Шатрын насанд хүрэгчдийн УАШТ-д 24 тамирчин оролцоно

Twitter Print
2018 оны 05-р сар 13-нд 18:24 цагт
Мэдээний зураг,

Монголын шатрын холбооноос насанд хүрэгчдийн 2018 оны УАШТ-ийг Архангай аймагт зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тэмцээнд шилдэг 24 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөнө.

Архангай аймаг шатрын спортод шүүгч, дасгалжуулагчийн тоогоороо улсдаа тэргүүлдэг. Үүгээр ч зогсохгүй Архангай аймгийн Чулуут сумын уугуул, шатрын их мастер Т.Батчимэг, олон улсын мастер Т.Батцэцэг, Цэцэрлэг сумын уугуул ОУМ Ц.Лхагвасүрэн, Ц.Анхчимэг, Эрдэнэмандал сумын уугуул ОУШХ-ны мастер Г.Эрдэнэ, Ц.Лхагвасүрэн, Ц.Бат-Эрдэнэ зэрэг дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг цуурайтуулж яваа шатрын мастерууд олноор төрөн гарсан байдаг. Шатрын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн УАШТ-д хагас шигшээгээс шалгарсан 14 аймгийн шилдгийн шилдэг 24 тамирчин оюун ухаанаа сорих юм.

Шатрын УАШТ-ээс шалгарсан 10 шатарчин энэ оны 9-р сард Гүрж улсын Батуми хотод болох дэлхийн шатрын олимпиадад оролцох эрхээ авах юм. Энэ удаагийн УАШТ-д Их мастер Т.Батчимэг, Б.Мөнгөнтуул, эрэгтэйчүүдээс ОУМ С.Билгүүн, Г.Мөнхгал тэргүүтэй шилдгүүд өрсөлдөх юм.

Шатрын насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 18-27-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг хотод болно. Энэ удаагийн тэмцээнийг Архангай аймгийн уугуул УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын ивээл доор зохион байгуулна. Тэмцээний үеэр тус аймгийн 19 сумыг 4 бүсэд хуваан Эрдэнэбулган, Батцэнгэл, Цэнхэр, Тариат зэрэг сумдуудад төвлөрүүлж шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх хөтөлбөрийг танилцуулах зорилготой. Мөн Архангай аймагт шатрын спортыг хөгжүүлэх, сурталчлах, орон нутгийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тэмцээн зохион байгуулагч, “Шүүгч”, “Дасгалжуулагч багш”-ийн сертификат олгох сургалтыг явуулах юм байна.

А.Алтанчимэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.