Доналд Трамп, Ким Жөн Ун хоёрын уулзалт яагаад Монголд болох ёстой вэ

Twitter Print
2018 оны 04-р сар 26-нд 14:11 цагт
Мэдээний зураг,

Албан ёсны эх сурвалжид ойр байдаг нэр хүнд бүхий "Дипломат" сэтгүүлд "Трамп, Ким Жөн Ун хоёрын уулзалт яагаад Монголд болох ёстой вэ?" хэмээх гарчигтай том өгүүлэл нийтлэснийг хятадууд орчуулаад сүлжээндээ өргөн тавьж байна. Манайхаас муу болж бүтэхгүй зүйлээр дүүрсэн улс орон байхгүй шахам мэдээллийн сөрөг урсгал дунд амьдардаг миний хувьд манай улсыг тийм сайхнаар бичсэнийг уншаад нулимс гарах шахав.

Хятад хэлтэй нөхдүүд дорхи линкээр уншаад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Англи болон бусад том хэлнүүд дээр ч байж л байгаа.

2016 онд Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ирэхдээ "Монгол улс бол Ази тивийн хувьд баян бүрд нь юм." гэж хэлсэн үгийг уг өгүүлэлд онцложээ. Ер нь бүх талын нөхцөл байдал манай улсын талд нааштай эргэж байгаа шинж байгаа бололтой гэсэн бодол төрж байлаа.

Ер нь манай гаригийн хамгийн халуун цэгүүдийн нэг болох Солонгосын хойгийн асуудлыг шийдсэн "Улаанбаатарын уулзалт" гэдгээрээ дэлхийн түүхэнд үлдээд тэр хэрээр тус орны нэр хүнд нэмэгдэх тухай ч өгүүлсэн байна лээ. Олон улсын нөхцөл байдал бидэнд ийм ашигтай эргэж байгаа цаг үед дээгүүр суугаачуул маань эрхэм зочдодоо элдэв сайн муугаа харуулахгүйг хичээдэг монгол заншлаа бодож хэд хоног сэтгэл зүтгэл нэгтэй хөдлөх хэрэгтэй байх аа.

"Хэд хоног зам түгжрээд хүмүүсээ хөдөө гадаа хөөгөөд явуулчих байлгүй." хэмээн зарим уншигчид бичсэн харагдсан. Хятад Хонконгтой нэгдэх үеэр гадаад дотоодын сурвалжлагчдын хөлд дарагдаад тэндхийн зочид буудлуудын өрөө олдохгүй үнэ нь хэд дахин өсөөд тэнгэрт хадаж байсан түүхтэй юм л даа. За тэгээд онгоц, галт тэрэгний тасалбар, дэлгүүр хоршоо, гуанз, ресторан гээд юу эс байх билээ. Тэр талаас нь бодвол манай иргэдийн амьдралд ч эерэг сайхнаар тусаж таарна. Дээр хэд хоног дэлхийн чихийг дэлдийлгэн өгч таарах мэдээллийн урсгалын нөлөөгөөр ойрын хэдэн жилдээ жуулчдын урсгал эрс нэмэгдэхийг ч тааж ядах зүйлгүй юм.

Одоо тун удахгүй хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтад зориулан 6 зүйлт энхийн хэлэлцээрийг умардынхан дэвшүүлсэн нь маш эерэг нааштай саналууд байгаа харагдана лээ. Ким Чён Унгийн залран ирсэн галт тэрэгний араас Солонгосын Хойг, Японы барааг тээсэн цуваанууд манайхыг дайраад хөвөрдөг болчихож ч мэдэх юм.

Би мэргэжлийн хүн атлаа хятадууд Казакстанаар дайруулаад Европ руу цуваагаа явуулаад байна хэмээн дотроо халаглан боддог байсан чинь тийм биш манай нутгаар дайраад өнгөрсөн онд 1000 цуваа галт тэрэг явсан нь маш өндөр үзүүлэлт байдаг шүү. Ирэх жил 2000-д хүрнэ гэж сая Москвад болсон "Транзит Монгол 2018" форумын үеэр төмөр замын дарга хэлж байна лээ.

Дор бүрнээ хичээцгээе.

Доржсүрэнгийн Болдбаатар

Гадаад эх сурвалж - http://cn.chinausfocus.com/foreign-policy/20180423/27975.html

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.