Гэр хорооллын 10 иргэн байрны түлхүүр гардан авлаа

Twitter Print
2018 оны 04-р сар 16-нд 14:01 цагт
Мэдээний зураг,

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан” нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30% төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих зорилготой бөгөөд амжилттай хэрэгжиж байна. 

Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журамтай. Мөн тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ 400 м2-аас доошгүй байна гэж заасан. Эдгээр шаардлагуудаас гадна арилжааны банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байх бөгөөд худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх юм.

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас сүүлийн удаа 15 иргэн шаардлагыг хангаж орон сууцны түлхүүрээ гардан авч байсан бол өнөөдөр 10 иргэн орон сууцныхаа түлхүүрээ хотын даргаас гардан авлаа.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн А.Бямбасүрэн “Нийслэлийн Засаг даргын санаачилсан энэхүү хөтөлбөрт хамрагдаад байртай болсондоо баяртай байна. Цаашид олон иргэн тус хөтөлбөрийн үр шимийг хүртэж, “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас байрны урьдчилгаагаа шийдвэрлүүлэх болтугай” гэв.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн н.Хишигмаа “Манайх Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 11 жил амьдарч байна. Гэр бүлийн маань сүүлийн 5 жилийн мөрөөдөл орон сууцтай болох. Өнөөдөр энэ хүсэл биеллээ олж, түлхүүрээ гардан авч байгаад маш их баяртай байна. Нийслэлийн Засаг дарга болон Тамгын газар, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын хамт олонд баярласнаа илэрхийлэе. Ажлын өндөр амжилтыг хүсье. 621 ам метр газрыг гурван өрөө байрны 30 хувийн урьдчилгаанд өгч байна. Зах зээлийн ханшаар бодоод үзвэл манай газрыг байрны урьдчилгаатай дүйцэхүйц мөнгөөр худалдан авах хүн олдох эсэх нь эргэлзээтэй шүү дээ. Тиймээс иргэдийг энэхүү сантай холбогдож, орон сууцтай болоорой гэж уриалж байна” гэлээ.

Нийслэлийн удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан юм. Үүгээр дамжуулан зах зээл дээр борлуулагдаагүй орон сууцнуудыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байгаагаа хотын дарга хэлээд, энэхүү сангийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа арилжааны банкнуудад мөн талархаж байгаагаа илэрхийлсэн.

Гэр хорооллын хөгжүүлэх сангийн үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байгаа юм.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.