Сангийн сайд Ч. Хүрэлбаатарын "хулгайлсан"-ыг тоочвол далай, далай...

Twitter Print
2018 оны 05-р сар 01-нд 11:26 цагт
Мэдээний зураг,

Хулгайч хүн чинь худлаа ярихаас өөрийг хийж чаддаггүй юм байна л даа. “Хотгор шанагын уурхайг Солонгосчуудад зарж, мөнгөө ах дүү, туслахынхаа нэрээр шилжүүлж авсан”. Цензургүй сурвалжлага бүгдийг гаргалаа. “Оюу толгойн мөнгийг Монголын банкуудаар дамжихыг эсэргүүцсэн Рио Тинтогийн гар хөл”, “Оюу толгойн нисэх онгоцны буудал барих тендэрийг хувийн компанидаа өгч дундаас нь их хэмжээний доллар завшсан”...

Ч.Хүрэлбаатартай холбоотой таагүй мэдээллүүд бүгд л баримттай байдаг. Би бас нэг хулгайн баримт дэлгэе! 

...Утаа бууруулах нэрээр үрэн таран хийсэн 200 тэрбум төгрөг ч түүнээс холуур өнгөрсөнгүй. “ДЦС-2”-ийг түшиглэн утаагүй түлш үйлдвэрлэх цогцолбор байгуулах нэрээр улсын төсвөөс 14 тэрбум төгрөг авч “салхинд хийсгэсэн ” ажлын автор нь Ч.Хүрэлбаатар. Тэрээр 2008 онд Түлш, эрчим хүчний сайд байхдаа Засгийн газрын тогтоол гаргуулж, ТЭЗҮ нь хийгдээгүй, зураг төсөл нь ч батлагдаагүй төсөлд төсвийн тухай хууль зөрчин 10 тэрбумыг тусгуулсан байдаг.

Дараа жил нь ЭБЭХ-ний яамнаас зарласан тендэрт ганцхан компани санал ирүүлсэн нь Монголын “Аморе интерншнл”, ОХУ-ын “Сибтермо” түншлэл оролцож “түлхүүр гардуулах нөхцөл”-өөр 16,8 тэрбум төгрөгийн гэрээг 2010 оны наадмын өмнөх өдөр байгуулжээ.

Төсөл эхэлж, ОХУ-ын Красноярск хотын халаалтын зууханд ашиглаж буй технологийг ДЦС-2-ийн зууханд нэвтрүүлэх ажлыг хийсэн ч туршилтын үр дүн гарсангүй. Багануурын нүүрсийг Коксжсон түлш болгох зуух нь ажилласангүй ээ. Шалтгаан нь ердөө л хариуцлага. Тооцоо судалгаагүйгээр, ТЭЗҮ ч батлагдаагүй байхад улсын төсвийн мөнгөөр туршилт хийчихсэн гэсэн үг. 

Төсвийн 17 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш. Тухайн үедээ 21 аймаг бүрт нэг сургууль барих хэмжээний мөнгө л дөө. ТЭЗҮ, зураг төсөл нь батлагдаагүй байхад татвар төлөгчдийн 17 тэрбум төгрөгөөр туршилт хийх эрхийг “АМОРЕ интернэшнл”-д тухайн үеийн Эрчим хүчний сайд Ч. Хүрэлбаатар өгсөн байдаг. “АМОРЕ интернэшнл” компаний захирал Ж.Баатарсүрэн нь Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулгын ангийн хүүхэд байсан талаар хэвлэлүүд бичжээ.

Утаагүй түлшний үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөлд хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлтэд: ”Төслийн санхүүжилтээс 3 тэрбум төгрөгийг хувийн хадгаламжид шилжүүлж, улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” тухай дурджээ. Магадгүй уг төслөөс 3 тэрбум төгрөгийг хувийн хадгаламжиндаа авсан нь Ч.Хүрэлбаатар гэж би хардаж байна.

Утаа бууруулах мөнгөнөөс Ч.Хүрэлбаатарын үрэн таран хийлцсэн нь ганц энэ биш. Мянганы сорилтын сангийн Үндэсний зөвлөлийн даргаар Ч.Хүрэлбаатар ажиллаж, мөн л тус сангаас хэрэгжүүлсэн утаа бууруулахад чиглэсэн “зуух тараах” үргүй ажилд ч түүний оролцоо байсан. .....

Утааг “мөнгө болгох” мэргэн санаа нь одоо ч үргэлжилсээр. У.Хүрэлсүхийн Засгийн газар Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлд Солонгосоос 500 сая доллар авахаар болсон. Тэр мөнгө энэ Засгийн газрын Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гараар орж бас л юунд хүрэхийг таашгүй. Дахиад л 17 тэрбум төгрөг үнс болсон тухай хэдэн жилийн дараа бичиж суух вий дээ!

Чононд хонь хадгалуулахын үлгэрээр ийм хүнд сангийнхаа түлхүүрийг атгуулаад суух уу, Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ ЭЭ!

Сэтгүүлч Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.