Х.Нямбаатар: Надад заналхийлэх, дарамт шахалт зөндөө л ирж байгаа...

Twitter Print
2018 оны 05-р сар 10-нд 16:04 цагт
Мэдээний зураг,

Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон М.Билэгт гишүүн нэг бүлгийн гишүүн Х.Нямбаатарын санаачилж УИХ-аар батлуулсан Гэр бүлийн хүчирхийллийн болон, Зөрчлийн тухай хуулиудыг тухайн үедээ нэлээн эсэргүүцэж байсан гишүүн билээ. Тэрээр УИХ-ын чуулган дээр “Х.Нямбаатарын хулгайгаар оруулж ирэн батлуулах гэж буй хуулинд иргэд 100.000 төгрөг хулгай хийсэн бол баривчлагдана, төрийн албан хаагч 10,000,000 төгрөгөөс дээш хулгай хийсэн нөхцөлд баривчлах хууль батлуулахаар зүтгүүлж байна. Ингэхэд Х. Нямбаатараа чи Монгол хүн мөн үү. 
Энгийн иргэн төрийн албан хаагчид бүгд ижил нэг улсын иргэд, Ард түмнийг хооронд нь хагаралдуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг боомилох, хавчин дарамтлах хууль удаа дараа батлуулж, батлуулахаар оруулж ирсээр байгаа энгийн иргэдэд өс хонзонтой Х. Нямбаатар гишүүнийг эргүүлэн татах ажиллагааг ард түмэн бүх нийтээрээ өрнүүлэх нь шударга ёсонд нийцнэ” хэмээн үзэл бодлоо хатуухан илэрхийлж байсан билээ. Эдгээр асуудлын талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас дараах тодруулгыг авснаа хүргэж байна.

-УИХ-ын гишүүн М.Билэгт өөрийн тань санаачилж УИХ-аар батлуулсан Зөрчлийн тухай хуулийг тухайн үедээ нэлээн сүрхий эсэргүүцэж байсан ч уг хууль батлагдчихсан. Тэр үеэр өөрийг чинь Дарь-Эхэд айлын хашаанд жижигхэн гэрт амьдарч байснаа 2012 оны Орон нутгийн сонгуульд нэр эвшин өрсөлдөхийн тулд БГД-ээс Сонгинохайрхан дүүрэгт шилжин ирж Орон нутгийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулснаар Сонгинохайрхан дүүргийг ИТХ-ын дарга болсон гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр тарж байсан л даа. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-За яах вэ дээ. Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэх үеэр М.Билэгт гишүүн “Энэ нөхрийг эргүүлэн татуулах хэрэгтэй. Ард түмнийг ялгаварлан гадуурхах хуулийн төсөл санаачилсан байна” энэ тэр гэж л байсан. Ард түмний төлөөлөл болж УИХ-д сонгогдсон гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй л дээ. Тэгээд л үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн нь тэр юм л даа.

Харин тодорхой иргэд цахим ертөнцөөр миний хувийн амьдралын талаар баталгаа нотолгоогүй мэдээлэл цацаж, нэр төрд минь халдаж л байсан. Ер нь бол цахим ертөнцөөр хувь хүний эрхэнд халдаж, эрхийг нь зөрчдөг байдлыг хумин зогсоох л шаардлагатай болж байгаа юм. Зөрчлийн тухай хуулийн талаар хэлэхэд Монгол Улсын эрхзүйн тогтолцоонд цоо шинэ Зөрчлийн тухай хуулийг 2017 оны долдугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр төлөвлөн ажиллаж, уг хууль ч тухайн өдрөөс хэрэгжиж эхэлсэн байгаа. Ер нь бол Зөрчлийн тухай хуульд 232 хууль дахь журмын эсрэг зөрчлүүдийг төрөлжүүлэн нэгтгэсэн л дээ. Миний хувьд энэ хуулийн Ажлын хэсгийг ахалж байсан. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө баривчлах шийтгэл 14  зөрчил дээр байсан юм. Харин Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр  4 зүйл дээр баривчлахаар оруулсан. Торгуулийн хэмжээ өссөн зүйл байхгүй. Аж ахуйн нэгжүүд 100 мянган төгрөгөөс 100 сая төгрөгийн торгууль, хувь хүнийг 10,000-20 сая төгрөгийн л торгуультай болсон. Харин ч эсрэгээрээ торгуулийн хэмжээ буурсан юм шүү.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал юу болж байгаа бол. Танай намын бүлэг уг нь хаврын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж яриад байгаагүй билүү?

-УИХ дахь манай намын бүлгийн зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг даруйхан ярилцан шийдвэрлэх ёстой гэдэг дээр дийлэнх гишүүд санал нэгдэж л байгаа болов уу.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүн танилцуулга хийж байсан. Ер нь бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдсан л даа Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол зорилго бол Д.Лүндээжанцан гишүүний танилцуулж байснаар өмнө орсон долоон нэмэлт өөрчлөлтийг буцааж, анхны батлагдсан түвшинд нь аваачих юм билээ. Мөн УИХ-ын гишүүнээр сонгогдох насны босгыг дээшлүүлэх, хүний өмнөөс санал өгөх асуудлыг цэгцлэх, шүүх засаглалтай холбоотой шинэчлэлийн гурван үндсэн хэсгийн хүрээнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж, судалгаа хийгдсэн гэж танилцуулж байсан. Үүнийг бусад гишүүн болоод миний зүгээс  дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн л дээ.

-Тэгвэл өөрийн тань зүгээс Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа хэрэг вэ?

-Ер нь бол Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гэж тунхагласан шүү дээ. Тиймийн тулд бид урагшаа хөгжье гэвэл дэлхий нийтийн хөгжлийн засаглалын загвар руу шилжихээс өөр аргагүй. Иймээс ард түмнээсээ ард нийтийн санал асуулга явуулж, засаглалын хэлбэрийг сонгох ёстой. Үе үеийн Ерөнхийлөгч нэр дэвшиж гарч ирэхдээ олон зүйлийг амладаг. Эргээд энэ хүн амласан амлалтаа хэрэгжүүлэх төсвийн болон аппаратын бүтэцгүй. Тэгсэн хэрнээ хууль  санаачлах, хориг тавих, ҮАБЗ-ийг ахлах, Засгийн газарт чиглэл өгөх, шүүх засаглалыг бүрдүүлэх зэрэг олон эрх мэдэл эдэлдэг. Нөгөө талдаа Засгийн газар нь шууд УИХ-аасаа хамааралтай байдалтай өнгөрсөн 20 гаруй жил явж ирлээ. Үүний үр дүнд 1.6 жилийн насжилттай төрийн ой санамжтай Засгийн газруудтай амьдарч ирсэн байдаг. Засгийн газар нь УИХ-тайгаа шууд хамааралтайгаас гадна УИХ улс төрийн бодлого шийдвэрүүдийг нь дэмждэггүй. Энд хувийн ашиг сонирхолын болон эрх мэдлийн зөрчилдөөн байнга явагддаг. Дээр нь нэмээд Ерөнхийлөгчийн институци үе үеийн Засгийн газартай байнга зөрчилддөг тогтолцоогоор явж ирсэн л дээ. Тиймээс бид бүхэн хамгийн түрүүнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв үү, буруу юу гэдгийг ард  нийтээсээ асуух хэрэгтэй. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар шийдлээ гэхэд Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай явах юм уу гэдгээ ч асуух ёстой. Дээрээс нь шударга ёсны илэрхийлэл, бэлгэ тэмдэг болсон шүүх засаглалын өнөөгийн тогтолцоог өөрчилж, шударга ёсны илүү бат найдвартай хана хэрмийг үүсгэх үү, үгүй юу гэдгээ ч ард түмнээсээ асуух ёстой болоод байгаа юм.

-Өнөөдөр л гэхэд шүүхийнхэн хуралдаад Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтаар суллан тавих шийдвэр гаргачихлаа. Гэтэл таны хувьд шүүгчидтэй нэлээн тааламжгүй харилцаатай байдаг юм билээ. Энэ талаар юу хэлэх вэ?

-Өнөөдөр “Social court” гэдэг ойлголт бий болчихсон л доо. Өөрөөр хэлбэл, нийгмээрээ буруу зөвийг шүүх тогтолцоо руу орчихсон яваад байгаа. “Цензургүй яриа” нэвтрүүлэгт ороод гуравхан минут ярьсан яриаг маань нийгэм даяар дэмжиж, давалгаалж байгааг та бүхэн харсан л байх. Би бүх шүүгчийг энэ мэдээлэлдээ оруулж байгаа юм биш. Өнөөдөр 520-иод шүүгч шүүн таслах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа. Энэ дотор тодорхой тооны хүмүүс хууль бус шийдвэр гаргаж л байгаа. Иргэд олон түмнийг хохироосон, өмч хөрөнгөнөөс нь салгаж хагацаасан нь ч бий. Эрх чөлөөг нь хохироосон зүйлүүд  их байгаа учраас нийгэм өөрөө ингэж давалгаалж байна. Нөгөөтэйгүүр шүүхийн захиргааны байгууллага буюу Шүүхийн ерөнхий зөвлөл хэт явцуу байгаа нь ч үнэн. Шүүгчийг сонгон шалгаруулдаг тогтолцоо өөрөө шударга биш байгаа гэдгийг хүн болгон шүүн тунгааж ярьж байгаа. Дээрээс нь шүүгч нарт хариуцлага хүлээлгэх хариуцлагын механизм өнөөдөр Монгол Улсад алга. 1990 оноос хойш хэн гэдэг шүүгчийг шүүхээр хариуцлага хүлээлгэснийг гаргаад ир гэвэл огт олдохгүй. Нэг ч шүүгч шүүхээс ял авч, хариуцлага хүлээж байгаагүй. Гэтэл цаад талд нь нийгэм шүүгч нарыг шударга бус байна, мөнгө авч хэрэг маргаан шийддэг болсон гэдэг асуудал яригдаж байгаа. Үнэндээ шүүгч нарыг хэрэг түвэгт холбогдсон асуудлыг шалгагдаад ирэхээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай ойлголт алга. Бид шударга ёсыг хүсэмжилж байгаа юм бол эхлээд шүүхээ шударга болгох хэрэгтэй. Английн Хатан хаан шударга шүүхийн тогтолцоог бий болгосон учраас өнөөдөр тус улсад хэмжээт эрхт хаант засаглал оршин тогтнож байна. Түүнчлэн шүүгч нарыг чадавхжуулж хөгжүүлэх шаардлага их байна. Анхан шатны шийдвэрүүд алдаа мадагтай гарч байна шүү дээ. Тиймээс шүүгч нарыг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ мэтчилэн шударга шүүхийн тогтолцоог бий болгоход олон хүчин зүйл хэрэгтэй. Тэгэхээр Үндсэн хуулиар хэлэлцэх ёстой нэг чухал асуудал бол шүүгч нарыг хугацаатай томилдог болох эсэхийг ард түмнээсээ асуух ёстой. Тэгэхгүй бол шүүгч нар бүх насаараа хариуцлага хүлээх механизмгүй байна. Тухайн хүн хичнээн шударга байсан ч шударга бусын эргүүлэгт хуйлраад л орчихож байна шүү дээ.

-Танд ямар нэгэн дарамт, шахалт ирж байгаа юу?

-Надад заналхийлэх, дарамт шахалт зөндөө л ирж байна. Над руу ирүүлсэн мессэжүүд ч байгаа. Би тэр болгоныг гоншигонож нэг ч  удаа, ямар ч хэвлэлээр ярьж байгаагүй. Зарим хүн миний тухай мэдээлэл цуглуулах судалгааны баг гаргачихсан явж байгаа гэх юм билээ. Төрснөөсөө хойш ямар ажил хийж, дүүрэг, орон нутагт ямар шийдвэр гаргаж байсныг хүртэл судалж байгаа гэдэг.  Харин одоо бол тэр багаа их сайн ажиллуулаарай гээд хэлчихье. Надад бол тийм баг гаргах хөрөнгө санхүүгийн боломж байхгүй л дээ. Харин иргэдээс ирсэн баримтууд бол байгаа. Би цуглуулж ч байгаа. Бас намайг мөрдөж, мөшгих баг томилсон гэж дуулдаж л байсан. Сайн мөрдөөрэй гээд хэлчихье. Гэхдээ миний халдашгүй эрхэнд халдаж байгаа гэдгээ бас бодолцоорой доо. Түүнчлэн нэр бүхий хүн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзаж, намайг харлуулах даалгавар өгсөн байсан. Энэ бол шүүгчийн ажлын чиг үүрэгт байх ёсгүй шүү. Би өмнө нэг ч сурвалжлагчид “Миний амь насанд заналхийлж байна” гэж хэлж байгаагүй юм шүү.

-Өнөөдөр шүүхээс суллагдах шийдвэр гаргасан С.Баяр нарын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Ажлаа зоригтой хийж, томхон төслүүдийг хөдөлгөсөн хүмүүсийнхээ эрх чөлөөнд халдаж байгаа нь ихээхэн алдаатай тогтолцоо л гэж хэлнэ. Хөгжиж байгаа орнуудад тохиолддог л загвар шүү дээ. Ер нь бол тийм ч сайн загвар биш юм. За яах вэ дээ, хариуцлага хүлээлгэх механизм байж болох л юм. Гэхдээ улс төрийн зорилгоор нэг нэгийгээ намнаад байж болохгүй л дээ. Нам дамнасан бүлэглэлүүд өнөөдөр байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа болов уу. Тэгээд хууль шүүхийнхээ засаглалыг гартаа оруулаад авдаг. Дараа нь улс төрийнхөө өрсөлдөгчөө намнаж, хорьж, шийтгэдэг. Шүүх хараат бус хууль шүүхийн тогтолцоог бүрдүүлж чадахгүй бол бие биеэ намнадаг тогтолцоо цаашид улам боловсронгуй болж, үргэлжлэх нь тодорхой. Ерөнхий сайд асан С.Баяр даргын тухайд улстөрчийнх нь хувьд би ихээхэн үнэлдэг. Энэ хүнтэй ойр ажиллаж үзээгүй л дээ. Ер нь Монголын төр зүтгэсэндээ халтай гэдгийн үлгэр болж байх шиг байна. Манайхан нэг туйлшрахаараа хэцүү. Тавантолгойн бүлэг ордууд бүгд хувийнх байсныг 97 хувийг нь төрд авчрах шийдвэрийг гаргасан хүн бол С.Баяр дарга шүү дээ. Хоёрдугаарт, алдаатай, оноотой ч бай Оюу толгойг хөдөлгөсөн хүн бол яах аргагүй С.Баяр дарга. Өнөөдөр Оюутолгой, Тавантолгойгоос Монголын эдийн засагт үзүүлж байгаа үр нөлөөллийг хүн бүр гадарлаж л байгаа. За яах вэ дээ хардах эрх хүн болгонд байж болох юм. Үнэхээр нэр дээр нь долоон байр байдаг юм бол шалгаад асуудлыг нэг талд шийдээсэй гэж бодож байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард байхаа АНУ руу АТГ-ын дарга  Х.Энхжаргал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар очиж, хууль хяналтын байгууллагуудтай харилцан туслалцаа үзүүлэх гэрээ хэлэлцээр байгуулсан л гэдэг. Тиймээс олны эргэлзээг тайлах хэрэгтэй шүү дээ. Ер нь анхнаасаа С.Баяр дарга өөрөө шалгуулъя гэдэг асуудлыг тавьсан гэж ойлгосон. Өнөөдөр байцаан шийтгэх ажиллагаа шуурхай явах ёстой. Гэтэл энэ хэрэгтэй холбоотой хүмүүсээс 20 гаруй хонож байхад нэг ч байцаалт аваагүй гэсэн. Үнэхээр эрүүл мэндийн хувьд асуудал байгаа юм бол эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлэх ёстой. Харин бусад хүмүүсийн тухайд хэлж мэдэхгүй байна. С.Баяр дарга шиг том төслүүдийг хөдөлгөсөн Ерөнхий сайд үнэндээ өөр байгаагүй л дээ. Саяхнаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх дуугарч эхэлсэн. Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн асуудал яригдсан байдаг. Мөн нефть боловсруулах үйлдвэрийг эхлүүлье хэмээн дуугарч Сайншандын хойно байгуулахаар болж Энэтхэгийн тал төсөл зургийг гаргасан гэсэн. Бидний хүсээд байгаа зүйл бол  том төсөл хөтөлбөрүүдийг явуулах. Гэтэл үүнийг шүүмжлээд байвал улс орон хөгжихгүй шүү дээ.

-Саяхан Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын даргаар Д.Даваа-Очирыг, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулахаар УИХ-д саналаа ирүүлсэн ч УИХ дахь МАН-ын эсэргүүцсэн. Үүний та юу гэж тайлбарлах вэ?

-Томилгоот албан тушаалтны хувьд томилогдох эрх бүхий байгууллагаасаа томилогдон, тухайн салбарын хуульд зааснаар хугацаа тоологддог уламжлалтай. Дээд шүүх үүнийг нэг мөр болгох тал дээр тайлбар хийж, энэ үүргээ хэрэгжүүлэх ёстой. Улсын дээд шүүх  ерөнхий шүүгчийг  сонгох асуудал дээр нэг хуралдаж байгаагаас биш, улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн  хуралдаан гэсэн ойлголт байхгүй болсон юм билээ. Ер нь бол АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргалын үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаа нь талдаа л орж байгаа шүү дээ. Тэгэхээр хугацаанаас нь өмнө огцруулж, өөр нэгнийг АТГ-ын даргаар томилох цаг болоогүй л дээ.

-Саяхан Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс С.Зоригийн аллагатай холбоотой 50 гаруй дүгнэлт, тогтоол  ирүүлсэнтэй холбоотойгоор өөрөөр тань ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан байна лээ. Танай Ажлын хэсэг ямархуу санал дүгнэлттэй байгаа бол?

-Би энэ талаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр танилцуулсан байгаа. Дээрх асуудлууд хяналт, шалгалтын чиглэлээр Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн. Түүнчлэн Олон Улсын Парламентын Холбооноос ирүүлсэн бичиг парламентынхаа дэргэд “Парламентын мөрдөн шалгах түр хороо” байгуулах асуудлыг тусгасан бөгөөд энэ тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөнө. Иймд дээрх чиглэлээр судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг Их Хурлаас байгуулах, эсвэл уг асуудлаар Их Хурлын дэргэд түр хороо байгуулан ажиллуулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байгаа.

-За дэлгэрэнгүй тайлбар өгсөн танд баярлалаа.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.