Д.Данзанноров: Ч.Сайханбилэг улстөрийн шийдвэр гаргаснаасаа болж л эрх чөлөөгөө хасуулан хоригдож байна...

Twitter Print
2018 оны 05-р сар 11-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон, далд уурхайн гэрээг дур мэдэн байгуулж, Монгол Улсад ихээхэн хохирол учруулсан хэрэгт нь нэг сар 461 дүгээр хорих ангид хорьж шалгасан билээ. Тэгвэл өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг прокурорын эсэргүүцлийн дагуу дахин нэг сар хорьж, байцаахаар болсон билээ.

Тэдний хувьд хорих 461 дүгээр ангиас цахим шуудангаар шүүх хуралд оролцсон бол хэдхэн хоногийн өмнө өнөөдрийн АТГ-ын дарга Х.Энхжаргал гэгч нь С.Баярыг өрөөндөө авч ирж 2 цаг гаруй ярилцаж, түүнийг баахан тансаг хоолоор дайлаад явуулсан гэдэг. Тэгвэл өнөөдөр өглөөгүүр өчигдрийн шүүх хуралд оролцоогүй Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Д.Данзанноров гэгч нь доорхи ярилцлагыг сэтгүүлчдэд хандан өгсөн юм.

-Өөрөө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа гэсэн. Энэ хэрэгт ямар байр суурьтай байгаагаа тайлбарлахгүй юу?

-Энд өөрийн байр сууриа илэрхийлэхэд олон хүн миний үйлчлүүлэгч Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр Дубайн гэрээг дур мэдэн хийж, Рио Тинтогоос авилгал авсан, улсын өмч хөрөнгийг завшсан учир 461 дүгээр хориход хоригдож байгаа нь зөв гэж бодож, буруутгаад байх шиг байгаа юм. Энэ бол ихээхэн ташаа, алдаатай ойлголт шүү. Өнөөдрийг хүртэл хорих хугацаанд, яллагдагчаар татсан тогтоолд ч Ч.Сайханбилэгийг авлига авсан, өгсөн асуудлаар огт шалгаагүй, тэгээд ч түүнд Монгол Улсын ямар ч хөрөнгө мөнгийг завшиж, идсэн асуудал байхгүй. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тэргүүлсэн Засгийн газар нь танхимаараа олон удаа хэлэлцэж, УИХ-д танилцуулагдаж эрхийг нь авсан Засгийн газрын улстөрийн бодлого, шийдвэрийн дагуу шийдэгдсэн Дубайн гэрээний асуудалд буруутгагдан шалгагдаж байгаа нь Монголын хууль шүүхийн алдаа л гэж харагдаж байгаа. Энэ асуудал бол Монгол шиг Ардчилсан Үндсэн хуультай оронд байж боломгүй завхрал шүү дээ.  

-Гэхдээ тэрхүү улстөрийн шийдвэрт нь Ч.Сайханбилэгийг буруутгаад байгаа гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа хэрэг үү?

-Тэгж ойлгож болно. Оюутолгойн далд уурханй бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэрийг гаргахын тулд Ч.Сайханбилэгийн Засгийн газар ард иргэдээсээ мессежээр санал асуулга явуулахад 450 мянган иргэн оролцсон байдаг л даа. Тухайн үед УИХ-аас хоёр ч удаа тогтоол гаргаж Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх даалгаврыг Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газарт өгсөн байдаг. Тэгээд ч УИХ-ын тэрхүү даалгаврын хүрээнд Засгийн газар тэр асуудлыг нэлээн хэдэн удаа хэлэлцээд эцэст нь тэрхүү гэрээнд гарын үсэг зурах эрхийг холбогдох эрх мэдэлтнүүдэд өгсөн байдаг. Ингээд дараа нь шийдвэрээ УИХ-д танилцуулж, гишүүдийн сонирхсон бүх л асуултад хариулт өгсөн юм билээ. Тэгээд ч УИХ-д бүх асуудлаа танилцуулж, хариуд нь улстөрийн шийдвэр гаргаснаа миний үйлчлүүлэгч саяхан хорихоос бичсэн ил захидалдаа тодорхой дурдсан л даа. Түүнийг буруутгаж байгаа хүмүүс тэрхүү ил захидлыг анхааралтай уншвал их л олон зүйлийг ойлгох болно гэдгийг хэлчихмээр байна.

-Оюутолгойн гэрээний зөв бурууг тогтоох УИХ-ын Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва толгойлон ажиллахаар болсон. Ер нь бол Оюутолгойн гэрээний зөв бурууг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоомоор санагдаад байдаг л даа?

-Ер нь бол Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан нь цэвэр улстөрийн шийдвэр байсныг иргэд сайн ойлгочих хэрэгтэй юм. Хэрвээ Засгийн газрын тогтоол, шийдвэр нь хууль тогтоомжинд нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэж Үндсэн хуулийн 45.2-т тодорхой заачихсан байдаг юм. Товчхондоо бодлогын буюу улстөрийн шийдвэрийн зөв бурууг Үндсэн хуулиар хууль тогтоох дээд байгууллага ба Гүйцэтгэх засаглалын байгууллагууд өөрсдөө тогтооно гэж байгаа. Энэхүү үндсэн эрхээ шүүх засаглалын байгууллагууд руу шилжүүлчихвэл засаглал хуваах зарчим алдагдаж, Үндсэн хуулийн хямрал руу шилжээд явчихна л даа. Гэтэл бодлогын буюу Засгийн газар танхимаараа хэлэлцэн гаргасан бодлогын буюу улстөрийн шийдвэрт тодорхой улстөрчдийг буруутган хорьж, цагдаж, эрх чөлөөг нь хязгаарлаад байвал Монголд шийдвэр гаргах эр зоригтой улстөрчид олдох уу.  Засгийн газар нь тодорхой шийдвэр гаргахгүйгээр ямарваа бодлого хэрэгжих үү. Тэгээд ч бодлогын шийдвэргүйгээр улс орон урагшлан хөгжихгүй шүү дээ.

Өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн анхан шатны шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжүүлэн дахин нэг сар хорих шийдвэр гаргасан нь тэдний эрх чөлөөнд санаатайгаар халдаж, бодлогын болон улстөрийн шийдвэр гаргасныг нь илтэд буруутгаж байгаа томоохон алдаа гэж харж байгаа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.