Хөвсгөл аймагт их салхины улмаас түймэр хурдацтай тархаж тогтоож чадахгүй байдалд хүрчээ

Twitter Print
2018 оны 04-р сар 18-нд 13:08 цагт
Мэдээний зураг,

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас 60 км-ийн зайтай Горхины эх Ухнатын даваанд энэ сарын 15-ны 20.00 цагийн үед гарсан ойн түймрийг унтрааж чадаагүй гурав дахь өдрөө асч байна. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газарт /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа юм.

Түймрийг унтраахаар Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 60 алба хаагч, 5 автомашин, орон нутгаас 136 иргэн, 5 автомашин, 8 мотоцикль, 31 морьтойгоор үүрэг гүйцэтгэж байна.

Гурван өдрийн өмнө гарсан ойн түймэр Цагаан-Үүр сумын нутаг руу орж сумдын иргэд, Онцгой байдлын албан хаагчид хоёр талаас нь тогтоохыг оролдож байгаа ч салхи ихтэй байгаа тул түймэр хурдацтай тархаж тогтоож чадахгүй байдалд хүрчээ. Энэ жил Хөвсгөл аймгийн нийт нутгаар цасгүй хуурайшилттай байсан учраас ой хээрийн түймэр гарсаар байгаа гэв.

ТҮЙМЭР УНТРААХААР ҮҮЛЭНД ЗОРИУДААР НӨЛӨӨЛЖ ӨГӨХИЙГ ХҮСЛЭЭ

Өнөөдрийн байдлаар нийт 4000 орчим га талбай шатаад байгаа учраас Эрдэнэбулган сумын Онцгой комисс хуралдаж аймгийн Засаг даргад үүлэнд зориудаар нөлөөлж өгч хур тунадас оруулж өгөх хүсэлтийг хүргүүлжээ.

Эрдэнэбулган сумын нэг, хоёрдугаар ээлжийн иргэд бүрэн дайчлагдан түймрийн голомтонд ажиллаж байгаа боловч түймэр том нуруунд гарч 14-15 км газарт асч байгаа учраас унтрах боломжгүй болсон байна. "Бид бүх боломжоороо иргэдээ дайчлан ажиллаж байна. Мөн нутгийн иргэд ч өөрсдийн хүсэлтээр "Сайн үйлсийн аян" өрнүүлж түймрийн голомтонд ажиллаж байгаа иргэдэд хоол хүнс, бээлий, хүрз гээд байгаа зүйлсээрээ туслаж байна" гэж сумын Засаг дарга П.Ариунбат мэдээллээ.

Хөвсгөл аймгийн хэмжээнд дөрөвдүгээр сар гарснаас хойш ой хээрийн зургаан түймэр гарчээ.

Он гарсаар улсын хэмжээнд Архангай, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 7 аймгийн 15 суманд 18 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 24 га ой, 31984 га хээр, нийт 32008 га талбай  шатжээ.

Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 253 алба хаагч, 21 автомашин, Хилийн цэргийн анги байгууллагаас 21 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 610 иргэн, 69 автомашин, 53 мотоцикль, 39 морь, нийт 884 хүн, 92 автомашин, 53 мотоцикль, 39 морьтой ажилласан байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.