Солонгосын визэнд хуурамч баримт бүрдүүлбэл нэг жил хүртэл дахин виз мэдүүлэх эрхийг хаана

Twitter Print
2018 оны 05-р сар 11-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр буюу 5-р сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон  Цагдаагийн ерөнхий газраас хамтран мэдээлэл хийлээ.

Иргэд БНСУ-д зорчих визийг мэдүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаа талаар мэдээллээ. Манай иргэд виз мэдүүлэхдээ нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, татварын газрын тодорхойлолт, оюутны тодорхойлолт, үнэмлэх, дүнгийн хуулбар, ажлын газрын тодорхойлолт зэргийг бүрдүүлдэг бөгөөд эдгээр баримтуудыг хуурамчаар үйлдэх болсон байна. Тэрбайтугай нийгмийн даатгалын дувтрийг хуурамчаар бөглөж, хуурамт тамга даруулж, Европын орнууд руу зорчсон хуурамч штамп хүртэл пасспорт дээрээ даруулах болжээ. Үүний цаана эдгээр хуурамт тамга тэмдэг болон материалыг үйлддэг бүлэг хүмүүс байна. Жишээ нь их дээд сургуулиудад сурдаг гэсэн тодорхойлолтыг дагалдуулан оюутны үнэмлэх, магистрт сурч буй баримт, дүнгийн дэвтэр хүртэл үйлдэх болжээ.

Бичиг баримтыг хамгийн багадаа 100 мянгаас 5 сая төгрөгөөр хуурамч бичиг баримт үйлдэж өгдөг. Энд санхүүгийн баталгаа гаргуулах, барьцааны 5 сая төгрөгийг байршуулах зэрэг үйлчилгээг өндөр хүүтэйгээр үзүүлдэг бүлэг хүмүүс гарч иржээ. Энэ дунд энгийн иргэд хохирч байна.

Зөвхөн өнгөрсөн дөрөвдүгээр сард буюу нэг сарын хугацаанд 400-500 хуурамч материал илэрснийг зохих байгууллагуудад шалгуулахаар хандаад байгаа юм байна. Энэ нь цааз эзнийг олж, хариуцлага тооцуулах зорилготой гэлээ.

БНСУ-ын ЭСЯ-ын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ким Кан Гүн БНСУ-д зорчих визийг мэдүүлэхдээ хувийн хэвшлийн болон төрийн байгууллагын бичиг баримтыг хуурамчаар мэдүүлэх болсонтой холбогдуулан хэд хэдэн сэрэмжлүүлэг болохоор зүйлийг виз мэдүүлж буй монголчуудад зориулан хэллээ. Үүнд: 

-Хэрвээ Солонгосын ЭСЯ хуурамчаар бичиг баримт мэдүүлсэн бол хамгийн багадаа нэг жил, цаашдаа хугацаагүйгээр виз мэдүүлэх эрхийг хааж байна. Хуурамч баримт үйлдэж өгч байгаа этгээдийн виз мэдүүлэх эрхийг ч мөн хааж байна.

-ЭСЯ-д таньдаг хүн байна, виз гаргуулж өгнө гэсэн мэдээнд битгий итгээрэй ташаа мэдээлэл.

-Визтэй холбоотой мэдээллийг ЭСЯ болон холбогдох байгууллагаас мэдээлэл авах хэрэгтэй.

-Цаашдаа монгол иргэд виз мэдүүлэхдээ мэдээлэл зөвлөгөөг визний үйлчилгээ үзүүлдэг манай найман байгууллагаас аваарай. 

-Хуурамч бичиг баримт үйлддэг амархан аргаар хууль бусаар ажил хийхгүйгээр мөнгө олох гэж буй бүлэг этгээдүүдийг өөгшүүлж байна. Тиймээс энэ хүмүүсээр үйлчлүүлэхгүй байвал яваандаа тэд оршин тогтнох газаргүй болно. 

-БНСУ-ын визний материалыг албан ёсоор виз мэдүүлэх найман төвд өгөх боломжтой. Энэ найман газрын аль нэг газар нь виз сайн гардаг эсвэл аль нэг нь татгалздаг юм байхгүй.

-Эрүүл мэнд, аялал, эмчилгээний чиглэлээр зорчих гэж байгаа бол заавал нот бичиг хэрэггүй. Хүнд өвчтэй, яаралтай хагалгаанд орох шаардлагатай хүмүүст аль болох шуурхай олгох талаас нь хичээж ажиллаж байна.

-Сурдаг нь үнэн гэх тодорхойлолт, оюутны үнэмлэх зэргийг хуурамчаар мэдүүлснээр цаашдаа ирээдүйд ажилд ороод албан ажлын шугамаар Солонгос явах болоход нь энэ бүх мэдээлэл нь бүртгэлд орчихсон байдаг тул сөрөг үр дагавар гарна. 

-Хоорондоо очер зарж байгаа асуудал гардаг. Очер худалдаж авч байгаа бол та өөрөө хохирч байна. Яаралтай Солонгос явах гэж байгаа бол виз мэдүүлэх газраа шууд очоод учир байдлаа хэлэхэд болно. Очер зарж байгаа хүмүүст итгэж болохгүй. 

-Яаралтай виз мэдүүлэх хүмүүс үдээс хойш материалаа өгөх боломжтой гэлээ.

 

Цагдаагийн байгууллагаас 2018 оны эхний дөрвөн сарын байдлаар 11 иргэнд холбогдох хуурамч бичиг баримт үйлдвэрлэсэн хэргийг шалгаж байгаа аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.