Бразилийн шигшээ багийн түүхэн амжилт, ялалт

Twitter Print
2018 оны 05-р сар 11-нд 18:05 цагт
Мэдээний зураг,

Уншигч хөлбөмбөгийн спорт сонирхогч та бүхэндээ Хөлбөмбөгийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 32 багийн амжилт, түүхэн ялалтыг цувралаар танилцуулж байгаа билээ. Харин өнөөдөр Бразилийн шигшээ багийг энэ удаад бид онцолж байна.

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ эхлэхэд 34 хоног үлдлээ. Энэ удаад бид Бразилийн шигшээ багийн амжилт, түүхэн ялалт, багийн танилцуулга мэдээллийг та бүхэндээ хүргэх гэж байна.

  • Дасгалжуулагч: Аденор Леонардо Бакши буюу Тите

  • Багийн ахлагч: Неймар да Силва Сантос Жуниор

  • Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Маркус Эванжелиста ди Мораес буюу Кафу 142 тоглолтонд оролцсон

  • Шигшээ багтаа хамгийн олон гоол оруулсан тоглогч: Эдсон Арантес до Насцименто буюу Пеле 77 гоолтой

  • ФИФА-н чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 2

  • ДАШТ-нд оролцсон тоо: 20 удаа буюу бүх тэмцээнд оролцсон

  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 1958, 1962, 1970, 1994, 2002 оны алт, 1950, 1998 оны мөнгө, 1938, 1978 оны хүрэл. 

Алдарт хөлбөмбөгчин Пелегийн эх орон Бразилчууд Өмнөд Америкийн бүсээс 12 хожил, 5 тэнцээ, 1 хожигдолтойгоор арын багаасаа 10 онооны давуу байдалтай хамгийн түрүүнд Орос-2018 ДАШТ-ний эрхээ авсан. Эхлээд дасгалжуулагч Дунгагийн удирдлага дор ДАШТ-ний сунгаанаа эхлүүлэхдээ багагүй бэрхшээлтэй тулгарсан. 2015 оны 10 сард эхэлсэн 2018 оны ДАШТ-ний сонгон шалгаруулалтанд Бразил улсын шигшээ баг эхний 6 тоглолтоос ердөө 2 хожил, 3 тэнцээ авч Чилийн шигшээ багт хожигдсон. Дунга ажлын үр дүн хангалтгүй байсан тул Бразил улсын хөлбөмбөгийн холбоо 2016 оны зургадугаар сард Коринтианс багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Титег томилсон. Эндээс Бразилын шигшээ баг эрч, хүчтэй урагшилж үлдсэн 12 тоглолтоос 10 хожил, 2 тэнцээ авч Өмнөд Америкийн бүсээ тэргүүлсэн юм. Ингээд Бразил улс хамгийн түрүүнд бүсээсээ шалгарч Оросыг зорих визээ захиалах эрхтэй болсон.

Шигшээ багийн бүрэлдэхүүн: 

ДАШТ-нд оролцох шигшээ багууд тавдугаар сарын 27-нд 30 тамирчны нэрийг зарлаад 6 сар гарахад албан ёсоор 23 тоглогчийн нэрийг зарлах ёстой. Бразил улсын шигшээ баг ДАШТ-нд сонгон шалгаруулалтанд нийт 40 гаруй хөлбөмбөгчинг тоглуулсан юм. Харин одоогоор дасгалжуулагч Титегийн мэдэлд байрлал бүртээ шилдэг тоглогчид байна.

ДАШТ-ний хэсэг:

Бразил улсын шигшээ баг Швейцар, Серби болон Коста-Рикагийн шигшээ багуудтай С хэсэгт багтсан байгаа. Тэд В.Иванович, А.Коларов, Н.Матич нарын шилдэг тоглогчдоос бүрдсэн Сербийн шигшээ багтай хийх хэсгийн эхний тоглолт чухал юм. Хэрвээ энэ тоглолтонд хожил байгуулж чадвал хэсгээ тэргүүлэх боломж бүрэн байгаа аж. Хэсгээ тэргүүлж чадвал D хэсгээс 2-р гарсан багтай тоглож шөвгийн 8-д шалгарах боломж байна. Харин тэд гайхалтай сайн тоглож цаашаа ахих уу үгүй юу гэдгийг багийн дасгалжуулагч арга барил, ур ухаан мэдэх биз ээ.

Багийн түлхүүр тоглогч:

Мэдээж өнөө цагийн дэлхийн шилдэг довтлогч Неймар. Францын ПСЖ клубт данстай Неймар хамгийн түрүүнд бэртлээ эдгээх нь чухал байгаа юм. Түүний дотор Олимпийн алтан медалиа дэлхийн аваргын алтан медалиар ихэрлүүлэх хүсэл мөрөөдөл нуугдаж байгаа нь дамжиггүй. Түүнд багийн хамтаар хүртэж үзээгүй цорын ганц шагнал байгаа нь дэлхийн аваргын алтан медаль юм. Неймар клубтээ авч болох бүхий л цомыг авсан.Тэрбээр Бразилын шигшээ багийнхаа хамтаар Олимпийн алт, мөнгө, ФИФА-н Конфендрэшн кап тэмцээний алтан медалийг хүртээд байгаа билээ. Иймээс дэлхийн шилдэг болохын тулд, мөн домогт Пелегийн энд хүрч очихын тулд дэлхийн аваргын цомыг эх орондоо өргөн авч ирэх зайлшгүй гүйцэтгэх даалгаварыг авч байгаа нь ойлгомжтой.

А.Алтанчимэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.