Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл: Нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийхийг хориглосон байна шүү, Г.Батжаргал дарга аа

Twitter Print
2018 оны 04-р сар 19-нд 20:51 цагт
Мэдээний зураг,

Бөөнцагаан нь Нууруудын хөндийн хамгийн том нь бөгөөд Монголын болон Төв Азийн экосистемд тодорхой нөлөөлдөг, чухал ач холбогдолтой нуур юм. 1998 онд Рамсарын конвенцод бүртгэгдсэн тус нуурт 164 зүйлийн шувуу, түүний дотор борцгор хотон, хошуу галуу, гангар болон хуруут хун зэрэг устах аюулд ойрхон, “Улаан ном”-д бүртгэгдсэн жигүүртэн зусаж, нүүдэллэн өнгөрдөг.

Тэртээ алсаас сүүн өнгө цацруулан харагддаг Бөөнцагаан “Монгол орны загасны улаан данс”- нд ховордож буй, эмзэг гэсэн ангилалд бүртгэгдсэн алтайн давжаа сугас, говийн эрээлж, сахалт эрээлж зэрэг уугуул гурван зүйлийн гэр орон юм. Эл нуур үгүй болбол Монголын болон Төв Азийн экосистемд нөхөж баршгүй гарз тохиох билээ. Бөөнцагаан нуурын ганц амин тэжээгч нь Байдраг гол.

Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авдаг тус гол 295 км зам туулан Бөөнцагаанд цутгадаг. Түргэн урсгалтай, ус ихт Өлзийт, Заг гол замд нь нийлж, хүч нэмэн, тамир сэлбэдэггүй сэн бол Байдраг тэр хол замыг туулан говийн ганц нууранд хүрч, савыг нь дүүргэн ундаалж чадахгүй.

Харин Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр дэх алтны нөөцийн багагүй хэсэг нь Байдраг болон түүний үндсэн цутгал Заг, Өлзийт голын сав дагуу байдаг нь эдгээр голын хүзүүнд дүүжлүүрийн олс углаад байгаа юм. Энэ голуудад тулгарсан асуудал бол Бөөнцагаан нуурын айдас, аюул билээ.

Өлзийт, Заг, Байдраг голын сав дагуу яваад үзвэл хоорондоо 2-3-хан км зайтай, голын татамд тулгаж шламны нуураа байгуулан, хуулиар заасан хамгаалалтын бүсэд олборлолт хийж буй уурхайнууд тааралдана. Ямар нэр устай нь тодорхойгүй, хариуцах эзнээ нууцалсан, зөвшөөрөл гээд үзүүлчих бичиг баримтгүй тэдгээр уурхайнхан “Бид аймгийн Засаг даргатай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж, өгөх ёстой мөнгөө тушаачихсан” гэдэг үгээр үйл ажиллагааг нь эсэргүүцсэн нутгийн иргэдийн амыг тагладаг. Тэд нөхөн сэргээлт нэрийн дор хууль зөрчин, хэм хэмжээг давж, хариуцлагагүй, дураараа авирлан, байгаль орчинд хэрцгий хандаж, гол мөрнийг хүчирхийлж буй нь тэр.

Ашигт малтмалын тухай хуулийн 7.3-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” хэмээн заасныг Баянхонгор аймгийн үе үеийн Засаг дарга нар уландаа гишгэж, ямар ч тусгай зөвшөөрөлгүй, техникжсэн нинжа нараар нөхөн сэргээлт нэрийн дор эрүүл газар сэндийчүүлж, алт олборлуулан, өөрсдөө мөнгөө тоолж суудаг. Нөхөн сэргээлтийн зөвшөөрөл гэгчийг аймгийн өмнөх Засаг дарга Д.Жаргалсайхан 2012 оноос өгч эхэлсэн бөгөөд энэ нь хууль зөрчсөн үйлдэл учраас аймгийн Мэргэжлийн хяналтын газар эсэргүүцэж байжээ.

Аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж, нөхөн сэргээлтийн зөвшөөрөл авсан компаниуд түүнийг нь үл хэрэгсэн ажиллаж байтал АТГ-аас “Энэ ажил нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж байна” хэмээгээд зогсоосон байдаг. Дараа онд нь Засаг дарга нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах журмаа өөрчилж, ИТХ-аар батлуулаад, аж ахуйн нэгжүүдтэй дахин гэрээ байгуулсан байна. АТГ ч дахиад л “Журмаа хүчингүй болго” гэж.

Нөхөн сэргээлт нэрийн дор олборлолт хийлгэсэн Д.Жаргалсайханы үйлдлийг АТГ хоёр ч удаа таслан зогсоосон атал 2016 оны сонгуулийн үр дүнгээр аймаг удирдах болсон Г.Батжаргал албаа авангуутаа өмнөх Засаг даргынхаа хийж байсан ажлуудаас сайныг нь бус, саарыг нь үргэлжлүүлж, хууль бус зөвшөөрөл олгож эхэлсэн байх юм. Өнгөрсөн онд тэрбээр 28 компанитай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулжээ. 

Тийм гэрээ байгуулахын тулд орон нутагт доод тал нь 100 сая төгрөг тушаах журамтай. Харин Г.Батжаргал даргатай гэрээ байгуулсан компаниуд 300-600 сая төгрөг тушаасан хэмээн өчдөг. Нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан компаниудаас зөвхөн өнгөрсөн онд 3.4 тэрбум төгрөгийг Орон нутаг хөгжүүлэх санд төвлөрүүлсэн гэсэн мэдээлэл бий.

Нөхөн сэргээлтийн гэрээ хэмээх сайхан үгний ард нөхөн сэргээх бус нэмж сүйтгэх ажил өрнөдөгт асуудлын гол байгаа юм. Нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл өгөхдөө тавьдаг гол шаардлага нь мөнгө. Мөнгөнөөс өөр шалгуургүй тул нөхөн сэргээлт хийх туршлагагүй, дараа нь хариуцлага хүлээх чадваргүй техникжсэн нинжа нар амар хялбар аргаар, илүү зардал гаргахгүйгээр алт олборлохын тулд голын ай савд хачиг шиг шигдэж, Өлзийт, Заг, Байдраг голын дагуу чигжсэн байдаг юм билээ.

Голын захад шламны нуураа байгуулж, усан буугаа зоогоод, голоос шууд ус татан алт олборлох нь хамгийн хямд бөгөөд хялбар учраас тэр шүү дээ. Хууль журам, стандарт нормын дагуу, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайн олборлолт явуулах чадваргүй техникжсэн нинжа нар хамгийн болхи, бүдүүлэг, байгаль орчинд халтай аргаар, холбогдох хуулиудыг зөрчин ашигт малтмал олборлож буй нь энэ.

Нөхөн сэргээлт нэрийн доор олборлолт хийж буй компаниуд Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Усны тухай, Гол мөрний урсац бүрдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай болон Байгаль орчны багц хуулийг зөрчин, бүх нийтийн өмч болох газрын хэвлийн баялгийг ямар ч тусгай зөвшөөрөлгүйгээр тонон дээрэмдэж байгаа хэрэг.

Тэдний зорилго нь нөхөн сэргээлт хийх бус, алт олборлох. Тиймээс тэд хүрзний ир хүрээгүй эрүүл газрыг ухаж, нөхөн сэргээлт хийгээд мод, ургамал тарьчихсан газрыг ч дахин сэндийчдэг. Харин орон нутгийн удирдлага авсан мөнгөөрөө нүдээ таглаж, нөхөн сэргээлт нэрээр нэмэн сүйтгэгчдийг харсан ч хараагүй мэт, мэдсэн ч мэдээгүй мэт сууж, эс үйлдэхүйгээрээ хууль зөрчигчдийг дэмжин, өөгшүүлдэг юм билээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас уул уурхайн салбарт илэрч буй нийтлэг зөрчил, дутагдлын шалтгааны тэргүүнд “Аймаг, сумдын Засаг дарга, ИТХ-аас холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцэхгүй шийдвэр гарган, аж ахуйн нэгж, иргэдтэй нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр гэрээ байгуулан, хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг дэмжсэн нь онгичсон талбайн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагавар гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нөхөн сэргээлтийн эрх авсан аж ахуйн нэгжүүд нь үндсэн чиг үүргээсээ хазайж, дурын талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг нэмэгдүүлдэг” гээд энэ асуудалд анхаарлаа хандуулж, хууль сахиулж ажиллах чиглэлийг орон нутгийн Мэргэжлийн хяналтын газарт өгсөн нь харин гэгээтэй мэдээ юм.

Өөрөөр хэлбэл, аймаг, сумдын Засаг дарга, ИТХ аж ахуйн нэгж, иргэдтэй нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр гэрээ байгуулан, хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг дэмжиж буйг хууль хяналтын байгууллага шалгалтаараа илрүүлсэн бөгөөд түүнийг таслан зогсоохын тулд хяналт тавьж ажиллах аж.

Энэ талаар дурдсан албан бичгийг Баянхонгор аймгийн Засаг дарга, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад хүргүүлсэн гэнэ билээ. Тэгэхээр хууль бус ашигт малтмал олборлолтоор улсдаа дээгүүрт бичигдэх болоод буй Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал 28 компанитай байгуулсан нөхөн сэргээлтийн гэрээгээ эргэн харж, нөхөн сэргээлт нэрээр ашигт малтмал олборлох явдлыг таслан зогсооход анхаарна биз ээ.

Оройд нь хүрэхгүй жаргал, ёроолд нь хүрэхгүй зовлон амсуулдаг алт хэмээх шар металлын хууль бус олборлолтыг хазаарлавал Байдраг, Заг, Өлзийт гол, цаашлаад Бөөнцагаан нуур “хачиг, хувалз”- наасаа салж, нуруу тэнийн, яс амрах сан.

Х.Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (49.0.149.7) 2018-04-17 13:34
      • 0
      • 1

      Оройд нь хүрэхгүй жаргал, ёроолд нь хүрэхгүй зовлон амсуулдаг алт хэмээх шар металлын хууль бус олборлолтыг хазаарлавал Байдраг, Заг, Өлзийт гол, цаашлаад Бөөнцагаан нуур “хачиг, хувалз”- наасаа салж, нуруу тэнийн, яс амрах сан.

      Хариулах