Самбо бөхийн Ази тивийн АШТ эхэллээ

Twitter Print
2018 оны 05-р сар 11-нд 17:58 цагт
Мэдээний зураг,

Монголын самбо бөхийн холбооноос 25 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд 19 орны баг тамирчид өрсөлдөж байна.

Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотод нээлтээ хийлээ. Мөн Азийн Самбо бөхийн холбооны конгрессын хурал өнөөдөр "Баянгол" зочид буудалд зохион байгуулагдаж байна. Хуралд азийн аваргад оролцох 13 орны төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байгаа юм. Азийн Самбо бөхийн холбооны хуралд Азийн Самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Аламжон Муллаев, Азийн Самбо бөхийн холбооны техникийн албаны захирал Суреш Гопи, Монголын Самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл нар оролцож байна.

Монголын самбо бөхийн холбоо Ази тивийн АШТ-ийг өөрийн улсад 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. 2018 оны Ази тивийн АШТ-д БНХАУ, БНАСАУ, Афганистан, Иран, Япон, Энэтхэг, Казахстан, Узбекистан зэрэг 19 орны тамирчид барилдаж байна. Азидаа 25 дахь удаагаа болж байгаа энэ тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван төрөлд 400 гаруй тамирчин оролцож байгаа.

Тэмцээний эхний өдөр барилдах өсвөрийн эр 52кг, 65кг, 81кг, эм 44кг, 56кг, 70кг, Залуучуудын эр 48кг, 62кг, 82кг, +100кг, эм 44кг, 56кг, 68кг, +80кг, Насанд хүрэгчдийн эр 52кг, 68кг, 90кг, эм 48кг, 60кг, 72кг, Байлдааны Самбо бөхийн 57кг, 74кг, 100кг- жингүүдийн жин үзлэг техникийн зөвлөлийн хурал, сугалаа өчигдөр явагдсан.

Самбо бөхийн өндөр хөгжилтэй орны тоонд Монгол улс яахын аргагүй багтдаг. Монголын самбочид ДАШТ-д 1973 оноос тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй тогтмол амжилттай оролцож байна. Өнөөдрийн байдлаар Монголоос самбо бөхийн дэлхийн 37 аварга төржээ. Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 57 алт, 21 мөнгө, 28 хүрэл медаль аваад байна. Энэ жил Монголд болж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хамрах хүрээ, тамирчдын чанар чансаагаар өндөрт тооцогдож байгаа юм. Самбо бөхийн 25 дахь удаагийн Ази тивийн АШТ ням гарагт буюу энэ сарын 13-ны өдөр өндөрлөнө.

А.Алтанчимэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.