Сүүлдээ дарга даамал төрийн жолоог хүртэл бөхдөө байлсан...

Twitter Print
2018 оны 04-р сар 18-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

Монгол түмний их баярыг эрийн гурван наадмаар л төсөөлдөг болоод цаг хугацаа бас элжээ. Бөх, морь, сур... Үнэндээ бол энэ гурван спорт нь нүүдэлчин ардын өөрийгөө хамгаалах, эх нутгаа хамгаалах дайн байлдааны бэлтгэл сургуулийн агуулгаар л үүссэн эд л дээ...

Улаан гараараа голдуу тулалддаг байсан тэр цагт дайсныг алсаас бол харваж намнаад, дөхөөд ирвэл барьж авч тонгороод багалзуурдах, зугтвал хурдан хурц хүлгээрээ хөөж намнахын тухайд л чадварлаг байхыг ямагт дээдсээс нь сануулж бэлтгэл сургууль хийдэг байсан болов уу...

Эцсийн эцэст эх нутгаа хамгаалах их үйлсийн бэлтгэл сургуулилт л даа. Яван явсаар эрчүүдийн эр бяртай байх, авхаалж самбаатай байх үйлс ийнхүү олноороо үзэж сонирхдог нэг төрлийн дасгал сургуулилт болж, цаашлаад эрийн гурван наадам хэмээн эх нутгаа хамгаалах эрчүүдийн бахархалын баяр цэнгэл рүү даялжээ. Би ингэж л бодож суугаа юм...

Энэ түүхийг судлаагүй болохоор нарийн сайн мэдэхгүй юм. Түүнээс энэ хаврын өдрүүдэд ид өрнөж байгаа шиг "Би, чи дээ тулж нэг бөмбөгөр байшингаа тойрон гороолж хэл эм хэрүүл тэмцэл болохдоо хүрсэн чинээ даанч бодсонгүй. Ямар зүдэг юм бэ...

Монголчууд бөхчүүдийнхээ бяр хүчийг нүүдэлчний сэтгэлгээгээр хичнээн жил хөл газар хүргэхгүй хүндлэв дээ. Хүү төрвөл бөх болно гэж хөөрнө. Нутгаас нь нэг хүү бөх болж, улсын цол авсан бол хоосон хоноод ч хамаагүй хонь мал, азаргаар адуу сүүлдээ авто хүлэг, байр сууцаар байлж хөөрнө. Шал утгагүй юманд мөнгө хөрөнгөө цацан өрсөлдөнө. Хөндлөнгийн амьдралд тэр нь нэмэргүй. Улс орны хөгжилд падгүй. Нэг хүн л олны дэмээр баяжаад байна. Тэгтэл ард олон шорвог хөлсий нь хүртэл долоож хүндлэнэ...

Ямартаа л монгол хүний нэрийн цуваанд хамгийн олон давтагдсан нэр Бат-Эрдэнэ байх вэ дээ. За тэгээд Мөнхбат, Баянмөнх, Мөнх-Эрдэнэ гэдэг нэрүүд хамгийн олон нэрлэлтийн эхний тавин нэр дотор жагссан байх вэ... Энэ нэрлэлтийг анзаараад харвал дээрх бөхчүүдийн ид барилдаж нэр цууд гарч байх үетэй давхцдаг.

Сүүлдээ дарга даамал төрийн жолоог хүртэл бөхдөө байлсан. Эцэст нь өнөө хэдэн булчингаасаа илүү ухаангүй бөхчүүд нь ийм л байдалд хүрч байна.

Энэ жилийн наадмаар хоёр тал болоод барилдчихвал яасан юм гэж хошигнох хүмүүс захаас аван гарч байна. Хөрөнгөндөө хахаж цацсан тэр бөхчүүд ард түмэн хүндлэхийн сэтгэл шингээж цуглуулан барьсан энэ бөмбөгөр байшиингаа орхиод дахиад нэг шинийг барьчихаач...

Эсвэл уламжлалаа сэргээгээд хөдөө гадаа цэцэгт нотоон дэнжид барилдахгүй юу гэмээр... Яриад байвал олон зүйл байна. Яршиг төвөг, хийх ажилгүй биш...

Лханаагийн Мөнхтөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.