Бөхийн өргөө чинь Берлиний хана юм уу, хаашаа юм?

Twitter Print
2018 оны 04-р сар 17-нд 15:09 цагт
Мэдээний зураг,

Халх, увсаараа талцаад л, хайртай хайргүйгээрээ ялгараад чухам нэг зодолдож байна даа. Бөхийн өргөөг тойрсон энэ зодоон лав 20 шахам жил үргэлжилж байна.

Монгол бөхчүүдийг эв нэгдэлгүй болгож, хагархай шаазан, хатавч туурганы хэрүүлтэй хутгаад байдаг ганц ганган шалтгаан нь Бөхийн өргөөний бөөрөнхий байшин. Газар, байрлал энэ тэрийг нь оруулаад тооцвол одоо бол хэдэн тэрбумын хөрөнгө.

Анх төрөөс 800 сая төгрөг гаргаж, ард түмнээсээ хандив цуглуулан байж шавыг нь тавин, шаврыг нь зууран босгосон энэ өргөө монголчууд бөхчүүдээ ямар их хүндэлж, яасан их хайрладагийн баталгаа болон сүндэрлэсэн. Тэгэхнээ одоо бөхчүүдийн зодооны шалтгаан, хэрүүлийн шалтаг болж хувираад удлаа.

Тухайн үед нийт 287 байгууллага, компани, 526 иргэн ажилчдынхаа цалин, амин зуулгаасаа хасч танан энэхүү хандивыг босгож байв. 20 жилийн өмнөх түүх шүү дээ. Картын барааны дараах хүнд үе, ганзагын наймааны хэцүү өдөр сарууд. Гэвч монголчууд нэгдэж чадсан л юм даа. Төр, түмэн хоёр элбэж байгаад л бөхчүүдээ өргөөтэй болгож, бөхийн спортыг хөгжүүлэхийн тулд сэтгэл итгэлээ өгсөн юм даг. Монгол бөх спорт мөн үү, эсвэл үндэсний наадам төдий юу гэлцээд л хэвлэлээр мэтгэлцээн өрнүүлж, Японы сумо бөхийн төвшинд мэргэжлийн спорт болгон хөгжүүлэх боломж байгаа тухай дээр дооргүй дэндүү ихийг мөрөөдөцгөөсөн.

Гэтэл өнөөдөр монгол бөх талцсан, авлигадсан, ард түмний хайран дээр тоглосон хэвээр үлдэв. Монгол бөхийн өргөө ч маргааны шалтгаан, хагарлын хар чулуу болж хувирав. Бөхчүүдийг үеийн үед талцуулж байдаг, тарамдуулан унагадаг Берлиний хана юм уу хаашаа юм.

Яршиг зүгээр, 800 саяыг гаргаснаараа төр нь өмчөө мэдээд авчихвал өргөөгүй өнчин холбооны төлөө хоорондоо алалцаад байхгүй амар болж, энэ спорт хөгжлийн зам дээр гарах ч юм бил үү? Нүцгэн шалдан холбоонд хэн л шунав гэж. Бусад спортын холбоод түрээсийн байр дамжаад, булан тохойд толгой хоргодоод байгаа хэр нь хөгжөөд, тив дэлхийгээс алдар цол авчраад болоод л байж харагдах юм.

Төр нь өмчөө мэдээд, Бөхийн өргөөгөө хандивласан олонтойгоо хуваагаад менежмэнтийн хувьчлал маягаар авчихвал ядаж бөхөө дээдлэн хүндэлдэг түмний минь нүд, чих, сэтгэл, итгэл үнэмшил нэг амсхийхсэн дээ...

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.