Балетчид Дэлхийн бүжгийн өдөрт хоёр гайхамшигт тоглолт толилуулна

Twitter Print
2018 оны 04-р сар 28-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

УДБЭТ дөрөвдүгээр сарын 29-нд тохиох Дэлхийн бүжгийн өдрийг хоёр томоохон тоглолтоор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 

Балетын уран бүтээлчид 28-нд Ф.Шопены “Шопениана”, Л.Минкусын “Пахита” балет тоглох юм. Эдгээр бүтээлийг тэртээ 1993 онд, монголчууд картын бараанаас бүрэн ангижраагүй, ганзгын наймаа ид цэцэглэж эхэлж байсан жил урлагт ээлтэй бизнесмэн, продюсер, “Монреимпэкс” ХХК-ийн захирал У.Уламбаяр ивээн тэтгэж тоглуулж байсан түүхтэй.

Нийгэм задарч, шинэ харилцаанууд байр байраа олж амжаагүй, бужигнаж байсан үед сонгодог урлагийн тайзнаа харин дэлхийн суутнуудын алдартай балетууд төрж байлаа. Наймаа хийж олсон мөнгөө урлагийн бүтээлд зарах нүнжиг кино зураглаач аав (Төрийн шагналт, УГЗ, зураглаач, найруулагч О.Уртнасан), хүний их эмч ээж (С.Ямаахай)-ийн хүүд л байв. Монголын соёл урлагийн амьдралд тохиосон энэ түүхэн үйл явдлын 25 жилийн ойг өдгөө тухайн үед эдгээр балетад тоглож, эсвэл дэмжиж, улмаар гар бие оролцож байсан сэтгэлтэн, зүтгэлтнүүд өнөө цагийн балетчидтай хамтарч тэмдэглэх гэж байна. 

Бизнесмэн, төрд ч өндөр албан тушаал хашиж байсан У.Уламбаяр агсны гэргий балетмейстер, ханийнхаа бүхий л үйл хэргийг үргэлжлүүлэн хөгжүүлж буй хатагтай Р.Туяацэцэг дээрх хоёр уран бүтээлийн 25 насны ойг тэмдэглэхэд хүчин чармайлт гарган ажилласан бөгөөд өдгөө үзэгчдээ хүлээж авахад бэлэн болоод байна. 

Театрын зүгээс Дэлхийн бүжгийн өдөрт зориулан зохион байгуулж буй бас нэгэн тоглолт нь 29-нд болох “Балетын үдэш” тоглолт юм. Балетын гоцлоочид ур чадвар харуулан дэлхийн сонгодог болон Монголынхоо шилдэг балетын хэсгээс уран гоё бүждэг нэгдсэн тоглолт үзэгчдийн хүсэн хүлээдэг мөч байдаг билээ. 

Дэлхийн бүжгийн өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 29-нд тэмдэглэж байх шийдвэрийг 1982 онд ЮНЕСКО гаргасан байна.

Энэ өдөр бол дэлхийн балетын урлагт үйлс бүтээлийн “алтан” зам татуулаад одсон, орчин үеийн, өөрөөр хэлбэл өнөөгийн бидний үзэж таашаадаг балетыг бий болгосон Францын алдарт балетмейстер Жан-Жорж Новерын төрсөн өдөр ажээ.

Р.Оюунжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.