Дэмчогийн хийд

Twitter Print
2019 оны 06-р сар 15-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших хийд бөгөөд Ноён хутагт Д.Данзанравжаа говь нутагт нийт 8 хийд байгуулсны нэг нь Дэмчогийн хийд юм. Домгоор бол Хамрын хийдээс “пүрэв” хөөргөсөн гэдэг. Пүрэв гэдэг нь 350 грамм жинтэй, шовх үзүүртэй төмөр бүхий луужин маягийн эд байжээ. Ийнхүү Дэмчогийн хийд барих газрыг “пүрэв” заасан гэлцдэг.

Өөр нэгэн хууч ярианд, Ноён хутагт Данзанравжаа 1828 онд Гурван баяны булгийн дэргэд шавь нарынхаа хамтаар “Чү мэг жарз”хэмээх рашаан булаг тахих зан үйл хийж байхад нь бүдүүн бор эрээн могой гулгаж ирснийг хараад “Галбын уулын лус намайг залахаар морилж ирсэн” байна хэмээн бэлгэшээжээ. Хутагт зан үйлээ хийж дууссаны дараа тэрхүү могойг шавь Чоймболоор Ханбогд ууланд буцаан тавиулахаар илгээхдээ “Галба орчмын газар орныг сайн ажиглаад дүрслээд ирээрэй” хэмээн захижээ. Шавь нар ньнөгөө бор эрээн бүдүүн могойг Ханбогд ууланд хүргээд газар орны зургийг дүрслэн зурахдаа нэгэн содон хэлбэрийн цохио хадыг үзсэнээ дуурайж зураад очсон гэдэг. Хутагт анхааралтай үзээд “Би Галбын уулсыг зорих хэрэгтэй юм байна” гэснээр удалгүй Ханбогд уулнаа очжээ.

Тэрбээр Ханбогд хайрханы дэргэд 7 хоног бясалгал үйлдээд 30 хоног мориор давхиж нутаг орныг сонирхон шинжсэний дараанутгийн иргэдийг цуглуулан “Энэ нутаг, энэ уул ус хүний сэтгэлд нисванис буюу муу сэтгэл төрүүлэхгүй, үзсэн сонссон, бодсон санасан нь биеллээ олохын буян хурсан дагшин сайхан орон байна. Энэ газрыг шүтэж чадах юм бол хүний ид шиднээс илүү байгалийн ид шид ноёлсон, хүмүүст дэндүү их сайн сайхныг өгч чадах, галав юүлэх, ертөнц мөхөх тэр хэцүү цагт хүн амьтнаа аваад үлдэж чадах нутаг байна. Энэ уулхөрсөн дээрэээмийн ургамлаар элбэг, хөрсөн доорооэрдэс баялгаар арвин баян сайхан хайрхан юм” хэмээн бишрэн айлджээ. Мөн “Энэ орон нутаг бол миний зөвхөн ирээд буцах газар биш, би амьдралынхаа тодорхой хугацааг өнгөрүүлэх ёстой юм байна” хэмээгээд Ханбогд ууланд зориулж “Гайхамшигтай бүтсэн” гэдэг магтуу зохиосон гэдэг. Эдүгээ болон ирээдүй хойчийн хамаг амьтны тусын тулд “Галбын гурван хийд” хэмээн алдаршсан Дэмчог, Эрээт, Цагаан толгойхэмээх гурван хийдийг газар шинжин сонгож 1830-1836 оны хооронд барьсан бөгөөд хоорондоо 5-6км зайтайгаар, чандмань эрдэнэ байрлалтайгаар байгуулжээ.

Ноён хутагт Дэмчогийн хийд дээр намаржиж, Цагаан толгойн хийдэд зусаж, Эрээтийн хийдэд улааны урсгалын ном судар судалж, сургаал номоо айлддаг байжээ. Цагаан толгойн хийд нь сүсэгтэн олонд зориулсан хийд бөгөөд хүрч очихын тулд Харанхуйн ам, Гэгээтийн ам гэдэг газраар дайрдаг нь тодорхой нэгэн утга учир агуулсан байдаг ажээ. Тийнхүү Ноён хутагт амьдралынхаа 20-иод жилийг энэ газар нутагт өнгөрүүлсэн ажээ.

Дэмчог гэдэг нь “дээд амгалан” хэмээх утгатай ба Дэмчогийн хийд нь зөвхөн эргэл мөргөл, ариусал бясалгалын чиглэлээр байгуулагдаж, дүйцэн өдрүүдэд “дэмчог хурал”, хаврын тэргүүн сарын шинийн 15, 25-нд “ханжид дэмчог” хэмээх хурал хурдаг хийд байв.

Ханбогд уулнаас зүүн хойш 14км зайтай бөгөөд уул ба хийд хоёрын хооронд энергийн урсгал нэвт урсдаг хэмээдэг. 2007 онд доктор Дашнямтэргүүтэй эрдэмтэд Дэмчогийн хийдэд очиж энергийн цэг болон бүсийг тогтоох судалгаа хийж, хутагтын номын ширээгээ залж байсан хадан тавцанг энергийн төв цэг болохыг, эл цэгээс 15км радиуст энергийн бүс байгааг тодорхойлжээ. Монголд Бурхан багшийн чандар оршсон 3 хийд байсны нэг нь энэхүү Дэмчогийн хийд байжээ.

Дэмчогийн хийдийг тууринаас нь харахад гадуураа хэрмэн хашаатай байжээ. Түүний дотор мөн гадуураа хэрэмтэй, төвд маягийн хоёр давхар, тагт бүхий Дэмчог хэмээх гол сүмтэй байсан ба барилга архитектурын хувьд онцгой бөгөөд шалны дулаалгатай, ханан дундуур байх хонгилоор халуун уур урсгаж дулаацуулдаг байхаар байгуулжээ. Гол сүмийн нэгдүгээр давхарт хурал хурдаг, хоёрдугаар давхарт номын сан байсан гэдэг. Сүмийн гол хаалга хоёр талдаа чулуун шаттай, олон янзын хээ хуартай байжээ. Гол сүмийн өмнө хойно 4 жижиг байшин барьсан байна. Дээд хэсэгт нь хоёр цонхтой байшин, хоёр талд нь суваргатай жижиг хэрэм байжээ. Зүүн хойд талын жижиг байшинд Ноён хутагт өөрөө өвөлждөг байжээ.

Сүмийн хойд талд голдоо давхар бүхий их суварга байгаад түүнийг тойрсон найман жижиг суварга мөн адил хэрмэн хашаан дотор байсан нь Авидын суварга байжээ. Авид бурхан нь диваажингийн орны бурхан бөгөөд ирээдүйн будда Майдар бурханы нэгэн дүр хэмээнэ. Хүмүүний ертөнцөөс буцаж буй сүнсэнд сайн төрлийг олоход нь тусалдаг хэмээн шүтдэг. Энэхүү Авид бурханы суварганы доод давхрын сүмд нимава буюу улааны урсгалыг үндэслэгч Ловон Бадамжунайн шүтээн дүр байсан ба мөргөх үедээ “Ума хум базар гүрү бадма сид ди хум” хэмээх Ловон Бадамжунайн зүрхэн тарнийг хэлдэг заншилтай. Ийн мөргөсний дараа тойрсон 8 суваргуудыг нар зөв тойрч гороолдог. Найман суварга: Бурхан багш таалал төгссөнөөс хойно 200 жилийн дараа Энэтхэг орны Ашоко хаан Бурхан багшийн 8 түүхэн үйл явдалд нь зориулан бадамлянхуа цэцгийн найман дэлбээг илэрхийлэх 8 суварга бүтээсэн нь одоо хүртэл хадгалагдан үлдсэн байдаг. Бурхан багшийн намтар дахь хүний амьдралд нь учирсэн 8 чухал үйл явдал гэдэг нь Гандан тэнгэрийн орноос замбуу тивд заларсан түүх, Эхийн хэвлийд оршсон түүх, Лагшин мэндэлсэн түүх, Урлагийн төрөлд мэргэшсэн түүх, Хатан ба нөхдөө баясган цэнгүүлсэн түүх, Гэрээ орхин тойн болсон түүх, Хатуужлыг эдэлсэн түүх, Бодь модонд заларсан түүх болно. Мөн эдгээр найман суваргыг Бурхан багшийн их найман хүслийг бэлгэдэж бүтээсэн ч гэх домогтой.

Баруун хойд талд байх сондгой нэгэн суваргыг  Нархажодын цагаан суварга гэх агаад нар буруу тойрч гороолох зан үйл хийнэ. Хүний үйлдсэн нүглийг биеэр үйлдсэн, сэтгэлээр үйлдсэн, хэлээр үйлдсэн хэмээн гурав хуваадаг бөгөөд эл суваргыг нар буруу гурав тойрохдоо энэхүү гурван янзаар үйлдсэн нүглүүдийг ариусгаж хайрлахыг залбирдаг байна. Нархажод бурханнь нимава буюу улааны урсгалын эмэгтэй догшин бурхан бөгөөд Дэмчог бурханы эм дүр аж.

Хол ойроос ирэх мөргөлчин, сүсэгтнүүдийн унаж ирсэн морь тэмээг маллан амраах тусгай хашаатай, маллах малчид хүртэл байжээ. Энэ хийдийн загвар Ханбогд сумын Орон нутгийн музейд байдаг.

Хийдийн хойд хэсэгт эр хүний “босоо бэлэг эрхтэн” хэлбэртэй Норов хад (Бэлэг хад) байдаг ба түүний урд энгэрт Дэмчог хийд байгуулагдсан. Данзанравжаа 1830 онд энэхүү хадан цохиог олж үзээд хүндэлж дээдлэн судар ном уншиж, арц хүж уугиулж, хадан цохион дээр бүтэн өдөр өнжөөд “эл хадан цохиог би Бадамлянхуа цэцгээр тахина” хэмээн айлдаж Дэмчогийн хийдийн гол сүмийг эмэгтэй хүнийг илэрхийлсэн бадамлянхуа цэцэг бүхий хэлбэрийг агуулсан байдлаар бүтээлгэжээ. Бараа бологсод нь эл цохионы тухай асуухад, Данзанравжаа хутагт “энэ хадан цохио бол эр хүнд хүч чадал, аз жаргал бэлэглэх, эм хүнд сайн үр, сайхан хань нөхөр заяах, хүний амьдралын дутуу хувь тавиланг тэгшилж, түшиж өгөх учиртай юм байна” хэмээн айлдаж, хадны орой өөд савтай ус шидээд буцаад унахад нь архи болсон байсныг цугласан хүмүүст амсуулж байсан гэдэг. Цохио 27 метр өндөр бөгөөд Монгол оронд иймэрхүү тогтоцтой бэлэг хад гурав судлагдсаны нэг нь ажээ. 

Ноён хутагт Дэмчог сүмийн хажууд байрлах адистит ихтэй хэмээх хадан дээр байнга гарч онгод хийморио хөглөж, байгалийн сайхныг харж, Ханбогд хайрханаа тольдож суудаг байсныг нутгийн хүмүүс ам дамжин ярьж ирснээр өнөө цагт Энергийн суудал хэмээн нэрлэгдэх болсон байна. Энергийн суудал дээр сууж бясалгал хийн энерги авч, хутагтын зохиосон Үлэмжийн чанар дууг дуулахад Дара эхийн тарни 1000 удаа, Хийморийн сан 100 удаа уншигдсантай тэнцэхүйц цаглашгүй их буяныг өөртөө хураадаг байна. Эрүүл мэндийн гол илэрхийлэл нь хүний дуу хоолой байдаг учраас эл дууг аялан дуулснаар хоолойн хүрдийг хөгжүүлэх увидастай хэмээдэг ажээ. Ноён хутагт Ханбогд уулыг шинжин бясалгаж байхдаа зүүдэндээ “Цагаан тэмээ унаж, лимбэ үлээсэн гоо үзэсгэлэнт сайхан залуу бүсгүй”-н дүрийг хараад Ханбогд уулын эзэн сахиус хэмээн үзэж “Хүн шидтэй төрөх хэрэггүй, энд ирээд л шидийг олох юм байна” гэж айлджээ. Тэрбээр Ханбогд уулын эзэн болсон сайхан бүсгүйд зориулан “Үлэмжийн чанар” дууг зохиосон гэдэг. Дууны нэг бадаг нь таван махбодийг илэрхийлсэн таван мөртэй. Дууны шүлэг нь:

Үлэмжийн чанар төгөлдөр

Өнгө нь тунамал толь шигээ хө

Үзэсгэлэнтэй хөөрхөн царайг чинь хө

Үзээд үзээд ханашгүй яа хө

Сэтгэлийг булаамаараа зэ

Бадмын дундаас дэлгэрсэн

Балын амтанд дурламаараа хө

Баясгалантай хөөрхөн царайг чинь хө

Бахархаад бахархаад ханашгүй яа хө

Сэтгэлийг булаамаараа зэ

Хөшүүн сэтгэлийг хөдөлгөсөн

Хөхөө шувууны эгшигтэй

Хөгжилтэй хөөрхөн царайг чинь хө

Хүсээд хүсээд ханашгүй яа хө

Сэтгэлийг булаамаараа зэ

Эдүгээ Дэмчогийн хийдийн уран барилгын тэрхүү өвөрмөц байдлыг хадгалан сэргээхийг эрмэлзэж байгаа ажээ. Дэмчогийн хийдийг сэргээхийн тулд Оюу толгой төслийг хэрэгжүүлж буй “Айвенхоу Майнз Монголия Инк” компани, Тавантолгой ХХК, Ажнай трейд ХХК-нууд хөрөнгө мөнгө гаргаж, бурханч лам Г.Пүрэвбат суваргууд босгож, хийдийг сэргээн байгуулах ажлыг хариуцан хийлгэжээ.  Дэмчогийн хийд нь уран барилга талаасаа хамгийн их дурсгалтай газар байсан бөгөөд тэр л зохион байгуулалтыг хадгалан сэргээхийг эрмэлзэж байгаа аж.

Эдүгээ сүсэгтэн мөргөлчид тус хийдэд ирээд дараах дарааллаар мөргөж залбирна.

  • Ловон Бадамжунай бурханы шүтээн бүхий Авидын суварганд эхлээд зочилно.

  • Нархажодын суварга хэмээх Соёмботой суваргыг нар буруу гурав гороолно.

  • Бэлэг хаданд өөрийн хүслээ даатгаж гороолно.

  • Жижиг найман суваргыг гороолох бөгөөд зүүн хойд суварга буюу Бурхан багшийн мэндэлсэн суварганаас эхлэн нар зөв тойрон суваргаа гороолж дуусаад том суварга болох Диваажингийн орныг бэлгэдсэн Авидын суваргаа нар зөвөн тойрч дуусгана.

  • Энергийн хад буюу Данзанравжаа хутагтын суудал руу очиж энерги авна. Тэрхүү суудал дээр нэгэн хадаас байх бөгөөд тэрхүү цэгийг “энергийн төв цэг” хэмээдэг. Энд Равжаа хутагтын зохиосон “Үлэмжийн чанар” дууг бүтэн дуулна.

  • Хадны доохно талд Равжаа хутагтын гэрийн буурийг нар зөв гороолно.

  • Хамгийн сүүлд нь Энергийн хамгаалалт хэмээх үйлдэл хийх бөгөөд цагаан, шар, улаан хадагтай чулуу тавьсан хадан дээр хоёр алгаараа дарж 1 минут нүдээ анин бясалгана. Мөн эргэн тойронд нь байх энергийн идэвхжилтэй хаднууд дээр хэвтэх, суух, налах зэргээр 1 минут байж толгой, хүзүү, нуруу, бөөр, тархины өвчнүүдийг илааршуулахыг хүсэж бясалгадаг байна.

Эх сурвалж: Ч.Буянбадрах, "Монгол орны лавлах" эмхэтгэл ном

Гэрэл зураг: Балганцэрэнгийн Баяр

Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.