Музейд тавигдсан HARLEY DAVIDSON-ы түүх

Twitter Print
2018 оны 06-р сар 10-нд 10:54 цагт
Мэдээний зураг,

2012 оны 4-р сарын 18-ны өдөр Канадын хамгийн баруун тал буюу Британийн Колумб мужийн эргүүд рүү Номхон далайн давалгаагаар түрэгдэж гарсан хог хаягдал дотор будаг нь холцорч зэвэрсэн өнгийн контейнер олджээ.

Петер Марк гэгч эр урдын адил далай давалгаанаас түрэгдэж ирсэн хогийг цэвэрлэж яваад далайн эрэг хавьцаа ил гарч ирсэн уг контейнерыг холоос харж бартаат зам туулагч /Off-road/ машинаар арайхийн хүрч очжээ.

Контейнерын хаалга эвдэрч хагас онгойсон байдалтай байсан ба дотор нь гольфийн хэрэглэл, аялал жуулчлалын зориулттай эд зүйл хийгээд зэвэнд идэгдсэн мотоцикл зэрэг байсанд ихэд гайхав. Мотоциклийн бөөрөнд нь алдарт HARLEY DAVIDSON-ны эмблем, хойд талд нь байрлах дугаарын урд үсэг нь Мияаги /宮城/ хэмээн япон ханзаар бичсэн байжээ.

Япон улсад 2011 оны 3-р сарын 11-ны өдөр болсон аймшигт газар хөдлөлт, цунамигаас үүссэн хаягдлын нэг хэмээн үздэг уг контейнер ойролцоогоор жил гаран 5,000 гаруй километр замыг туулан Номхон далайд хөвж энд урсан иржээ.

Петер Марк мотоциклийн эзний сургийг гаргахаар Японы консулын газарт хандаж хүсэлт илгээж, Японы Мияаги мужийн Ёкояма Икүо хэмээх хүнийг олж мэдэв.

Ёкояма Икүо сан 2011 оны 3-р сарын 11-ны цунамигийн аюулд гэр бүлийн 3 хүн, амьдрах байр сууц гээд бүх зүйлээ алдсан, бие болоод сэтгэлээрээ газар хөдлөлт, цунамигийн хохирогч болсон хүн байлаа. 

HARLEY DAVIDSON ны компаниас Ёкояма Икүо санд мотоциклийг нь үнэ төлбөргүйгээр засан шинэчлэх санал тавьсан ч тэрээр зөвшөөрөөгүй аж.

Харин HARLEY DAVIDSON ны музейд тавьж өгөхийг хүсчээ. Арван мянгаас хол давсан хүний амь насыг авч одсон Цунамигийн аюул гамшгийг улам олон хүнд мэдүүлэх зорилготой түүний саналыг HARLEY компанийн төв оффис хүлээн зөвшөөрч 2012 оны 10-р сараас эхлэн Канадад байрлах Harley-Davidson-ы музейд үзмэр болгон байршуулсан байна.


Жич: Тухайн үеийн Цунамигийн аюулаас үүдэн усаар дамжин урсаж хөвсөн хаягдал номхон далайн эргүүдээр жилд 150 тонн хүрч байжээ.

British Columbia буюу Британийн Колумб муж нь Канадын баруун эргийн хот бөгөөд Номхон далайн эрэг дагуу оршдог, 4.8 сая хүн амтай, Канадын гурав дахь муж юм. 

Япон хэлнээс орчуулсан: Н.Базарсүрэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.