Ц.Нямдорж сайдаас Тагнуулынхан байцаалт авлаа...

Twitter Print
2018 оны 05-р сар 10-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Дөнгөж саяхан Тагнуулын Ерөнхий газар дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржыг дуудаж нэр бухий 9 сэтгүүлчийг чагнасан, тагнасан талаар байцаалт авчээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэр бүхий есөн сэтгүүл­чийг тагнасан, чагнасан,  автомашин руу нь  буудсан гэх мэдээлэл олны анхаарлын төвд ороод байсан билээ. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан МСНЭ, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон Нийслэлийн Прокурорын газраас гурван талын байр сууриа илэрхийлж мэдэгдэл хийж байсан билээ.   

Тухайлбал Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Бясман мэдээлэл хийхдээ "Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж холбогдох албан тушаалтнуудад Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, Прокурорын хяналтад ирүүлсэн. Прокуророос энэ асуудал дээр хэргийг  хянаж байна. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй" гэж байсан.

Тэгвэл шинээр томилогдоод удаагүй байгаа МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр "Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Мөн болсон үйл явдалтай холбоотойгоор Ц.Нямдорж сайд мэдээлэл хийсэн байна. Энд сэтгүүлчийн эрх ашиг яригдаж байгаа учраас МСНЭ-ээс албаны ёсны тайлбар хийж байгаа юм. ТВ-9 телевизийн сэтгүүлч Хүслэнбаатар, түүний найз нөхөд, хэвлэл мэдээллийнхэн, гэр бүлийнхэн гэсэн 30 гаруй хүнийг тагнаж чагнасан гэх ийм мэдээлэл гарсан байгаа. Энэ асуудлаар ТВ-9 телевизийн ТУЗ-ийн дарга Баасансүрэнтэй холбогдож хариулт автал нэгдүгээрт “Манайд Хүслэнбаатар гэдэг сэтгүүлч байхгүй” гэсэн мэдээллийг бидэнд өгсөн.   Дээр нь тухайн мэдээлэлд нэр дурьдагдсан зарим ТВ-9 телевизийн сэтгүүлчидтэй холбогдоход "Энэ асуудлын талаар бидэнд мэдээлэл байхгүй" гэсэн хариулт өгсөн хэмээн мэдэгдсэн билээ.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  “Би ямар ч сэтгүүлчийг тагнаж, чагна гэсэн үүрэг хэнд ч өгөөгүй. Нөгөө л Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж л ийм зүйл хийж байна. Та нар намайг тагнаж байсан болохоос би та нарыг тагнаж, сэтгүүлчдэд гомдол гаргаж байсан удаа байхгүй. Энэ бол зориудаар зохион байгуулж буй улс төрийн үйл ажиллагаа. Эрдэнэтийн 49 хувийн том луйвар, Зоригийн хэргийн хаалттай шүүх хуралтай холбоотой хүн бүрийг л ингэж байна. УИХ-ын гишүүн Лу.Болд, Ж.Батзандан нарыг байцаасан бол өнөөдөр миний талаар худал мэдээлэл тарааж байна. Мөнхтөр гэж өмгөөлөгч өчигдөр л анх удаа над дээр ирж уулзсан. Гадуур ийм яриа байна гэж. Ер нь УИХ-ын гишүүдийг нэг нэгээр нь айлган сүрдүүлэх, дарамтлах, эрүү үүсгэх бусармаг зүйлс явж байна. “Жаст” групп, Г.Алтангийн хоорондох элдэв наймаа надад огт хамааралгүй асуудал. Би Монголын толгой бизнесмэнүүдийг бүгдийг нь танина. Таньдаг болохоор л холбоотон болдог юм уу. Сэтгэл санаагаар дайрсаар унагаах ийм л зүйл яваад байна. С.Зоригийг амьд байхад ийм дайралтууд өдөр шөнөгүй явагдсаар тэр хүн дууссан. О.Дашбалбар ч мөн адил цаг бусаар явсан. Төрийн төлөө зоригтой үг хэлдэг гишүүдийг дайрсаар явуулдаг. Өнөөдөр ээлж нь над дээр ирчхээд байна. Ямар үр дүн гарахыг мэдэхгүй байна. Би хэзээ ч сэтгүүлч нартай зууралдахгүй. Харин ийм үйл ажиллагаа хийж буй цаад бусармаг эзэдтэй нь хуулийн хүрээнд ажиллана" хэмээж байсан билээ.

Тэгвэл өнөөдр өглөөгүүр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг Тагнуулынхан дуудаж сэтгүүлчдийг чагнасан, тагнасан асуудлаар ийнхүү байцаалт авлаа. Харин ямархуу үр дүн гарах нь дараагийн асуудал.

Нөгөөтэйгүүр Ц.Нямдорж сайд сэтгэл санаагаар хэцүүхэн, бухимдалтай байхад нь Тагнуулынхан дуудаж байцаалт авч байгаа нь түүнд тийм ч таатай биш нь тодорхой юм. Ямартай ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах ёстой хэмээн УИХ дахь сөрөг хүчин АН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд нөлөөлөхийг хүчлэн оролдож эхлээд байхад хууль, шүүх, Тагнуулынхан Ц.Нямдорж сайдыг байцааж байгаа нь тийм ч таатай асуудал биш л болов уу...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.