420 орчим хаяг, самбарыг буулгаад байна

Twitter Print
2018 оны 04-р сар 17-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

Иргэдийг эрүүл ая тухтай орчинд амьдрах нөхцөлөөр хангах, тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, дүүргийн өнгө үзэмжийг дээшлүүлэх зорилготой “Манай хороо-Миний гудамж” аян өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Тус аяны хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны “Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулах тухай” А/242 дугаар тушаалаар шаардлага хангаагүй сурталчилгааны хаяг, хаягийн байгууламжуудыг буулгажээ.

Тодруулбал, нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан өнгө үзэмжгүй, замын хөдөлгөөний үзэгдэх орчин хязгаарласан хувь хүн хуулийн этгээдийн зөвшөөрөлгүйгээр байрлуулсан зэрэг хаягуудыг албадан буулгах үйл ажиллагааг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан байна. Үүнд, Жигжидийн уулзвараас дөрвөн буудал хүртэл замын хоёр талаар, Доржийн гудамж дагуу замын хоёр талаар зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, шаардлага хангаагүй, бүртгэлгүй зарлалын самбар, 170 хаяг хаягын байгууламж, 250 орчим цаасан болон хулдаасан зарлалын хуудсыг албадан буулгасан байна. Цаашид дөрвөн буудлаас 32-ийн тойрог, 32 тойргоос Баянбүрдийн аюулгүй тойрог, Дарь-Эхийн гудамж, Ногоон нуурын гудамжуудыг үе шаттайгаар буулгах ажлыг зохион байгуулан ажиллахаар төлөвлөөд байгаа аж.

Түүнчлэн стандартын шаардлага хангаагүй ААНБ-уудын самбар, хаягийн байгууламжийг буулгах мэдэгдэх хуудсыг хүргүүллээ. Мөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоодын ээлжит чуулганыг зохион байгуулж аяны талаарх мэдээллээр ханган ажилласан байна. Байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ойр орчимдоо зөвшөөрөлгүйгээр хаяг хаягын байгууламж, зарлал, сурталчилгааны самбар байрлуулахгүй байхыг уриалжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.