100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хүрээнд эхлээд задгай худалдаа эрхлэгчдийг цэгцэлнэ

Twitter Print
2018 оны 04-р сар 16-нд 15:23 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10,11,12 дугаар хороо, 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүрүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр болж, НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн X, XI, XII хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншсанаар 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан.

Энэхүү ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга өнөөдөр /2018.04.16/ барилгын материалын бизнес эрхлэгч иргэдтэй уулзаж, ярилцлаа.

"Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсгийнхэн 100 айл орчимд тулгамдсан асуудлыг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэдийн эрх ашгийг хохироохгүйгээр шийдвэрлэхийн тулд иргэд болон төр, захиргааны байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай байгаагаа илэрхийлсэн байдаг. Тиймдээ ч энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа аж. Харин тэд 2018-2020 он хүртэлх хугацаанд гурван үе шаттай ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм.

Нэгдүгээр үе шат: УБЕГ-ын зарим чиг үүргийг дүүрэг болон холбогдох цэгүүдэд шилжүүлэх, барилгын материалын шинэ зах нээх, ил задгай хоол хүнс, барилгын материал зарахыг хориглох, стандартын шаардлага хангаагүй хоолны газар, ТҮЦ-ийг буулгахаар төлөвлөөд байгаа юм.

Хоёрдугаар үе шат: Таваас наймдугаар сард явган болон авто замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх. 100 айлын замыг өргөтгөж 4-6 эгнээ болгох, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах, дахин төлөвлөлтийн дагуу дэд бүтцийг сайжруулж, шинэчлэх төлөвлөгөө боловсруулж ажиллах юм.

Гуравдугаар үе шат: 2018-2020 оны хооронд Мэргэжлийн хяналт, Онцгой, Барилга байгууламжийн хяналтын хэлтсээс гарсан дүгнэлтийн дагуу шаардлага хангахгүй хуучин барилгуудыг нурааж, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулна.

Орон сууцжуулах хөтөлбөр энэ дотор хэрэгжээд явах юм. Шинээр орчин үеийн барилгын худалдааны төвүүд бий болгоно. 100 айл орчмыг өнөө маргаашгүй нүүлгэж, лангууг нь хаахгүй гэдгийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ойлгох хэрэгтэй. Бид бага багаар 100 айлд бизнес эрхэлж байгаа иргэдийн нөхцөлийг сайжруулах, бүртгэлжүүлж, таатай орчинд ажиллах боломжоор хангаж өгөх гээд байгаа юм. Тиймээс иргэддээ сэтгэлтэй, идэвхтэй хандаж, бидний хийх ажлыг дэмжээрэй" гэж НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга хэллээ.

“Ихэр сутай”, “Сутайн тэргүүн” ХХК-ийн захирал  Л.Лхамсүрэн “Би өөрийн хүүхдүүдтэй хамтран ажилладаг. Хүүхдүүд маань 7-8 мянган метр кв талбайд барилга байшин бүхий аж ахуйг эрхэлдэг. Би “Барилгачин”, “Сутай”, “Бумбат” гэсэн дөрвөн дэлгүүрийг ажилуулдаг. Нийтдээ 150 орчим хүн ажилладаг. Манай компани 24 жил ажиллаж байна. Би урилга өгч биднийг урьж авчирсанд  их баярлаж байна.

Зах зээлийн эдийн засаг хүнд үед 600-700 хүнийг ажлын байраар хангаад цалин өгөөд явахад 70 гарсан надад хүнд байсан. 100 айлыг нүүлгэнэ гэдэг цуу яриаг 2-3 жилийн өмнөөс сонсогдох болсон. Бид үйл ажиллагаа явуулж байгаа 100 айлын орчныг сайжруулах үүднээс дөрвөн жилийн өмнөөс “Заг” ХХК-тай нийлэн Сэлбэ голын баруун зүүн далангийн асуудлыг дөрвөн машин зөрч багтахуйц болгож өөрсдийн хөрөнгөөр асар их ажил хийсэн. Инженерийн шугам сүлжээг шинэчилж 258 шугам хоолой шинээр тавьсан. Өндөр хүчдэл, цэвэр бохир шугамын хоолойг шинэчилсэн. 33 дэлгүүрийн дулаан, цэвэр бохирын асуудлыг шийдсэн. Бид ажиллаж, амьдрахын төлөө энэ бүгдийг хийсэн. Гэтэл лангуу түрээслэдэг биднээс илүү гадаа зөвшөөрөлгүй гар дээрээс наймаа эрхлэгчид илүү ашиг олдог болчихсон. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй” гэлээ.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа: “Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороонуудад барилгын материал худалддаг бизнес эрхлэгч нарын 90 гаруй хувь нь бусад дүүргүүдээс ирсэн бизнес эрхлэгчид байдаг. Энэ нь бид нарт хамаагүй ээ. Монгол Улсын Үндсэн хуулийнхаа дагуу хаана, аль нутаг дэвсгэрт бизнес эрхлэх нь иргэдийн эрхийн асуудал. Хамгийн гол 100 айл орчим ил задгай худалдаа эрхэлдэг иргэд эмх замбараагүй байдал үүсгээд байна.

Мөн хөрсний бохирдол, хулгай дээрэм тоймгүй болсон. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс есдүгээр хорооноос хойших иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж ажилдаг. Гэмт хэрэг, хэрэг зөрчил 10, 11, 12 гэсэн хороонууд дээр хамгийн их гардаг. Энэ хэсэгт машины сэлбэгийн хулгай маш их байдаг. Эдгээр дүүргүүдэд ард иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах таатай нөхцөл байдал бүрэн алдагдчихаад байна.

Тийм учраас маш олон иргэдийн санал санаачилгаар 100 айлын барилгын материалын худалдааны төвүүдийг нүүлгэх ажил олон жил яригдаж байна. Зөвхөн өнөөдөр яригдаад энэ ажлын хэсэг байгуулагдсан юм биш ээ. Тиймээс бид өнөөдрийн уулзалтаас зөв гарц гаргалгааг л олох хэрэгтэй" гэлээ.

Э.Гүнтөмөр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ок

      (66.181.185.224) 2018-04-17 09:50
      • 0
      • 0

      100айлыг нэг ч юм үлдээхгүй нүүлгээ.Бөөн түгжээ .Нэг л юм үлдээвэл энэ тэндээ зарсан хэвээрээ чанарын өөрчлөлт гарахгүй

      Хариулах