхэн л байна даа хөгшин минь юу гэж зөвлөхөв наддаа?
Нам гүм.
Би ч бүр Нечай өвгөний хөгшин нь өөдөөс нь нөгөө намуухан аядуухан дуугаараа хариулаад эхлэх вий ч гэж айх шиг.
-Хаачдаг юм билээ л гэж гансарч сууна даа гэж Нечай өвгөн үргэлжүүлэв.
–Ёстой хүзүүндээ олс углачихмаар л болох юм. Урд шөнө жаахан зүүрмэглэтэл чи хашаан дотуур яваад тахианыхаа өндгийг түүж байгаа шиг үзэгдээд. Би бүр лавшруулаад хартал өндөг биш харин амьд жижигхэн дэгдээхээнүүд байхад чи тэднийг нэг нэгээр нь идэж байна. Бүр амттайг нь гайхаад байх юм гэж зүүдлээд. Бурхан бүү үзэгд! Цочиж сэрээд, чамайг сэрээх гээд л... байхгүйг чинь мартчихжээ хөө. Парасковьюшкаа, бүр дотор урж гүйцлээ чи гээд Нечай өвөө дахиад л уйлж гарлаа.
-Эээх ээ, яв... явчихлаа гэж үү дээ, намайг ганцааранг минь яа гэж орхиж байгаагаа бодсонгүй юуу ууу? Ядаж л өвдөж хавдаад байна гэж хэлэхгүй дээ. Хот ороод эмч олоод ирэх байсан шүү дээ. Хүмүүс ч эмчлүүлээд эдгээд л байна даг. Юу ч хэлэхгүй, таг дуугуй байж байгаад л ойчоод өглөө. Би ч гэл тэгж чадна цус ... Нечай өвгөн нусаа нийж, нулимсаа шудраад уртаар санаа алдав.
–Наана чинь гэцүү байна уу, Парасковьюшка? Буцаад ирмээр л байгаа байлгүй дээ? Зүүдэнд үзэгдээд л байх юм. Зүүдлэгдэх нь яах вэ, зүгээр л зүүдлэгдвэл л сайн байна хөгшин минь. Тэхгүй бол дэгдээхий энэ тэр ч дэмий л байна шүү... Энүүхэнд гэснээ Нечай өвгөн дуугаа намсган шивнэж эхлэхэд би зарим үгийг нь сонссонгүй.
–Нүгэлтэй амьтан чинь бүр тэгж бодогдоод оо. Яахав дээ магадгүй л гэж... Тэгээд мэдэхгүй булчихсан удаа байдаг л юм гэсэн. Дээхэн Краюшкино тосгонд нэг эмгэнийг оршуулсан чинь өнөөх нь ёолоод эхэлсэн гэнэ. Ухаад гаргаад иртэл амьдаараа... Би ч сая хоёр шөнө явж чагнаархлаа. Чимээгүй л байх шиг. Тэргүй бол ч яачихмаар л... Айхтар нойронд автаад сэрэхгүй болчихоор хүмүүс мэдэхгүй оршуулчихдаг гэлцэх юм. Гэтэл нөгөөх нь үхээгүй зүгээр унтчихсан байдаг л хэрэг...
Үүнийг сонсон миний бие зарсхийгээд л явчихав. Ногооны талбайгаасаа чимээгүйхэн мөлхөж гараад өвөө дээрээ гүйж очоод болсон бүгдийг дуржигнуулчихлаа. Өвөө хувцаслаад хамтдаа ногооны талбайн цаад зах руу явцгаав.
-Цаад өвгөн чинь өөрөө өөртэйгээ яриад байна уу эмгэнтэйгээ яриад байх шиг байна уу гэж өвөө шалгаана.
-Эмгэнтэйгээ, яах уу гээд л зөвлөлдөөд байна.
-Хөгшин төгцөг чинь галзуурах нь л дээ. Явж очоод ухаад гаргаад ирэх вий дээ. Эсвэл согтуу байгаа юм бол уу?
-Үгүй байхаа. Согтчихоороо уг нь бурханаа яриад бас дуулаад байдаг ш дээ - үүнийг нь ч би яг мэдэж байгаа юм чинь.
Биднийг ирэх чимээнээр Нечай өвгөн дуугүй боллоо.
-Хэн бэ? – гэж өвөө зандрангуй асуув.
Нечай өвгөн юм дуугарсангүй удлаа.
-Энд хэн байна гэж асуугаад байна шүү?
-Яах гээв?
-Нечай чи юу?
-Ммхан...
Бид ойртож очлоо. Нечай өвөө татар маягаар завилаад суучихсан бидэн рүү духаараа харж их л таагүй янзтай байна.
-За тэгээд энд бас өөр хэн байна даа?
-Хаана?
-Энд. Би чамайг хүнтэй яриад байна гэж сонслоо
-Чамд хамаагүй.
- Гүй ер, бүдүүхэн мөчир барьж аваад чамайг гэр рүү чинь хөөгөөд өгье л дөө. Бүр эргэж ч харахгүй зугтахаар балбаад өгье. Хөгшин хүн байж галзуурч байгааг нь... Ичихгүй байна уу чи?
-Эмгэнтэйгээ ярьж байна би, хүнд садаа болсон юм алга.
-Хэнтэй ярьж байна гэнээ? Байхгүй хүнтэй юуг нь ярих гээв чи? Нас болоод оршуулчихаа биз дээ?
-Надтай яриад байгаа юмыг яах юм, сонсогдоод байна шүү дээ- гэж өвгөн зөрүүдлэв.
–Энүүгээр хүрч ирээд яриа чагнаад садаа болоод байлгүй арилж үз.
-Алив хөө, явья даа
- Өвөө Нечай өвгөнийг хөнгөхөн татаад босгочихов.
-Манайд очьё. Ганц лонх нэрмэл байгаа, хуваагаад хүртчихье. Гайгүй хөнгөрөх байгаа.
Нечай өвгөн өвөөд дургүйлхсэнгүй.
-Хэцүү байнаа хөгшин минь, чадал алга. –Өвгөн урд гараад өвөөтэй хамт бүдчин алхангаа аанай л нулимсаа ханцуйгаараа шударч явна. Би тэр жижигхэн, уй гашууд автсан өвгөний араас нь харан дагаж явахдаа өрөвдсөндөө бас л аярхан гэнгэнүүлж явлаа. Чанга уйлбал өвөөд няслуулж мэднэ гэж айгаад байгаа хэрэг шүү дээ. Нечай өвгөн нээрээ л их өрөвдөлтэй байлаа.
-Амар юм гэж юу байхав дээ – гэж өвөө аргадана. Ханилсан ханиа газарт булах хэнд л амар байв гэж? Тэглээ гээд бүгд л уй гашуудаа автаж цуг унаад өгдөг байсан бол үлдэх хүн гэж ер байх уу? Би бол тэгээд бүр хэд үхэх хэрэгтэй байсан болж байна, айн? Тэвчнээ хөө. Сэтгэлээн бариад тэвч.
-Өрөвдөөд байх юм аа.
- Тэгэлгүй яахав дээ. Өрөвдөлгүй яахав. Тэглээ гээд тус болох юм юу байхав. Өөрөө л зовохын нэмэр. Тэгж байгаад унаад өгөх вий.
-Яахав ойлгоод л байгаа ч... энд нэг юм бөглөрчихөөд болдоггүй. Яагаад ч цааш орохгүй юм. Уугаад ч нэмэр алга.
-Нэмэртэй болноо. Сергей яагаад ирсэнгүй вэ? Бусад нь ч яахав хол байдаг улс гэхэд энэ ирмээр?
-Томилолтоор явчихсан. Ээх хөгшин минь юу хэлэхэв? Гэнэтийн л юм боллоо. Санаанд чиг л орсонгүй...
-Амьдралын жам юм даа. Амьд сэрүүн байхад нь бодох ч юмгүй. Байх л ёстой юм шиг санана. Өнхрөөд өгөхөөр нь л харуусах юм даа. Тэглээ гээд уй гашууд ухаанаа үйнэ гэдэг чинь харин тэнэг хэрэг шүү.
Миний хувьд өнөө сайхан зуны саруулхан, намуухан шөнө үгүй болж, бодогдох бодол өнөө чимээгүйхэн баяр баясгалан хаачсан ч юм алга болсон байлаа. Тэр жижигхэн өвгөний уй гашуу тэр сайхан ертөнцийг минь эзэлчихэв. Гэхдээ л агь шавагийн хурц үнэр хамар цоргисон хэвээр байсан санагдана.
Нечай өвгөн манайд хонохоор боллоо. Өвөөтэй хамт шалан дээр гудас хаяад, дах хэдрэн хэвтэцгээв.
-Би чамд нэг явдал ярьж өгье.- гээд өвөө маань аяархан дуугаар ярьж эхлэв. Чи ч дайнд яваагүй болохоор ямар байсныг нь сайн мэдэхгүй л дээ. Тэнд дүү минь энэнээс айхтар хэцүү юм их л байлаа. Би эмнэлэгийн хороонд асрагч хийж, тулалдааны талбараас шархтанууд зөөж ар тал гаргадаг байсан юм. Нэг удаа бас л тэгээд явж байлаа. Манай муу “студебеккер” бин битүү. Шархдагсад ёолоостой, аяархан яваарай гэж гуйгаад л. Харин манай жолооч, миний онжав Миколай Игренев аль болох л жигдхэн явах гэж хичээнэ. Гэхдээ ухарч байсан болохоор удаан явж бас болохгүй. Нэг салаа замын уулзвар дээр иртэл өөдөөс нэг хөнгөн тэрэг гарч ирлээ. Сууж яваа офицер нь зогс гэж дохив. Гэтэл бид зогсож болохгүй, чөтгөр ч тушаасан зогсож болохгүй гэсэн хатуу тушаалтай. Тэр нь ч зөв хичнээн хөөрхий амьдтыг тээж яваа билээ дээ. Дээр нь давшиж байсан бол ч яахав гэхсэн. Гэтэл ухарч байдаг. Тэгээд л яахав зогссонгүй цааш явлаа. Гэтэл нөгөө хөнгөн тэрэг биднийг гүйцэж ирээд зам хөндлөн зогсож, бүр ахалж яваа офицер нь гар буугаа гозогнууллаа. Яалт ч үгүй зогслоо доо. Хөөрхий, дотор нь нэг хүнд шархадсан офицер тээж яваа, харин тэд өөрсдөө өөр зүгт явах ёстой гэнэ. Өнөө буугаа гозолзуулаад байсан офицер бид хоёр яаж ийж элбэж байгаад шархадсан залуугаа ачаан дээрээ багтаалаа. Миколай кабиндаа үлдсийм. Кабиндаа бас нэг шархадсан ахмад бараг хэвтээгээр нь шахуу тээж явсан: Миколай нэг гараараа жолоогоо мушгиж нөгөө гараараа өнөөхөө түшиж явсан хэрэг.
За тэгээд арайхийж багталцаад хөдөлцгөөлөө. Өнөө замаас суусан хүү хөөрхий амьтай голтой төдий. Би нил цусанд будагдаж, захаасаа цус нь хатсан толгойг нь өвөр дээрээ тавьлаа. Тэгэхэд л амжихгүй нь дээ гэж бодогдож билээ. Хөөрхий хүү, залуухан дэслэгч, дөнгөж л сахал нь ургаж эхэлж байгаа амьтан. Эмнэлэг дээрээ ирлээ. Шархдагсадаа буулгаж эхлэв гээд өвөө хоолойгоо засаад чимээгүй болов. Тамхиллаа.
– Миколай ч шархтан буулгахад тусалж эхлэв. Өнөө жаахан дэслэгч хүүг өргөөд “ Гүйцээ. Өнгөрчихжээ” гэтэл Миколай нүүр рүү нь харснаа гацчихлаа. Хмм – өвөө хоолойгоо засаад дахиад л чимээгүй болчихов. Хоёр хөгшин удаан дуугүй байлаа.
-Хүү нь байсан гэж үү дээ гэж Нечай өвгөн аяархан асуув.
-Хүү нь ээ
- Ээ бурхан минь!
-Кхм...- өвөө шуухинаад л чимээгүй байна. Бараг дараалаад тав угсарч татсан байх гэж санадгийн.
-Дараа нь яав?
-Оршуулсаан... Дарга Миколайд ар гэртээ харих долоо хоногийн чөлөө өгсөн. Яваад л ирсэн дээ хөөрхий. Харин эхнэртээ хүүгээ оршуулсан гэж хэлээгүй ирсэн байсан. Бичиг баримтыг нь одонтой нь аваачиж нуучихаад, долоо хоночихоод л ирсэн байсан даа.
-Яагаад хэлээгүй юм бол?
-Яаж хэлэх вэ дээ? Ядаж л сураггүй алга болсон гэж бодоод голоо зогоогоод байж байг гэж бодоо биз. Хэлчихвэл бүрмөсөн л юм болно. Хичнээн ч удаа хэлэх гээд чадаагүй гэнэ лээ.
-Бурхан минь , бурхан минь-Нечай өвгөн дахиад л санаа алдав.-Өөрөө амьд үлдсэн болов уу?
-Миколай юу? Мэдэхгүй юм даа. Дараа нь ч бид зам салаад сураггүй болцгоосон... Ийм л байна даа. Хүүгээ шүү дээ. Тэгээд бүр тийм залуухнаар нь... Ярих ч юм биш.
Өвгөчүүл чимээгүй болцгоов.
Харин цонхоор үхмэл сарны саруулхан туяа гийсээр л байлаа. Гэрэлтүүлэн гийсээр л!... Зовлон жаргалын алинд ч гийсээр л байх юм даа!
Орчуулсан: Норовсамбуугийн Нарантуяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.